Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийгөө Монголын хамгийн шударга, хамгийн хүнлэг улстөрч хэмээн өр­гөм­жилдөг. Улмаар Монголд либертари үзлийн эх үндсийг тавьж, хөрс суурийг нь бэлтгэсэн ч гэж болно.

Энэ бол түүнийг Монголын улс төрд гол дүр бүтээхэд нь тусласан үндсэн имиж. Гэвч тэрбээр Хууль зүйн яамыг тэргүүлэх болсноор түүний бүтээсэн дүр огцом өөрчлөгдөж, энэ салбар дахь хүний эрхийн эсрэг өдүүлж буй “гэмт хэрэг” өдрөөс өдөрт эрчимжиж байна. Үүний нэг илрэл нь  “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаяр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ амьдаараа шатаж, гэмтсэн эмгэнэлт хэрэг юм.

Тэрбээр дөрвөн хүний хамт хар тамхи хэрэглэсэн, хадгалсан гэх үндэслэлээр цагдан хорих төвд саатуулагдаад байсан. Гэтэл өнгөрөгч гуравдугаар сарын 23-ны өдөр буюу бямба гарагт 35 хувийн түлэгдэлтэйгээр Түлэнхийн төвд хүргэгдсэн байна. Тэрбээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан юм. Гэвч түүнийг тусгаарлах камерт хийснийхээ дараагаар өөрийгөө шатаахыг завдсан гэх мэдээллийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа урьдчилан хорих төвийн албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. Тэгвэл түүний хэвтэн эмчлүүлж байгаа Түлэнхийн төвд очиж түүний биеийн байдлын талаар тодруулахыг хичээсэн юм. Түүний хэвтэн эмчлүүлж байгаа Түлэнхийн төвийн эрчимт эмчилгээний хэсэгт орход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харуул гарсан байлаа.  Ш.Батбаярын хэвтэн эмчлүүлж байгаа өрөөг манаж байгаа нь илт байв. Орох гэтэл “Холд. Зөвшөөрөл авах ёстой. Гадны хувцастай хүмүүс орох ёсгүй” гэлээ. Ар гэрийнхэнтэй нь уулзаж биеийн байдлынх нь талаар тодруулах гэсэн боловч ар гэрийнхэн нь энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Түүний биеийн байдал болон эмчилгээний талаар эмчээс нь зарим зүйлийг тодруулах гэсэн боловч түүнийг эмчилж байгаа эмч нь “Хагалгаанд орсон. Тэгээд ч хэвлэл мэдээлэлд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй” гэх хариултыг жижүүрлэж байгаа эмч өгсөн юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүний эмчилгээг хийж байгаа эмч нараас өөр ямар нэгэн гадны хүн эмч, сувилагч нар орохыг хориглосон ажээ.

Ш.Батбаярыг хар тамхи хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр гуравдугаарын сарын 5-ны өдөр шүүх хурлын тов  гараад байсан гэнэ. Гэвч шүүх хуралд оролцогчдын өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар энэ сарын 25-ныг хүртэл хойшлуулаад байсан аж. Гэвч Ш.Батбаярыг гуравдугаар сарын 5-ны шүүх хурлаас 30 минут хоцорсон гэх шалтгаанаар Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулсан байна.

Уг нь Монгол Улсын хуулиар бол гавлаж дөнгөлнө гэж байдаггүй бөгөөд эрүү шүүлт болох энэ аргыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дотоод журам гэдгээрээ зохицуулдаг. Гэтэл хүний эрхийг дээдлэгч Х.Тэмүүжин сайдын удирдаж буй “албат”-ууд энэ үүргийг биелүүлж, сэжигтэн Бааварын эрх ашгийг хамгаалсангүй. Улмаар түүнийг Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байх даа сахилгын зөрчил гаргасан гэх шалтгаанаар сахилгын өрөөнд хийсэн байна. Энэ хугацаанд түүнийг 30 гаруй минут сахилгын өрөөнд “Амь авраарай” хэмээн орилж байхад ямар нэгэн тусламж үзүүлээгүй гэнэ. Иймэрхүү ноцтой зүйл гарч байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэг ч ажилтан олж мэдээгүй байна. Одоо Ш.Батбаяр 3-4 дүгээр зэргийн хүнд түлэгдэлтэй байгаа аж. Энэ нь түлэгдсэн зэргийн хувьд хамгийн хүнд төвшин нь ажээ. Ш.Батбаяр нь ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн гэх боловч зарим мэдээлэл дээр “Эмчилгээ хийлгэхээс татгалзсан” гэх юм. Ухаангүй хүн эмчилгээнээс татгалзаж байхыг анх удаа сонсож байна. Хэлсэн ярьсан нь зөрж байгаагийн эхний жишээ энэ.

