Манай аймгийн 17 сумаас Хушаат, Хүдэр гэсэн 2 сум шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй байсан билээ. Аймгийн удирдлагын баг бүрэлдэхүүн энэ асуудлыг Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэхээр зорьсон нь ийнхүү биелэлээ олж Хүдэр сум шилэн кабелийн сүлжээнд холбогдон, сумын ард иргэд мэдээлэл, харилцаа холбооны салбарын сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд хөдөлгөөнт холбооны 3G, 4G үйлчилгээг авах, төрийн болон орон нутгийн байгууллагууд өндөр хурдны сүлжээг ашиглах боломжоор хангагдлаа.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Мэдээлэл холбооны сүлжээ ХХК”–ийн орлогч захирал Т.Сайнжаргалын санаачлагад тулгуурлан аймгийн Засаг даргын Тамгын газар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Дарханы “Төмөрлөгийн Үйлдвэр” ХК, “Болд-Төмөр Ерөө Гол” ХХК-иудын дэмжлэгтэйгээр энэхүү төслийг ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ-ээр ийнхүү амжилттай хэрэгжүүлж чадлаа.


Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК–ийн Төмөртэй уурхай хүртэлх шилэн кабелийн дэд бүтцийг ашиглан 3 дахин хэмнэлттэй зардлаар байгуулсан энэхүү шилэн кабелийг “Болд-Төмөр Ерөө Гол” ХХК–ийн техник тоног төхөөрөмжийн дэмжлэгтэйгээр “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн мэргэжлийн баг бүрэлдэхүүн хийж гүйцэтгэсэн байна.