​Авлигатай тэмцэх газ­раас Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нарын 10 гаруй хүнийг 17 тэрбум төгрөг завшсан хэргээр шалгаж эхэлснээс хойш даруй жилийн хугацаа өнгөрчээ.

Энэ хугацаанд хэргийг прокурорын байгуул­лагад хэдэнтээ шилжүүлсэн ч эргэж мөрдөн байцаалтад буцаан шалгасан юм. Удаан хугацаанд шалгасан энэ хэргийг шүүх хурлын тов гарсан ч хойшлогдоод байна. Ч.Гансүх нь хүү, төрсөн дүү, аав, нууц амраг гээд өөрийн ойрын хамаатан болгонтойгоо үгсэн хуйвал­даж, их хэмжээний мөнгийг зувчуулсан нь баримтаар тогтоогдсон гэ­дэг. Түүнч­лэн татвараа нуун дарагдуулах сонирхолтой томоо­хон ком­паниудын хууль бус үйл ажиллагааг хаазайлж, тэднээс авлига авсныг хуулийнхан тог­тоо­сноо зарласан. Тэр­бээр улсын хөрөнгийг хувьдаа завшсанаас гад­на, авлига авсан, албан тушаалаа ашигласан хэрэгт буруутгаг­дсан.

 

Хуулийн байгууллага хэргийг ажлын хэсэг гарган, санхүүгийн шинжээч томилон дорвитойхон шалгасан ч томоохон эсэргүүцэлтэй тулгарсан юм билээ. Хэвлэлийн байгууллагаар дамжуулан Ч.Ган­сүхийг хэлмэгдсэн хэмээн өрөвдүүлэх гэж оролдож үзлээ. “Хуучин пальтоноосоо салдаггүй, явган алхаж ажилдаа ирдэг, өмсөж зүүсэн нь энгийн дарга нь гэнэт ийм олон тэрбумыг зувчуулсан хэргийн сэжигтэн болчихно гэдэг нь татварынхны хувьд “Үүлгүй тэнгэрээс аянга буух шиг л” гайхалтай зүйл болсон” гэх мэтчилэн түүнийг өмөөрөх ажээ.

Прокурорын байгууллагаас ял сонсгож, шүүх хурлын тов гарсан ч хэрэгт холбогдогчдын өмгөөлөгчид нь “Ч.Гансүх ямар ч буруу­гүй” хэмээн зоригтой мэдэгдэж байна. Өмгөөлөгч А.Ундрах, Ц.Гансүх нар хэвлэлийнхэнд мэдээллэхдээ “Ч.Гансүхийг шал­гах явцад 17 тэрбум төгрөг болон нууц амрагийнх нь дансанд байршуулсан гэх таван тэрбум төгрөг тогтоогдоогүй учраас уг мэдээлэл нь огт үндэслэлгүй ташаа болохыг хэлье. Үр хүүх­дийнх нь дансанд мөнгө байршуулсан нь тогтоогдоогүй” хэмээжээ. Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар ч хэрэгт холбогдогчдыг өмөөрсөн. Тэрбээр “Олигархиудаас болж Ч.Гансүх авлигын хэрэгт ороо­цолдсон” хэмээсэн удаатай. Ийнхүү Ч.Гансүхийг өмөөрөх хүн бишгүйдээ олон ажээ. Татварын Ч.Гансүх гэх энэ эр өнөөдөр яагаад ийнхүү олон хүнээр хүрээлүүлэх болов гэдэг нь анхаарал татахгүй байна гэж үү.

Түүнийг компаниудыг тат­вараас бултхад нь тусладаг байсан гэж хуулийнхан буруутгасан байдаг. Ч.Гансүх нь аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт оруулж, торгууль тавих замаар дарамтлан авлига авч гаршсан нэгэн гэх. Олон улсын харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг “ZTE” корпорацийн манай улсад төлөх татварыг нуухад Ч.Гансүх оролцсон хэрэгт буруутгагдаад байна. АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат “Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүхийг БНХАУ-ын “ZTE” компанийг татвараас зайлсхийхэд нь тусалж улмаар авлига авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаад хэргийг нь тусгаарласан. “ZTE” компанийг Монголд томоохон төслүүдэд ажилласан хугацаанд үйл ажиллагаатай нь холбоотой ногдох татварыг ажил үүргийнхээ хуваарийн дагуу Ч.Гансүх шалгасан юм байна” хэмээн албаны эх сурвалж мэдээлэл өгч байлаа. “ZTE” компани нь манай улсад 2004 оны аравдугаар сараас эхлэн цахилгаан холбооны салбарт зах зээлийн судалгаа хийх чиглэлээр ажиллахаар орж ирсэн бөгөөд түүнээс хойш татвараа нуун дарагдуулж ирсэн гэдэг. Иймээс Ч.Гансүх нь тухайн компанийг татвараас далдлах, хариуд нь “ZTE” компани нь түүнд шан харамж өгч харилцан ашигтай ажиллаж ирсэн бололтой. Энэ бол түүний хэргийн нэг л үйлдэл нь.

Түүнчлэн “ZTE” нь энэ мэт луйврын хэрэгтээ гаршсан компани гэдгээрээ эчнээ танил болсон байдаг. БШУЯ-наас хэрэгжүүлсэн “Шинэ зууны боловсрол” гэх 40 сая ам.долларын өртөгтэй төслийг уг компани авахдаа лобби хэрэглэсэн гэж тухайн үедээ шуугиан тарьж байв. Тендерт “ZTE” компани ялалт байгуулахад тухайн үедээ БШУ-ны сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаярыг оролцсон гэж буруутгадаг. Монголд энэ компанийн анх оруулж ирсэн хүн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг. Тэрбээр Мэдээлэл, шуудан, харилцаа, холбооны газрын даргаар ажиллаж байхдаа тагнуулын байгууллагын тоног төхөөрөмжийг нийлүүлэх 300 сая ам.долларын тендерт ялж байв. Иймээс тус компанитай УИХ-ын гишүүн Е.Отгонбаяр, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар эрх ашгийн холбоотой гэгдэж ирсэн. Энэ үүднээсээ Ч.Сайханбилэг, Ё.Отгонбаяр нартай Ч.Гансүх эрхэм ч эрх ашгаараа холбогддог байхыг үгүйсгэхгүй гэнэ. Нөгөөтэйгүүр 17 тэрбум төгрөгийг шамшигдуулсан хэрэгт буруудсан түүний ар талд бизнес улс төрийн томоохон төлөөллүүд байх магадлалтай аж. Учир нь их хэмжээний мөнгийг дангаараа улсаас завших, үрэн таран хийх, эрх мэдэл түүнд байгаагүй гэдэг юм билээ. Иймээс л түүнийг өмгөөлөх улстөрч, бизнесийнхэн олон, нөлөөлөл нь өндөр хэмжээнд байгаа юм болов уу.

Олон саяар улсын хөрөнгийг завшсан, хувьдаа авч үрэгдүүлсэн хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд холбогддог ч шүүхийн эцсийн шатанд замхраад өнгөрдөг нь бий. Улсын хөрөнгөөс 17 тэрбум төгрөгийг дээрэмдсэн Ч.Гансүх нарт холбогдох энэ хэрэг улс төр, төрийн албан тушаалтны нөлөөллөөр бүү дарагдаж өнгөрөөсэй гэж хүсэх байна. Хууль, шүүхийн байгууллага энэ хэрэгт хараат бус шийдвэр гаргана гэдэгт найдлага тавья.

 

©Т.АМАРТҮВШИН