Монголын Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяртай ярилцлаа.


-Удаан хугацааны туршид түгжээтэй байсан Бөхийн өргөөний үйл ажиллагаа жигдэрч байна уу. Бөхийн барилдааны тов, урлаг соёлын тоглолтуудын зар түгээд эхэлсэн байна?

-Бөхийн өргөө эргээд хэвийн үйл ажиллагаандаа орсон. Хоёр аварга зөвшилцөж, ойлголцсоноор Бөхийн өргөөгөө нээлээ. Урлаг соёлын тоглолтууд, уламжлалт барилдаанууд хуваарийн дагуу явагдаад эхэлсэн.

-МҮБХ-оо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болоод жил орчмын нүүрийг үзлээ. Өнгөрсөн хугацаанд монгол бөхөд ямар шинэ өнгө төрх авч ирэв. Та бүхэн юу амжуулав?

-Өмнөх удирдлагууд олон жил хэрүүл тэмцэлтэй явж ирсэн л дээ. Энэ нь ч нөлөөлсөн юм уу, монгол бөхөд бодлогын чанартай зүйлс дутуу байсан. Сая шинээр сонгогдсон залуус үүнийг ойлгож хэрэгжүүлэхээр санаачилгатай ажиллаж байна. Бөхийн барилдааны шүүлтэд камерын тусламжийг нэвтрүүллээ. Тасалбарыг онлайнаар худалдаанд гаргаж байна. Бөхчүүдийг цахимаар бүртгэж эхэллээ. Энэ бүхнийг тодорхой хэмжээний дэвшил гэж харж байгаа. Хийх олон зүйлийн эхлэл нь энэ гэж ойлгож болно. Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал зөвлөгөөнөөр бөхчүүдэд хандаж хийх ажил, бөх сонирхогчдод сонин содон зүйлс, шинэчлэлийг батална.

-Цаашдаа ямар ажил хийхээр төлөвөсөн бэ?

-21 аймгийн бөхийн холбооны тэргүүн, БТС-ын хороо, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй нутаг, нутгийн дэвжээдэд албан бичиг хүргүүлнэ. Тэднийг МҮБХ-ны гишүүнчлэлтэй болох санал хүргүүлж байгаа юм. МҮБХ-оо маань 20 мянган гишүүнтэй, 30 мянган гишүүнтэй гээд л ярьдаг. Энэ тоог баталгаажуулахыг зорьж байна. Холбооны гишүүнчлэлтэй хүн хариуцлагатай байх ёстой. Мөн гишүүний давуу эрхийг эдлэх ёстой. Дан ганц бөхчүүд биш, бөхийн хүрээнийхэн, бөх сонирхогчид, засуул цэц, сумандаа байгаа ахмад бөхчүүд зэрэг хүмүүс бөхийн холбооны гишүүн юм гэдгийг баталгаажуулах ажил явагдаж байна гэж ойлгож болно. Монгол өв уламжлалыг тээж ирсэн, авч яваа хүмүүс холбоонд нэгдэж гишүүнчлэлтэй болох юм. Энэ ажил үргэлжлээд явж байна. Гишүүнчлэлтэй болсноор МҮБХ-оо мэдээллийн сантай болно. Мэдээллийн сантай болсноор манайх хэдэн бөхтэй, хэд орчим бөх сонирхогчидтой нь гарч ирнэ. Энэ дүр зурганд тулгуурлаж цаашид явуулах бодлогоо зохицуулна. Үүнд тулгуурлаж бөхийн хөгжлийн сантай болно. Барилдаж буй бөхчүүд зодог тайлахад нь хуримтлал бий болгохоор ажиллаж байна. Одоо хэрүүл маргаан зогссон. Бөхчүүд, бөх сонирхогчдод чиглэсэн ажиллагаа явуулна.

-Монголын Үндэсний бөхийн ээлжит “Их Эе” хэзээ хуралдах вэ. Тов нь гарсан уу?

-Одоогоор тов нь гараагүй байна. Сая зохион байгуулагдсан хуралдаанаар 12 хүний бүрэлдэхүүнтэй гурван ажлын хэсэг байгуулагдсан. Итгэлийн, дүрмийн, хурал зохион байгуулах хэсэг гэсэн гурван ажлын хэсэг ажиллаад явж байна. Хурал зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж хэзээ ямар бүрэлдэхүүнтэй хуралдахыг шийдвэрлэнэ. Ойрын хугацаанд хуралдана гэж ойлгож болно.

