-ХУУЛЬ БУСААР ХУДАЛДСАН ГАЗАРТ ЦЭЦЭРЛЭГ БАРИУЛЪЯ-

 

Соёлын өвийн тухай хуульд тусгай зориулалтын газрыг гаднын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон байдаг. Гэтэл улс орныхоо түух соёлыг арчин баллуурдах хүсэлтэй зарим нөхдийн увайгүй үйлдлээс үүдэлтэйгээр Чингэлтэй дүүргийн V хороон дахь соёлын өв одоогоос долоон жилийн өмнө үгүй болсон. Тодруулбал, анхны долоогийн буюу Зүүн хүрээний нууц бүлгэмийн байрлаж байсан, 104 жилийн түүхтэй хоёр давхар модон байшинг "Бамбар инж" компанийнхан 2011 оны долоодугаар сарын 13-14-нд шилжих шөнө буюу улсын баяр наадмын өдрүүдээр трактороор түрж, газрын хөрснөөс арчсан байдаг. Ингэснээр түүхийн дурсгал байрлаж байсан газар өдгөө БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн мэдэлд шилжчихээд байна. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд танд хандъя. Энэ асуудалд анхаарал хандуулж, иргэдийн талд шийдвэр гаргахад эрх зүйн туслалцаа үзүүлж өгөөч. Иргэд танаас хууль бус зүйл хүсээгүй, гагцхүү улсын тусгай хамгаалалттай газар дахь соёлын өвийг устгасан, улмаар гаднын иргэдийн мэдэлд шилжүүлсэн асуудлыг судалж үзэхийг, хууль бус ажиллагааг таслан зогсоохыг хүсч байгаа юм. Улс эх орны бүтэн зууны түүхийг агуулсан соёлын өвөө устгуулсан ч тусгай хамгаалалтын газрыг нь гаднын иргэдийн мэдэлд шилжүүлж, солгой гараар оруулахгүй байхад хуулийн дагуу дэмжлэг үзүүлээч. Аливаа улс орны соёлын өв бол тухайн ард түмний түүхийн гэрч, соёлын толбо ч гэж ярьдаг. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Боковагийн хэлснээр "Соёлын өвийн хулгай, дээрэм тонуул бол аливаа ард түмний эсрэг гэмт хэрэг" гэснийг санаж ард түмний эсрэг гэмт хэрэг гарахгүй байхад сэтгэл тавихыг танаас хүсье. Энэ бол сэтгүүлч миний төдийгүй соёлын өвийн барилгын газартай хаяа залган амьдардаг Чингэлтэй дүүргийн V хорооны 300 гаруй иргэний хүсэлт юм. Дашрамд дуулгахад Улаанбаатар хотод нийслэлийн хамгаалалтад байдаг түүх соёлын дурсгалт газар арваадхан бий. Тодруулбал, Арслантай гүүр, Байгалийн түүхийн музейн өмнөх болон МУИС-ийн хичээлийн төв байрйы урдах чулуун арслангуудаас авахуулаад Богд хааны ордон музейн зарим барилга, Бэлхийн амны Хүннүгийн үеийн булшнууд, анхны холбооны болон хоёр давхар европ байшин, Консулын дэнжийн нууц бүлгэм байрлаж байсан байшин, Д.Сүхбаатарын хөшөө, Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн амьдарч байсан байшин, Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшин бүгд нийслэлийн хамгаалалтад байдаг. Харамсалтай нь өдгөө "Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшин энд байрлаж байлаа" гэж ярих болсон. Тухайн байшинг Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор түүх соёлын үл хөдлөх дурсгалаар бүртгэж, нийслэлийн хамгаалалтад авсан байдаг.

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ НӨЛӨӨНД АВТААГҮЙГЭЭ БАТАЛЖ ЧАДАХ УУ

 

