Монголд мэс заслын төв байгуулах талаар санал солилцлоо
2018/06/06
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр АНУ-ын Ютагийн их сургуулийн Дэлхийн мэс заслын төвийн дарга Рай Прайс, Ютагийн их сургуулийн Эрүүл мэндийн төвийн дарга Хуан Карлос, Монгол Улс, АШУҮИС-ийн профессор О.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар АШУҮИС, Ютагийн их сургуультай хамтран мэс заслын чадавхийг сайжруулах Азийн төвийн төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Дэлхийн мэс заслын төвийн дарга Рай Прайс Монгол Улсын эрүүл мэндийн өнөөгийн байдлыг өргөжүүлэн, хөгжүүлэхийн тулд олон улсын сургалтын төвийг бий болгох нэн шаардлага тулгарч байгааг дурдаад шинээр байгуулах мэргэжлийн сургалтын төв нь ард иргэдийн дунд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өсгөх, мэс заслын үйлчилгээ, чанар, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг багтаасан болохыг онцлоод Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад төслөө өргөн барьж Засгийн газар, салбар яамны зүгээс уг төслийг дэмжин ажиллахыг хүслээ.
Ютагийн мэс заслын төв нь оюутан, хүн амын эрүүл мэндийн боловсрол, багш нарын ур чадварыг дээшлүүлэх Америкийн мэс заслын коллежоор магадлан итгэмжлэгдсэн төв бөгөөд хоёр улсын Засгийн газар зөвшилцөлд хүрч уг мэс заслын төвийг байгуулсанаар дотоодын мэс заслын үйлчилгээний чанар сайжирч, мэс заслын эмч нарын чадавхи дэлхийн стандартад хүрч, улмаар хилийн чанад руу чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хараат байдлыг бууруулах ач холбогдолтой аж.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Ютагийн их сургуулийн төлөөлөгчдөд 10 гаруй жил монгол иргэдийн эрүүл мэндийн үйлсэд сэтгэл, зүтгэл гаргаж, судалгаа хийж, төв байгуулах төсөл танилцуулж байгаад талархаж буйгаа илэрхийлээд салбар яамнаас дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болгох бодлого баримтлан ажиллаж буйтай уг мэс заслын төв байгуулах төсөл нийцэж буйг онцлоод төслийг салбар яамны зүгээс дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.