АН-ынхан нам бус хуульчид болж жүжиглэв
2019/02/28
"Цагдан хорих байранд шүүгч амиа алдсантай холбоотой, мөн бусад асуудлаар хуульчдын төлөөлөл мэдээлэл хийнэ" гэсэн зарлал өчигдөр Зууны мэдээ сонины тэргүүн нүүрэнд нийтлэгджээ. Зарын дагуу Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагт яваад очиход БГД-ийн ИТХ-ын төлөөлөлч, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Оросоо сууж байна. Дэргэд нь АН-ын логотой дэвтэр дэлгэн суусан бүсгүй Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Пүрэвхатан, захад суусан залуу гэхэд АН-ын Зам тээвэр, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн гишүүн Т.Баясгалан байх жишээтэй. Ер нь л Ардчилсан намын элдэв арга хэмжээнд сууж харагддаг Билэгсайхан зэрэг хүмүүс мөн байлаа. Тэднийг дагалдаж ирсэн О.Чулуубилэг нарын АН-ынхан сэтгүүлчдийн голд суугаад лайв хийж байлаа. Олон нийтэд хуульч гэж өөрсдийгөө танилцуулсан тэд улстөрийн өнцгөөс асуудлыг ярьж эхэлсэн юм. Ингээд хэвлэлийн бага хурал эхэллээ.
Д.Оросоо АН-ын гишүүн. Өмнөх парламентын үед БГД-ийн Засагд даргаар ажиллаж байв.
Баянгол дүүргийн Засаг дарга асан Д.Оросоо,"Энэ сарын 23-ны өдөр ХЗДХЯ-ны харьяа ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан хуульч эмэгтэй амиа алдсан. Төрийн тусгай хамгаалалттай газар, төрийн байгууллага дотор Монгол улсын иргэн амь насаа алдаж байгаа анхны тохиолдол энэ биш. Зам тээврийн яаманд ажиллаж байсан хуульч залуу бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан. Баянзүрх дүүргийн Тамгын газарт ажлын байрандаа бусдад хутгалуулж гэмтсэн. Увс аймгийн Баруун туруун сумын дугаар ангийн хилийн цэргийн байлдагч оргож, амиа хорлосон хэрэг гарсан. Дорноговийн Зүүнбаянгийн хилийн цэрэг бас л амиа хорлосон байж болзошгүй асуудал шалгагдаад явж байгаа. Нийгмийг цочроосон хэргүүд цуврал хэрэг мэт гардаг боллоо. Энэ бол Монголын төр өөрөө террорист шиг болж иргэнийхээ үндсэн эрхийг хангаж чадахгүй байгаагийн илрэл. Ийм учраас бид зүгээр сууж чадсангүй. Хуульчид бол нийгмийн инженер учраас бид нэгдлээ. Иргэнийхээ амьд явах эрхийг хангах чиглэлээр ҮАБЗ яаралтай хуралдаж, зөвлөмж гаргах ёстой гэж үзэж байна. Төрийн болон хууль хяналтын асуудал үүсээд байгаа учраас салбарын сайд нь огцрох ёстой" гэв.
Л.Болормаа АН-ын гишүүн. АЭХ-нд ажилладаг.
Араас нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Болормаа, "Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яагаад мэдээлэл хийдэггүй юм. Яагаад ард түмнээс уучлал гуйдаггүй юм. Яагаад огцордоггүй юм. Ийм учраас Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж байна" гэлээ.
Т.Пүрэвхатан АН-ын гишүүн. Одоогоор АЭХ-ны тэргүүн. Өмнөх парламентын үед Аж үйлдвэрийн яамны хэлтсийн дарга, түүнээс өмнө нь Баянзүрх дүүрэгт ажиллаж байв.
Залгаад, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Пүрэвхатан, "Хүний амьд явах, халдашгүй байдлыг бэхжүүлэх үүднээс хуулийг боловсронгуй болгох шаардлагатай. Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудалд анхаарлаа хандуулаач ээ. Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрхийг нь хангаж чадаагүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж огцорч, ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Өдийг хүртэл чимээгүй явлаа, бид.Хэрэг гарсан газрууд бүгд ХЗДХЯ-ны харьяа газар байгаа" гэсэн юм.
Ингээд сэтгүүлчид тэднээс зарим зүйлийг тодрууллаа.
-Амиа алдсан шүүгчийн нэрийг барьж та бүрэн салбар хариуцсан сайдаас нь хариуцлага нэхэж байна. Хариуцлага нэхэх зөв. Гэхдээ энэ хүний нэрийг барьж сэтгүүлчдийг дуудаж, мэдээлэл хийхдээ өмгөөлөгчөөс нь, ар гэрээс нь зөвшөөрөл авсан уу. Өмгөөлөгчтэй нь уулзсан уу?
-Бид өмгөөлөгчтэй нь холбогдоогүй. Яагаад гэвэл өмгөөлөгч нь мэргэжлийн туслалцаа үзүүлээд явж байгаа байх. Бид бол хэргийн дотоод зүйл рүү орохгүй.Түрүүн хэлсэнчлэн хуульчид нийгмийн инженер гэдэг үүднээс нэгдээд мэдээлэл хийж байна.
-Та АН-аас Засаг дарга хийж байсан. Дэргэд чинь суугаа эмэгтэй АН-ын логотой дэвтэр дэлгэчихсэн байна. Хуульчид юм уу, улстөрчид юм уу. Хариуцлага нэхэж байгаа чинь зүйтэй ч шүүгчийн үхлээр далимдуулж улстөр хийгээд байгаа юм биш үү?
-Энд ямар ч улс төрийн зорилго байхгүй. Хуульчид бид өөрсдөө л дуу хоолойгоо илэрхийлж байна. Та бүхэн ч нэг талд үйлчлэх хэрэггүй. Дээд шүүхэд амжиллаж байсан хуульч эмэгтэй амь насаа алдсан хэргийг хууль хяналтынхан шалгаж тогтоох байлгүй дээ.
-Та нар таньдаг болоод хурал хийж байгаа юм уу. Ямар холбоотой болоод хурал зарлаж бөөндөө ирж байгаа юм бэ?
-ШШГЕГ бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяаны агентлаг. Гэмт хэрэгтэй тэмцэх, сэргийлэх үүргийг Засгийн газрын гишүүнийхээ хувьд хариуцдаг. Нийгэм цочроосон хэргийг арилгах ёстой салбарын яам ажлаа хийхгүй байгаа учраас сайд нь улс төрийн хариуцлага үүрэх ёстой.
-АН-ын хуульчид нийлээд МАН-ын сайдыг мэргэжил нэгтнийхээ үхлээр далимдуулж дайръя гэж байгаа юм байна.Гэхдээ хуульчдад ингэх нь ёс зүйтэй асуудал мөн үү?
-Хуульчид бол нийгмийн инженер. Бид ярьж л байх ёстой.
-АН-ын хуульчид өмнөх парламентын үед Ашигт малтмалын газрын дарга нас барахад, хорих ангид хүн амиа алдахад дуугарч байгаагүй л дээ?
-Тэр үед сэтгүүлчид ч дуугүй байсан.
-Үгүй бид сурвалжилж,мэдээлсэн.
Эх сухвалж: www. newspress.mn
Ganaa · 2019/03/01
Zailaa.Gaitai laitai AN zugeer l duugui bai.Uls ornig mini nuraaj,hamgiin ih hulgai hiij,emh zambaraagui,muu muuhai bolgonig AN l bii bolgoson.Chono boroonoor gegcheer ene heden hulgaich nar yu ve?!