УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл саналыг өргөн барьсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг УИХ дээр ид өрнөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа УИХ-д албан ёсоор ирүүллээ. Өнгөрсөн лхагва гаригт ажлын хэсэг хуралдаж Ерөнхийлөгчийн саналын талаар хэлэлцсэн. Энэ үеэр эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонслоо. Ерөнхийлөгчийн ирүүлсэн санал дотор зайлшгүй авах ёстой олон санал байгаа. Мөн хуулийн процедуртай зөрчилдсөн зарим нэг зүйл заалт ч байна. Энэ болгоныг нягтлан үзэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг гэдэг цаг хугацаа авсан амаргүй хэлэлцүүлэг. Өнөөдөр хүлээж аваад маргааш дүгнэлтээ гаргах боломжгүй.

-Ерөнхийлөгчийн ямар саналуудыг үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад ард түмний санал асуулга маш чухал. Маргаантай, зөрчилтэй асуудлуудыг Ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой. Ерөнхийлөгчийн Баялгийн сантай холбоотой асуудал дээр санал нэг байгаа. Улс төрийн намуудын тухай заалт нь намуудыг илүү хариуцлагатай, нээлттэй мөн сонгуулийн байгууллагын хяналт дор дотоод сонгуулийг нь явуулъя гэдэг санал маш зүйтэй. Улс төрийн намуудыг сонгуульд оруулах босгыг өндөр болгоё гэдэг санал ч зөв сонсогдож байгаа. Мөн шүүхийн шинэчлэлттэй холбоотой саналууд нэлээд авууштай.

-Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн төсөл дээр эргэлзээтэй зүйлс ажиглагдсан уу?

-Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөл дээр эргэлзээ төрүүлсэн заалтууд байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох саналыг дэвшүүлсэн байна лээ. Энэ саналыг нийгэм, олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэж байх шиг байна. Зарим нь дэмжиж байгаа ч олонх хэсэг эсэргүүцэж байгаа. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгох санал бий. Засаг захиргааны нэгжтэй холбоотой саналууд орж ирж байгаа. Томоохон дүүргүүдийг хот болгох, сум болон дүүргийн Засаг даргыг ард түмнээс сонгох гэх мэтийн зүйл заалтууд бий. Би Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүн учраас томоохон дүүргүүдийг хотын статустай болгох нь зүйтэй гэж үздэг. Тиймээс энэ саналыг дэмжиж байгаа. Сумын Засаг дарга нарыг бүх нийтээс сонгох санал унасан. Унасан саналыг Ерөнхийлөгч дахин оруулж ирсэн учраас дахин хэлэлцүүлэгт УИХ-ын холбогдох байнгын хороо судалж үзэх байх. Шүүхийн сахилгын зөвлөлийн эрх үүргийг Ерөнхийлөгч оруулж ирсэн байна лээ. Өмнөх төсөл дээр шүүхийн хариуцлагын зөвлөлийн асуудал бий. Тэгэхээр хариуцлагын зөвлөл болон сахилгын зөвлөлийг хэрхэн нэгтгэх, уялдуулах гээд нэлээн тулж ярилцах нарийн асуудлууд байна. Нэгдүгээр хэлэлцүүлгийн явцад дэмжигдсэн болон унасан саналуудыг хэрхэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгэн уялдуулах вэ гэдэг процедурын ярвигтай асуудлууд үүссэн. Хэлэлцүүлгийн үед Засгийн газрын гишүүдийн дөрвөөс доошгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэдэг заалт дэмжигдсэн. Харин Ерөнхийлөгчийн оруулж ирж байгаа саналаар Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлгүй байх ёстой, УИХ-ын гишүүн байж болохгүй гэдэг саналыг оруулж ирсэн. Засгийн газрын гишүүдийг гаднаас сонгох энэ заалт нийгмийг нэлээд талцуулах шинжтэй. Шалдан Ерөнхий сайд Засгийн газрын тогтворгүй байдал гэдэг ямар зүйлд хүргэдгийг бид мэднэ. Тиймээс Засгийн газар илүү хэврэг болох вий гэдэг болгоомжлол байна. Мөн Туршилтын шүүгчийн асуудал ойлгомжгүй байна. Үүнийг тодруулах ёстой.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхний төсөлд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх заалтууд бий шүү дээ?

