Б.Баярцэцэгийн дуунд зориулж богино хэмжээний кино бүтээжээ
2018/12/11
Дуучин Б.Баярцэцэгийн “Намайг зур" нэртэй цоо шинэ уран бүтээл мэндэлсэн бөгөөд тун удахгүй клип нь олны хүртээл болох нь ээ.
Тэрээр 2009 онд нэгэн алдартай блогчны бичиж, нийтлэж байсан “Намайг зур" нэртэй өвөрмөц шүлгийг үзсэн “Никитон"-ы Б.Батчулуун саяхан уг шүлгэнд зориулан ая зохиожээ. “Бүсгүйчүүд бол бүх насаараа дурлалын натурт суугчид бөгөөд харин эрчүүд тэдний дүр төрхийг урлан бүтээгчид юм” гэх утга бүхий энэхүү өвөрмөц бүтээлийг дуучин Б.Баярцэцэг дуулж амилуулжээ.
Арваад жилийн өмнө бичигдэж байсан энэхүү шүлэг бол зохиолч Х.Болор-Эрдэнийнх бөгөөд тэрээр дуучин Б.Баярцэцэгийн “Дурласан цас", “Намайг хүлээсэн эх орон", “Хязгааргүйн цаана", “Уулзвар дээр" гээд олон дууны шүлгийг бичсэн авьяаслаг нэгэн юм. Тун удахгүй клип нь олны хүртээл болох шинэ уран бүтээлийн талаарх нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхэд тус уран бүтээлийн клипийг бүтээж буй “АСE” студийнхэн “Намайг Зур” дууны клипэнд зориулан богино хэмжээний киног бүтээсэн байна. Ингээд та бүхэндээ тус богино хэмжээний киног хүргэе.