Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажлаа авсныхаа дараа хууль бусаар олгогдсон нийслэлийн өмчийн болон нийтийн эзэмшлийн газруудыг улсын өмч болгоно хэмээн 80 гаруй газрын эрхийг  захирамжаар  цуцалсан. Гэсэн ч зарим нь хуулиас гадуур хоцорсон.
 
 
Хуулиас гадуур хоцорсон “А” зэрэглэлийн  газрууд мөнгөтэй эрх мэдэлтнүүдийнх гэхэд хилсдэхгүй. Тэдгээр газрын томоохон хэсэг сумогийн их аварга Д.Дагвадоржийн эзэмшилд байдаг байна. Хэдэн жилийн өмнө Д.Дагвадорж нэлээд хэл ам дагуулан улсын Циркийг хувьчлан авч, “АСА” нэртэй болгосон. Уг нь хуулиараа Циркийн ойр орчмын 50 метр газар түүний мэдэлд очих ёстой аж.
 
 
Гэтэл их аварга маань олны танил алдартай хүн гэдэг утгаараа Цирк орчмын 50 метр газраас давж,  Улсын их дэлгүүр рүү өгсөх хэсгийг бүхэлд нь авчээ. Тодруулбал, бидний  нэрлэж заншснаар Балингийн Цэрэндорж болон “Битлз”-ийн хөшөөтэй талбайг өөрийн болгосон гэж баттай эх сурвалж мэдээллээ.
 
 
Тэр ч бүү хэл мөнөөх хоёр хөшөө,  усан оргилуур хүртэл их аваргын мэдэлд бай­даг аж. Учир мэдэх хү­ний ярьж буйгаар, энэ хэсэг талбай хотын мэдэлд байх ёстой гэнэ.
Энэ газар хувь хүнийх болсны  учир нь ТӨХ-ны дарга асан Д.Сугартай холбоотой ажээ.
 
 
Тэрбээр төрийн өмчийг захиран, зарцуулах ажлыг “зохицуулж” байх үедээ тухайн үеийн хотын удирдлага болон газрын алба­ныханд дарамт шахалт үзүүлж  байж Д.Дагвадоржид уг газрыг  өгсөн тухай чих дэлсэх болсон юм.
 
 
Энэ хэрэг ийн дэлгэгдэх болсон нь ч учиртай. Д.Сугарыг “МИАТ”-ийн хэ­рэгт холбогдсоноос хойш түүнтэй  холбоотой олон ба­римтууд ар, араасаа дэлгэг­дэж байгаа. Энэ хэрэг ч тэдгээрийн нэг бололтой.
 
 
Эх сурвалжийн мэ­дээлж буйгаар Д.Сугар, Д.Дагва­дорж нар нэг нутгийн хү­мүүс. Д.Сугар ТӨХ-ны дарга байхдаа эмчилгээ хийл­гэх гэж Япон улсыг зорь­жээ. Түүнийг очиход их аварга үнэтэй буудалд байр­луулж, эмчилгээний зардалд нь зо­риулж 300 мянган ам.дол­лар өгч байжээ.
 
 
Улмаар эмчилгээ хийл­гэж, өвчнөө илаар­шуул­сан Д.Сугар  “хуу­рай” дүү­гийн­хээ ачийг хариу­лахын тулд түүнийг Монголд ирэхэд нь дээрх газраар бэлэг барьсан юм байх. Хэрвээ, энэ бэлэг сэлтний асуудал үнэн бол Д.Сугарын нэр дээрх хэрэг бүр гаарна гэсэн үг.
 
 
 Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн өмчийн барилга байгууламж бо­лон нийтийн эзэмшлийн газрууд дарга, сайд нарын мэдэлд очсон ч авах болно хэмээн мэдэгдэж байсан. Тэгээд ч улсын өмчийг шам­­­­шигдуулсан хэргүүдэд ши­нэ Засгийн  газар  тун ч халгаатай хандаж байгаа. Үүл баатар нэг удаа теле­ви­зээр “Би  40 мянгатын унаган хүүхэд.
 
 
Бидний үеийнхэн “Битлз”-ээр л амьсгалж бай­­­­лаа шүү дээ” гэж ярьж бай­­сан. Харин түүний хайр­тай хамтлагийн хөшөө нь газартайгаа эдүгээ  их авар­гын гарт очсоныг мэдээгүй баймаар юм. Хатуухан хэ­лэхэд, дээрх газар хувийн өмч болсон юм чинь эзэн нь хэ­зээ ч хамаагүй экскаватор авч ирээд, хөшөөнүүдийг ну­рааж, барилга барина гэхийг ч үгүйсгэхгүй.
 
 
40 мянгатынхны “Фон­тантай талбай” гэж нэрлэдэг энэ газрыг их аварга авсан талаар сонссон эсэхийг тэр хавийн оршин суугчдаас асуухад “Энэ хэсэг газар их дурсамж тээдэг. Бидний хүүхэд нас энд л өнгөрсөн. Зөвхөн эндхийн хүмүүс ч гэлтгүй усан оргилуурынх нь дэргэдүүр зугаалж, салхи­лаагүй хүн үгүй байх.
 
 
Харин хөшөөг их аваргын мэдэлд очсон гэдгийг сонссон шүү. Уг нь хэвлэлүүд газрын асуудлыг их л дуулиан болгодог доо. Гэтэл энэ тухай нэг ч дурдахгүй болохоор худлаа юм байна гэж бодож байсан. Харин саяхан энэ хоёр хөшөөг газартай нь Дагваа аварга авсан гэж сонссон.
 
 
Олны үг ортой гэдэг. Одоо нэг хөгшин энд ирэх ёстой. Тэр хүн хуучин хотын захиргаанд газрын албанд ажиллаж байсан гэсэн. Тэр хүн л энэ газар хэний гараар яаж орсон тухай их сайн мэддэг юм билээ. Та нар тэр хүнтэй уулзсан нь дээр байх.
 
 
Их л сонин юм сонсох байх шүү. Мөнгөтэй хүн ав­сан бол арай ч иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газ­рыг нураахгүй байлгүй дээ. Гэхдээ бас нэг айдас байдаг шүү. Их аварга циркийг хувьчилж авснаас хойш  олиг­той зүйл нэг ч хий­гээ­гүй. Барааны лангуу шиг болгосон байна билээ” гэв. Бид дээрх иргэдийн хэлсэн  хүнийг  удтал хү­лээсэн бо­ловч дараа нь цаг товолж уулзахаар тохи­ролцсон юм.
 
 
Энэ яриа үнэхээр оргүй биш бололтой. Хэрвээ үнэн бол ТӨХ-ны дарга асан Д.Сугар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсын гэх бүх юмыг “эзэнтэй” бол­госон гэдэг үнэн байж таарах нь. “Битлз”-тэй талбайн асуудлыг сурвалжлан иргэд­дээ хүргэх болно.