Жүжигчин Т.Бархүү үзэгчдийг бишрүүлж байна. Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-4” шоу нэвтрүүлэгт бусдаасаа хол тасархай түрүүлж яваа оролцогч бол Т.Бархүү. Тэрбээр энэ удаагийн шоунд өөрийнхөө авьяас билгийг төрмөл гэдгийг батлан харуулж чадаж байна. 

Өчигдөр хагас финал болж, өндөрлөв. Монголын урлагийн оддыг дуурайн яг л тэдэн шиг хувирч нэг тайзнаа хоёр Б.Амархүү, хоёр Г.Ганхүү, хоёр О.Энхтуулыг харуулан хоёр Жаргалсайхан оролцсон гээд өмнөх улиралд байгаагүй гайхалтай үзүүлбэрийг үзүүлсэнд үзэгчид өндөр сэтгэл ханамжтай байгаа. 

Түүнчлэн ес дэх дугаарын оролцогч бүр тухайн дуурайж байгаа уран бүтээлчийнхээ хамтрагчийн хамт тайзнаа гаран тэдэнд ч анх удаа өөрийнхөө дүрд тоглох боломжийг өгсөн. Ширүүхэн халуухан өрсөлдөөнтэй болсон хагас финалын ялагчаар жүжигчин Т.Бархүү дуучин шоуны хамтран оролцогч Б.Амархүүг дуурайн “Гурван охин” хамтлагтай дуулж ялагч болон 10 сая төгрөгийн эзэн болсон. Жүжигчин залуу шагналын мөнгөө сайн үйлсэд зарцуулна гэдгээ тайзнаа уламжилсан юм. Мөн энэ өдөр түүний өдөр байсан гэхэд буруудахгүй учир нь оролцогчид есөн дугаарын турш цуглуулсан оноогоороо тэргүүн, дэд байрын шагналын эздийг тодруулахад жүжигчин Т.Бархүү онооны илт давуугаар тэргүүн байр эзэлж 8 сая төгрөгийг өөрийн болгосон юм. Үнэхээр Т.Бархүүг барах хүн алга.