С.Цэрэнчимэд түүхэн амжилтын эзэн боллоо
2018/11/17
“Бухарест-2018” 23 хүртэлх насны ДАШТ-ий 57 кг-ын жинд хүч үзсэн дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, залуучуудын аварга, цэргийн дэлхийн аварга, Азийн наадам болон Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр Румынд 1/8 шигшээд эзэн орны Дениса Юлиана Фодорыг оноогоор цэвэр, шөвгийн наймд Украины Алина Акобианыг цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жилийн Пан-Америкийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн дэд аварга Канадын Алехандра Ребекка Тоунд оноогоор цэвэр (3:15) ялагдсан.
Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий хошой хүрэл медальт Азербайжаны Алона Колесникийг туршлага заан 11:3 харьцаатай ялснаар медалийн тавцанд зогсох эрхийн эзэн болсон.
Ийн С.Цэрэнчимэд Монголын чөлөөт бөхийн төдийгүй спортын түүхэнд дөрвөн насны ангиллаар ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Тэрбээр өмнө нь “Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл, “Софи-2013” залуучуудын ДАШТ-ээс алт, “Ташкент-2014” онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, “Лас-Вегас-2015”-аас мөнгөн медаль хүртсэн юм.