“Forbes” сэтгүүлээс дэлхийн хамгийн өглөгч хүмүүсийн жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Дэлхийн толгой баячууд хүмүүнлэгийн үйлсэд асар их мөнгө хандивласан байна. “Financial times” сонинд бичсэнээр чинээлэг хүмүүс өөрсдийн хүрээнийхний дунд хүмүүнлэгийн үйлсэд хэр зэрэг мөнгө хандивласан гэдгээрээ ялгарахыг битүүхэндээ хичээдэг гэнэ. Гэвч энэ нь ухамсарт хүний нэн тэргүүний бодол биш юм.
 
Топ-11

11. Хонконгийн тэрбумтан Ли Ка-Шин 25.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Тэрбээр 1980 оноос хойш боловсролын салбарт 1.65 тэрбум ам.доллар хандивлажээ.
 
10. Тэрбумтан Жэймс Стауэрс Канзас хотод 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй Стауэрс эрүүл мэндийн судалгааны хүрээлэн байгуулсан юм. Тэрбээр энэ салбарт нийт хоёр тэрбум ам.доллар зориулжээ.


09. 15.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Азим Премжи өөрийн нэрээр нэрлэсэн сангаа 2001 онд байгуулсан юм. Тус сан  Энэтхэгийн боловсрол, техник технологийн салбарын хөгжүүлэхэд чиглэгддэг. Азим Премжи хүмүүнлэгийн үйлсэд 2.1 тэрбум ам.доллар зориулжээ.


08. Нью-Йорк хотын дарга, тэрбумтан Майкл Блүүмберг боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт 2.8 тэрбум ам.доллар зориулсан байна. Тэрбээр 25 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
 
07. Жорж Кэйзер хүүхэд, эхчүүдийн эрүүл мэнд болон хар тамхи мансууруулах бодист донтсон хүмүүсийг эмчлэхэд 3.3 тэрбум ам.доллар гаргажээ. Тэрбээр 10 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм.
 
06. Эль Брөүд 6.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм. Барилгын салбарын гигант тэрбээр ихэвчлэн боловсрол, соёлын салбарт 3.5 тэрбум ам.доллар хандивлаж музей, сургууль байгуулжээ. Түүний тусламжаар барьж буй Лос-Анжелесын шинэ музей 2014 онд ашиглалтад орно.


05. Дэлхийн хамгийн баян хүн Карлос Слим 2006 оноос боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөрийн сангаараа дамжуулж дөрвөн тэрбум ам.доллар гаргажээ. 2010 онд л гэхэд тэрбээр болвсрол, эрүүл мэндийн салбарт хоёр тэрбум ам.доллар зориулсан байна. Карлос Слим 69 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.


04. “Intel” компанийн үндэслэгчдийн нэг, экс гүйцэтгэх захирал Гордон Мур өнгөрсөн хугацаанд шинжлэх ухаан, технологи, боловсролын салбарын хөгжилд таван тэрбум ам.доллар хандивласан байна. Тэрбээр одоо 4.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
 
03. 19 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жорж Сорос 1979 оноос хойш эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, хүнсний салбарт 8.5 тэрбум ам.доллар зориулжээ. Түүний ажиллуулдаг “Соросын сан” дэлхийн хамгийн олон улсад салбартай хувийн сан юм.
 
02. Уоррен Буффет бизнесийн гараагаа эхэлснээс хойш хүмүүнлэгийн үйлсэд 17.25 тэрбум ам.долларын хөрөнгө гаргасан байна. Эдгээрийн дийлэнх нь эрүүл мэндийн салбарт чиглэгддэг. Уоррен Буффет өнгөрсөн оны наймдугаар сард төрсөн өдрөөрөө хүүхдийн эрүүл мэндэд зориулж гурван тэрбум ам.доллар хандивласан нь онцгой тохиолдол болсон юм. Тэрбээр өдгөө 46 тэрбум ам.долларын хөрөнгөтэй билээ.


01. 66 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Билл Гейтс 1999 оноос хойш шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол гэх мэт өргөн хүрээний салбарт 28 тэрбум ам.доллар зориулжээ. Түүний сангийнхан Африкийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн салбарт ихээхэн үр дүнтэй ажил хийсээр байна.
 
Д.Түвшинтөр