Б.Гантогтох, Э.Батбаяр нар ээлжит ялалтаа байгуулав
2014/02/07
Өчигдөр шөнө өвлийн олимпийн нээлттэй давхцан Тайландын Кох Самуи арлын Чанг Вэнг боксын ордонд мэргэжлийн муай тай боксчдын халз тулааны 54 кгд өрсөлдөсөн Б.Гантогтох, 63,5 кгд өрсөлдөсөн Э.Батбаяр нар өрсөлдөгч Тайландын тамирчдыг хожиж ээлжит ялалтаа авлаа. Б.Гантогтох тулааны 2 дугаар үед өрсөлдөгчийн гэдсэнд оновчтой цохиж хүнд байдалд оруулаад , нэмэж доогуур өшиглөн ялалт байгуулсан бол, Э.Батбаяр нэгдүгээр үе эхлээд удаагүй байхад үсэрч өвдөглөн өрсөлдөгчөө нам унагааж ээлжит ялалтаа байгуулцгаалаа. “Сочи -2014” өвлийн олимпид оролцсон Монголын тамирчид ноолууран хувцсаар олимпийн нээлт дээр гайхуулан орж ирэх үед энэ үйл явдал давхацсан нь бас нэгэн сонин тохиолдол юм. Э.Батбаяр мэргэжлийн рингэнд 2 тулалдаж 2 ялаад байгаа бол, Б.Гантогтох 8 зодолдож 6 ялж 2 хожигдож таван удаа Ко хийгээд байна.