Хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нарт мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна
2018/08/07
БНСУ-ын “Green teachers” төрийн бус байгууллага нь Нийслэлийн боловсролын газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2017 онд Улаанбаатар хотод “Тусгай боловсролыг дэмжих төв”-ийг байгуулан ажиллуулж байна. Түүнчлэн тус төрийн бус байгууллага 2018 оноос БСШУСЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд тусгай боловсролын багш нарыг чадваржуулах сургалтыг жил бүр БНСУ-ын тусгай боловсролын их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, тусгай боловсролын зөвлөх багш нараас бүрдсэн мэргэжлийн сургалтын багийнхан зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн сургалтыг наймдугаар сарын 06-наас 14-ний хооронд хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг сургадаг багш нарт зохион байгуулж байна. Тус сургалтын нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гарди, Тэгш хамруулан суралцуулах боловсролын бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, Нийслэлийн боловсролын газрын тусгай боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Амарсанаа, МУБИС-ийн Тусгай боловсролын тэнхимийн эрхлэгч Ц.Батцэнгэл нар оролцлоо.
Сургалтад 116-р сургуулийн 25 багш, 29-р сургуулийн 25 багш, Өмнөговь аймгаас 1 багш, МУБИС-ийн тусгай боловсролоор суралцаж байгаа 5 оюутан нийт 56 хүн хамрагдаж байгаа бөгөөд харааны бэрхшээлтэй хамрагдаж байгаа 3 багшид сургалтын гарын авлагыг брайлаар хэвлэж, сонсголын бэрхшээлтэй 5 багшид дохионы орчуулагчаар дамжуулан сургалтыг дэмжлэг үзүүлж байна. Сургалтанд хамрагдсан 56 багш 2019 оны нэгдүгээр сард хоёр дахь шатны буюу ахисан түвшиний сургалтад хамрагдаж батламжаа гардан авах юм.