Асуудал үүссэн цагаас эхлэн Чингэлтэй дүүргийн V хорооны 300 гаруй иргэн эсэргүүцсэн бөгөөд тэднийг төлөөлөн иргэн С.Санжааваанчиг өнөөдөр ч хууль, шүүхийнхэнтэй зууралдаж явна. Тэрбээр "Бамбар инж"-ийнхэн анхны долоогийн байшинг нурааснаас хойш шүүхэд гомдол гаргасан байдаг. Ингэснээр өнгөрсөн хугацаанд шүүхээс таван ч удаа шийдвэр гаргаад байна. Тодруулбал, тэрбээр хамгийн анх 2014 оны тавдугаар сарын 19-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар ялсан. Тухайн үед Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл ажиллаж байсан бөгөөд харамсалтай нь иргэдийнхээ эсрэг тэрсэлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан юм. Гэсэн ч Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Э.Бат-Үүл даргад таалагдаагүй учраас Улсын Дээд шүүхэд асуудал очсон байдаг. Харамсалтай нь тус шүүхээс хоёр шатны /анхан болон давах/ шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрснөөр газрын наймаатай холбоотой хэргийг анхан шатны шүүхэд буцаасан юм. Гэсэн ч асуудал үргэлжилсээр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн зургаадугаар сарын 5-нд дээрх асуудлаар хуралдан, өнгөрсөн хугацаанд олгосон бүх л зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасныг Давж заалдах шатны шүүх баталгаажуулаад байна. Харин одоо Улсын Дээд шүүхийн шийдвэрээс бүх зүйл хамаарна. Улсын тусгай хамгаалалтын газар дээрх соёлын өвийн барилгыг нураасан явдал нь холбогдох бүх хууль журмыг зөрчсөн гэх илэрхий шийдвэр байсаар байтал Улсын Дээд шүүхээс баталгаажуулаагүй нь иргэн С.Санжааваанчиг төдийгүй V хорооны иргэдийг гайхшируулсан. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлсөн гэж тэд үздэг. Учир нь, нийтлэлч Б.Баабарын дүү Б.Энхбаяр гэгчийн "Бамбар инж" компани 2006 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс Зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан байшинг арванжилийн хугацаатайгаар түрээслэх зөвшөөрөл авсан. Гэтэл үүнээс ердөө жилийн дараа буюу 2007 онд Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас давхар барилга барих зөвшөөрөл авч амжсан байдаг. Уг нь Хот байгуулалтын тухай хуульд, хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлах, түүх соёлын дурсгалт барилга байгууламж бүхий газар нутаг болон тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд барилга барихыг хориглоно гэж заасныг зөрчиж эхэлсэн баримт одоо ч бий. Улмаар 2011 оны нэгдүгээр сарын 6-нд иргэн М.Ундраад уг газрыг сая ам.доллараар зарснаар соёлын өв солонгосчуудын мэдэлд шилжих нөхцөлийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, уг газрыг худалдаж авсан иргэн нь М.Ундраа боловч 2013 оны арванхоёрдугаар сарын 6-нд БНСУ-ын иргэн Ви Сонг Хуаны мэдэлд шилжүүлсэн байдаг. Ингэснээр өдгөө "Бамбар инж" компанийн захирлаар Ви Сонг Хуан гэх хүн ажиллаж байна. Энэ явдлаас дөрвөн жилийн дараа оршин суугчдын гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Бамбар инж" компанид газар олгосон шийдвэр нь Газрын тухай хуулийн зургаа, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн таван заалтыг, Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолыг тус тус зөрчиж байгааг тогтоосон юм. Энэ бүхнийг дурдахын учир нь хэргийн үзүүр хаана байгааг хэлэх гэснийх. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр гэгч улсын өмчийг түрээслэх зориулалтаар зөвшөөрөл авсан ч зориулалтын бусаар ашиглаад зогсохгүй газрын наймаа болгож хувиргасан байдаг. Эцсийн дүндээ асуудал хууль шүүхэд очиход эцсийн шат буюу Улсын Дээд шүүхээс эргэлзээтэй, цаг хожих гэсэн шийдвэр гаргасан нь ашиг сонирхлын зөрчил үүссэн байх вий гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Ямартай ч С.Санжааваанчиг нарын иргэд Улсын Дээд шүүхийнхэн асуудлыг хоёр дахиа ямар байдлаар шийдэхийг хүлээж сууна. Тэд энэ удаад ямар шийдвэр гаргахаас Дээд шүүх нөлөөнд автсан эсэх нь тодорхой болно гэдгийг хэлж байна. "Бамбар инж"-ийн зүгээс Улсын Дээд шүүхэд хандаагүй байгаа ч дахин гомдол гаргах нь тодорхой байгаа юм байна. Тиймээс ийнхүү Чингэлтэй дүүргийн V хорооны иргэдийн хүсэлтийн дагуу Хотын дарга С.Батболд танд хандлаа. Хэрвээ улс өмчөө мэдэж, тусгай хамгаалалттай газраа шүүхийн шийдвэрийн дагуу эргүүлж авбал эх орны ирээдүй болсон хүүхдүүдэд зориулан цэцэрлэг, сургууль бариулах хүсэлтэй төдийгүй, энэ тухайгаа холбогдох албаны хүмүүст уламжилсан бөгөөд ажил хэрэг болгоход бэлэн болоод буйг танд дуулгая. Асуудал цаашид хэрхэн хөврөхийг бид уншигч та бүхэн үргэлжлүүлэн хүргэх болно.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин