ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛААР ҮНЭЛЭГДСЭН СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙН ТУРШЛАГА
2018/10/16
МУИС-Манлайлал шилжилтийн үеийн чадавхийн хөгжил сэдэвт цуврал олон Улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн ОУХНУС, Монгол Улсын Төрийн Албаны зөвлөл, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ЭТИС/, ХБНГУ-ын Шпайерийн Төрийн удирдлага судлалын институт хамтран 7 дахь удаагаа зохион байгуулав. Энэ удаагийн хурал “Төрийн байгууллагын хүний нөөц-бизнесийн таатай орчинг бүрдүүлэх нь” сэдвийн дор явагдлаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд ХБНГУ-ын Шпайерийн Төрийн удирдлага судлалын институтын захирал ноён Проф.Др.ЯН ЦЫКОВ:-“Үр ашигтай төрийн албаны төлөөх мэргэжлийн боловсрол сургалт-ХБНГУ-ын туршлага ба амжилтын элементүүд”, Гүрж Улсын Төрийн Албаны Зөвлөлийн дарга Проф.Др.КАТАРИНЕ КАРДАВА:-“Гүрж Улсын төрийн албаны шинэчлэлийн явцад хуримтлуулсан сургамж, Улсын болон орон нутгийн эдийн засгийн хөгжил, туршлага, сорилт”, Япон Улсын Чуо их сургуулийн Проф.Др.ХИРОКО КУДО:- “Нийтийн удирдлагын байгууллага дахь шинэ чадамжууд ба хүний нөөцийн удирдлага-цахим засаглалын төлөө чадавхийг бэхжүүлэх нь”, АНУ-ын Аляскийн их сургуулийн Бизнес, нийтийн бодлогын сургуулийн Проф.Др.ЖОН ДАФФИ:-“Нийтийн салбарт төсөл төлөвлөх нь, төлөвлөгөөг хэрэгжүүлж, бодит үйл хэрэг болгох”, МУИС-ийн Олон Улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф.Др.Н.БУРМАА:- “Нийгэм, эдийн засгийн хэлэлцүүлэн дэх оролцогч талуудын үүрэг, хариуцлага-Тогтвортой хөгжлийн түншлэлийн жишээн дээр”, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.СУВДАА:-“Төрийн үйлчилгээний салбарын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ ба анхаарах асуудлууд” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Сэлэнгэ аймгийн илтгэл гадаад дотоод улс орнуудын илтгэгчидээс талархал хүлээж сонирхолыг нь татаж чадсан юм. Ингээд тус илтгэлийн эрдэмтэн судлаачдын зүгээс сайшаагдан сайн туршлага болохуйц, шинэлэг ажил арга хэмжээнээс тодотгон дурдъя.
-Аймгийн төвд Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх “Иргэдэд үйлчлэх танхим”-ыг шинээр байгуулсан.
-ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөртэй хамтран аймгийн ИТХ-ын дэргэд “Тогтвортой хөгжил түншлэл” хамтын ажиллагааны зөвлөлийг байгуулж талуудын оролцоонд тулгуурласан төр-иргэний хамтын ажиллагааг бэхжүүлж байгаа.
-Аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2018 оныг “Хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлаж, төр төсвийн байгууллагуудын албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор жил бүр сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
-Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар төрийн албанд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн анхдагч аймаг болж 2012 оноос хойш төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа.
-“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй хамтран “Ногоон ОФФИС”, “Тогтвортой хөгжлийн бодлого-2030”, “Байгаль дахь сургалтын төв”, “Нарлаг сургууль”, “Дугуйтай Сэлэнгэ” зэрэг төслүүдийг хамтран хэрэгжүүлж байна.
-Засаг захиргааны анхан шатны нэгж болох багаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багийн Засаг даргын үйл ажиллагааг идэвхижүүлэн мэдлэг чадварыг дээшлүүлэх, Засгийн газар, аймаг орон нутгийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-БАГИЙН ЗАСАГ ДАРГА” сэдэвт сургалтыг Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Манлайлал, удирдлага хөгжлийн академитай хамтран зохион байгуулж, нийт сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга, холбогдох байгууллагуудын дарга нарыг хамруулсан.
-Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01, аймгийн Засаг даргын 2016 оны “Ажлын хариуцлага, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 05 тоот албан даалгаваруудын хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмж, төрийн албан хаагчдын үйл ажиллагааны манлайлал, мэргэшил, харилцааны түвшинг сайжруулах зорилгоор “ТӨРИЙН АЛБА-САХИЛГА ХАРИУЦЛАГА” сэдэвт зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулсан.
-Иргэдэд мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаарх бүхий л мэдээлэл, хүнсний ногооны борлуулалт, аялал жуулчлалын маршрут зэргийг багтаасан “НЭЭЛТТЭЙ СЭЛЭНГЭ” аппликэйшнийг гаргаж, хэрэглээнд нэвтрүүлсэн.
-ГОУХАН-тэй хамтран “Монгол Улсын Тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” “Тогтвортой хөгжлийн боловсрол”, “Тогтвортой хөгжил-түншлэл төслүүдийг төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, эко орчинг бий болгох чиглэлээр амжилттай хамтран хэрэгжүүлж байгаа.
- Байгууллагын ажил, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, ёс зүй, харилцааны соёл, үйлчилгээний шуурхай байдлыг дээшлүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт төр, төсвийн байгууллагууд, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн ГАЗРУУДАД “СОЁЛТОЙ ХАРИЛЦАА-ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ 2017-2020” хөдөлгөөнийг өрнүүлж байгаа.
-Иргэдийн эрх зүйн мэдээллийг нэмэгдүүлэх, цахимаар зөвлөгөө авах боломж нөхцлийг бүрдүүлэх үүднээс E-KHUTUCH портал сайтыг ажилуулж эхэлсэн зэрэг ажлуудыг шилдэг санаа болохуйц ажил боллоо гэж дүгнэлээ.
Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд манай аймгаас “Тогтвортой хөгжил түншлэл” хамтын ажиллагааны зөвлөлийн 12 гишүүн оролцлоо. Мөн ХБНГУ-ын ЭТИС хөтөлбөрийн тусламжтайгаар төсөл хэрэгжиж буй Сэлэнгэ, Баянхонгор, Увс аймгаас гадна, Өмнөговь, Төв аймгийн төлөөллүүд хамрагдлаа.