-Засгийн газрын тогтвортой байдлыг хангасан, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн хэд хэдэн чухал заалт орсон. Ялангуяа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотойгоор. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлах, батламжлах гээд нэлээд зүйл заалтууд орж ирсэн байгаа. Одоо концепци дээр нь эргэж харах зайлшгүй шаардлага үүсч байна гэж харж байна.

-Ерөнхийлөгчийн саналыг хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэх үү?

-Нэгдүгээр хэлэлцүүлгийн үеэр унасан болоод дэмжигдсэн заалтуудыг Ерөнхийлөгчийн төсөлтэй хэрхэн уялдуулах асуудал нэлээд ярвигтай. Хэлэлцүүлгийг бүр шинээр эхлэх үү, хоёрдугаар хэлэлцүүлгээ цааш үргэлжлүүлээд явах уу гэдэг асуудал яригдаж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг бие даасан хуулийн төсөл гэж үзэх юм бол хэлэлцүүлэг өөрөөр явна. Харин хөндлөнгийн санал гэж үзвэл зарчмын зөрүүтэй санал гэж үзээд цаашаа хэлэлцээд явах бололцоо байгаа. Энэ асуудлыг судлах ёстой. Процедурын нэлээд ярвигтай байдал үүсч байна. Эсвэл УИХ-ын олонх Үндсэн хуулийн эхний төслөө үргэлжлүүлэн хэлэлцэх нэг зам үлдэж байна.

-Хэлэлцэгдэж буй хуулийн төсөл дээр дахин хуулийн төсөл оруулж ирэх боломж байдаг юм болов уу?

-Энэ асуудлыг бид нарийвчлан харж байна. УИХ-ын дарга нэг өөрөөр тайлбарлаж байна. Байнгын хорооны дарга бас өөр байр суурь илэрхийлж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн дунд олон ялгаатай байр суурь үүссэн. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг бид нарийн судалж нягтлан үзэж, бүлэг, байнгын хороод, гишүүд нэгдсэн байр сууринд хүрэх зайлшгүй шаардлагатай. Наад зах нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудыг бие даасан хуулийн төсөл гэж үзэх үү, эсвэл хөндлөнгийн санал гэж үзэх үү гэдгээ нэгдүгээрт шийдмээр байна. Эндээс л бүх юм эхэлнэ. Бие даасан хуулийн төсөл гэж үзэж байгаа бол хамтатган хэлэлцэх ямар ч боломж байхгүй. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрийн гурван өндөрлөг маань эхлээд байр сууриа нэгтгэх ёстой байх. Дараа нь ажлын хэсэг болон Үндсэн хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн тамгын газрын хуульчид, эрдэмтэн судлаачид орж ажиллах шаардлагатай. Ингэж шинээр үүссэн нөхцөл байдалд тохируулж, шинэ зохион байгуулалтад орж, шинэ ажлын хэсэг байгуулж байж процедур болон хуулийн зөрчлүүдийг арилгаж, нэгдсэн ойлголцолд хүрч, Үндсэн хуулийн хэлэлцүүлэг цааш өрнөнө. Өөрөөр бол явах боломж харагдахгүй байна.

-Тэгэхээр Үндсэн хууль төлөвлөсөн хугацаандаа хэлэлцэгдэх боломжгүй болж байгаа юм байна, тийм үү?

-Ерөнхийлөгч үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг манлайлж, удирдах ёстой. Өмнөх Үндсэн хууль батлах үйл явцыг харахад ажлын хэсгийг Ерөнхийлөгч ахалж байсан юм билээ. Ерөнхийлөгч хоёрдугаар хэлэлцүүлгийг дуустал нам гүм байсан. Улмаар байр сууриа илэрхийлсэн. Энэ тохиолдолд ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулаад цаашаа явах нь зүйтэй байх. Өөрөөр бол Үндсэн хуулийн хэлэлцүүлэг гацаанд орсон гэж ойлгож болно. Одоо бүх зүйл Ерөнхийлөгчөөс хамаарна.

-Шударга иргэдийн нэгдсэн эвслийн хувьд энэ асуудалд ямар бодлого баримтлах вэ?

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах саналууд байна. Иймээс бид “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” дээрээ ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Засаглалын гурван салаа мөчрийн аль нэгт давуу эрх олгохыг хориглодог. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөхдөө засаглалын салаа мөчрүүдийн харилцан тэнцвэртэй, хяналтын зарчмыг барьж асуудалд хандах ёстой гэдэг байр суурьтай байна.