НИТХ-ын Барилга, хот байгуулалтын хороо, Гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Тус хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Н.Баяраа, С.Ононбаяр, Л.Наранбаатар, Г.Ганбаяр, Ц.Буяндалай, Н.Гантөмөр, Т.Гантөмөр, Б.Отгонбаяр, Ц.Алтанцэцэг, Д.Энхсайхан, Д.Бадарсан, Д.Амарбаясгалан нар оролцсон юм.

Төлөөгчид “Улаанбаатар хотод метро байгуулах төслийн судалгааны ажил”, Тэр хорооллыг дахин төлөвлөх ажлын явцын байдал”, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн ажил байдалтай танилцаж мэдээлэл сонслоо.

Улаанбаатар хотод метро байгуулах төслийн танилцуулгыг ЗДТГ-ын Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар хийлээ.

2011 оны есдүгээр сараас эхлэн жил хагасын хугацаанд Японы Жайка олон улсын байгууллага Улаанбаатар хотод метро байгуулах талаар судалгаа хийж дуусгажээ.

Метрог Толгойт өртөөнөөс Амгалан өртөөний хооронд 17.5 км-ын урттайгаар тавихаар төлөвлөсөн байна. Тус метроны 6.5 нь газар доогуур үлдсэн хэсэг нь газраас өндөрт тавигдахаар зураг төслийг хийж тооцоо судалгаа хийжээ.

Метрог барьж байгуулахад нийтдээ 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд энэ оноос эхлэн ажлаа эхэлбэл 2020 он гэхэд метрог ашиглаад эхлэх юм байна.

Харин метроны замыг барих ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд нийтдээ 1.3 тэрбум ам.доллар зарцуулагдах аж. Үлдсэн 200 сая ам.доллараар бусад ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн болгоод ирэх хаврын УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Энэ үеэр ЗДТГ-ын Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Жайкагийн судалгааны өмнө Солонгосын компани мөн метро байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн гэсэн. Тэр судалгааны ажлыг ямар хөрөнгөөр хэдий хугацаанд хийж гүйцэтгэсэн бэ?
-Өмнө нь тиймэрхүү судалгааны ажил хийгдсэн. Гэхдээ бид Жайкагаар албан ёсоор судалгааны ажлыг хийлгэсэн. Яагаад Жайкаг сонгосон гэхээр нэгд Жайка тус судалгааг өөрийн хөрөнгөөр хийсэн. Хоёрт Жайкагийн шугамаар Япончууд бидэнд гурван бодит ажлыг хийж өгсөн. Тэр нь Нарны зам, Нарны гүүр, мөн гэр хорооллын сургуулиудын өргөтгөлийн ажил. Япончууд төлөвлөгөөгөө хатуу чанд баримталж, асар өндөр түвшний чанарын гүйцэтгэлтэйгээр хийдэг. Мөн төлөвлөсөн хугацаандаа ажлаа сайн чанартай хийж гүйцэтгэдэг учраас сонгосон.

-Метро байгуулах ажлыг зохион байгуулахын тулд төв замыг хэдий хугацаанд хаах вэ. Үүнд ямар зохицуулалт хийх үү?
-Метро барих ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд төв замын ачаалалд ямар ч саад учруулахгүйгээр гүйцэтгэж болох боломжтой гэдгийг судалгааны хэсэг тогтоосон байгаа.

-Улаанбаатар хотын хөрс нэлээн усархаг. Тэгэхээр метро бариад эхлэхээр хөрсний уснаас үүдэлтэй асуудал гарч ажил зогсох зүйл гарахгүй гэсэн баталгаа бий юу?
-Тэр үнэн. Гэхдээ метро барих ажилд ямар нэгэн саад учруулах хэмжээнд бол биш. Бидний боловсруулсан төслийг хийх метроны зам ухдаг машин маань өөрөө хамгийн сүүлийн үеийн технологи. Тэр машинд хүний оролцоо гэж бараг байхгүй. Өөрөө урдуураа нүхээ ухаад давхар бетоноо өөрөө зураад ханаа цутгаад явдаг технологи юм. Энэ технологиор нэг км замыг хоёр cap ухах тооцоо байгаа. Ингэснээр дөрвөн жилийн хугацаанд метроны нүхэн байгууламжийг барьж гүйцэтгэх ажил явагдаж дуусна. Үлдсэн хоёр жилд доторх ажлыг хийж гүйцэтгэнэ.

-Метрог 2020 онд ашиглалтад оруулаад 600 төгрөгийн тасалбартайгаар олон нийтэд үйлчилж эхэлнэ гэсэн байна. Мөн та бүхний хийсэн судалгаанаас харахад Монгол улсын дундаж иргэний цалин 750 мянгаас хоёр сая гэсэн байх юм. Монголд ийм өндөр цалин авдаг дундаж амьдралтай хүн хэд байгаа вэ?
-Бид яг өнөөгийн тооцоогоор хийгээгүй ээ. 2020 он гэхэд улс эх орон маань нэлээд хөгжсөн байна. Тэр үед иргэдийн дундаж цалин ийм байна гэсэн тооцоогоор тэр тоог оруулсан.

-Японы Жайка компанийн энэхүү судалгаа хоёр улсын засгийн газрыг хамтарч ажиллахад хэр сайн нөлөө үзүүлж чадах вэ?
-Жайка байгууллага маань өөрөө Японы засгийн газрын өмнөөс хөгжиж буй орнуудад судалгаа хийж гүйцэтгэл хийдэг хамгийн том байгууллага. Ийм ч учраас Засгийн газар хоорондын ажилд маань ихээхэн ахиц авчирна гэж бодож байна. Тун удахгүй Японы Ерөнхий сайд Монгол улсад айлчилна. Тэр үеэр метро байгуулах ажлыг нэлээн сайн явуулах байх. Япончууд метро байгуулах ажилд туслах зорилгоор 600 сая ам.долларыг 0.2 хувийн хүүтэйгээр зээлэх боломжтойгоо мэдэгдсэн.


Ж.Ганцэцэг

Эх сурвалж: Нийслэл Таймс сонин