Ш.Батбаярыг ямар учраас түлэгдсэнийг Цагдан хорих 461 дүгээр ангийн албаны  эх сурвалжаас зарим мэдээллийн булангууд тод­руулсан байна. “Ш.Батбаяр хорих ангийн тусгаарласан эмнэлгийн зориулалттай өрөөнд ганцаараа саатуулагдаж байсан. Тэр өрөөний ханыг нийлэг материалаар дулаалсан байсан. Ш.Батбаяр нь тэр дулаалганаас цоолон авч, толгойгоо бүтээн өөрийгөө шатаахыг оролд­сон нь тогтоогдоод байна. Ямар учраас өөрийгөө шатаахыг оролдсоныг хуулийн байгууллага шалгана” гэсэн байна. Мэдээллийн хувьд ч тэр нөхцөл байдлын хувьд ч тэр бүгд зөрж байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын урьдчилан хорих 461 дүгээр анги нь манай улсыг дэлхийн хорих ангиудын стандартад бүрэн нийцсэн хэмээн ам уралдан магтдаг. Гэтэл эмнэлгийн зориулалттай өрөөнд саатуулсан байгаа юм. Мөн тусгаарлах өрөөнд саатуулж байгаа тохиолдолд тухайн ялтны бүхий л тэлээ, үдээс, цамцны бүч, гал гаргах хэрэгслийг хурааж авдаг ёстой. “Гэтэл түүнийг өөрийгөө шатаахыг завдсан” хэмээн олон нийтэд зарласан байна. Эхнээсээ ээдрээтэй энэ хэрэг эцэстээ яргалалт болж байна. Ш.Батбаярын өөрийн дүрс, дуу хоолойтой бичлэг цахим хуудсанд тавигдсанаар энэ бүх мэдээллүүд ор үндэсгүй болж байгаа юм. Тэрбээр хэлэхдээ “Намайг ямар өрөөнд хэнтэй оруулж байгааг би мэдээгүй. Гэнэт л гэрэл улалзаж, гал гарч эхэлсэн” хэмээн ярьж байна.  Хамгийн гол нь хариуцлагаггүй, ажлаа мэддэггүй шүүхийн ажилтнуудаас болж нэг хүний амь дээсэн дөрөөн дээр байна гэж буруутгах уу. Эсвэл энэ Засгийн үед гарч байгаа аймшигтай тамлал гэж ойлгох уу. Гавтай, дөнгөтэй сахилгад хийдэг хуулийн заалт одоогоор байхгүй. Гэтэл хууль зохиож хүн яргалсан нь хэн бэ. Урьдчилан хорих төвийн хууль зохиогчид уу. Дөрвөн мөч нь хөдөлгөөнгүй дөнгө зүүсэн Монгол Улсын иргэнийг түгжээтэй өрөөнд шатаагч төр засгийн тамлагчид уу.

 

Х.Тэмүүжин сайдаа, та яриад байдаг шигээ хүний эрхийг хамгаалж чадахгүй бол албан тушаалаа сайн дураараа өгөх цаг болсон юм биш үү. Таны үед МИАТ-аас мөнгө угаасан хэргээр шалгагдаж байгаа сэжигтнүүд өөр хоорондоо утсаар ярьж, мэдүүлгээ өөрчилсөн нь илэрсэн. Таны үед хориход хүн шатаж, амьдаараа “зулын гол” болох дөхлөө. Өөр бас эрүүлжүүлэхэд амь насаа алдсан хүний тоо ч нэгээр хэмжигдэхгүй болсон тухай мэдээлэл хэвлэлээр гарч байна. Иймд эрхэм сайд танаас хүний эрхийг хохироож дээдэлдэг энэ увайгүй “заншлаа” таслан зогсоохыг хүсье. 

 

Э.Баясгалан