-МҮБХ-ны үйл ажиллагааг босоо тогтолцоонд оруулахаар ажиллаж байгаа талаар та яриандаа дурдсан. Бөхийн барилдааны дүрмийг яаж шинэчлэх вэ?

-Бөхийн барилдааныг камераар шүүх, барьц сонгоог халах зэргээр өөрчлөх шаардлагатай дүрмүүд хэд хэд бий. Эхний ээлжинд дэвшилтэт технологийг барилдааны шүүлтэд нэвтрүүлчихлээ. Барилдааныг хүний нүдээр харж баримжаагаар шүүх боломжгүй болсон л доо. Үүнд бөх сонирхогчид ч ам сайтай байна лээ.

-Барьц сонгоогүйгээр монгол үндэсний бөхийн барилдааны цагийг яаж хянах юм бол. Та бүхэнд ямар гаргалгаа байна?

-Барьц сонгоог шууд халаад шинэчлэхэд хэцүү. Гэхдээ халах ёстой. Бөх сонирхогчид уран гоё барилдааныг л бөхчүүдээс хүлээдэг. Энэ дүрэм чинь уран гоё барилдаанд харшлаад байгаа. Барьц сонгоог халах эхний шатны ажлуудыг энэ хаврын барилдаануудаас хэрэгжүүлээд эхэлнэ. Барьц сонгооноос өмнө яаж бөхчүүдийн барилдааныг шийдвэрлэж болох вэ гэдэг талаас нь ажиллана. Барьц сонгоог хүлээлгүй, наана нь шийдвэрлэх арга замыг боловсруулж барилдааны явцад туршиж үзнэ. Ид барилдаж байгаа бөхчүүд уран гоё барилдаан үзүүлэх ёстой. Үзэгчид байж л бөх оршин тогтноно шүү дээ.

-Өмнөх холбооны удирдлагуудын үед амжилттай зохион байгуулагдаж байсан дөрвөн уулын хишиг гэх мэт барилдааныг үргэлжлүүлж зохион байгуулах уу. Эсвэл шинэ менежмэнтээр үйл ажиллагаа явуулах уу?

-Бид амжилттай хэрэгжсэн юмыг уламжилж авч явах ёстой. Шинэчилж байна гээд халаад байж болохгүй. Тухайн үеийн удирдлагууд ухаанаа зарж амжилттай хэрэгжүүлж үзэгчдийн хүлээдэг барилдаан болгож байна шүү дээ, цааш нь авч явна. Бид үүнийг өөр өнцгөөс харж илүү сонирхолтой болгоно. Жишээ нь, нэг барилдааны бүх давааг оноолтоор барилдуулж болно шүү дээ. Яаж үзэгчдээ эргүүлж татах тал дээр ажиллаж байна. Туршаад үзэхэд үзэгчид сайн мууг нь тунгаах биз. Үүн дээр алдаа дутагдлаа дүгнэж цаашаа явна.

-Сумын заан цолтой бөхөөс допинг илэрсэн нь энэ хортой бодисын хэрэглээ үндэсний бөхөд хавтгайрсныг харуулж байна. Допингтой хэрхэн тэмцэх вэ?

-Тулгамдсан асуудал мөн. Зөвхөн баяр наадмын үед бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулдаг байсан бол заалны барилдааны үед шинжилгээнд хамруулаад эхэллээ. Үүнийг үргэлжлүүлнэ. Монгол Улсын эрүүл чийрэг бие бялдрыг авч яваа ген цаашаа яаж оршин тогтнох уу гэдэг хэзээ нэгэн цагт яригдана шүү дээ. Энэ генийг эрүүл үргэлжлүүлэхийн тулд бид допингийг одоо таслан зогсоох ёстой. Энэ чинь улс үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих асуудал шүү дээ. Удмын санд нөлөөлөх хортой бодис.

-Баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд хүний эрх гээд шүүхдээд маргаан үүсдэг. Баяр наадмын бус үед бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулах тухай хуульд заагаагүй шүү дээ?

-Ганц допинг биш. Баяр наадмын тухай хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгараад байгаа. Бөхөд дуртай хүн бүр л үүнийг мэддэг ярьдаг болж. Улсын их хуралд бөхчүүдийн төлөөлөл олон байдаг шүү дээ. Монголчууд бөхөө ямар их дээдэлдгийн илрэл нь энэ. Эд маань хууль санаачилж, нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Бид ч тодорхой хэмжээний саналыг гишүүддээ өгөхөөр төлөвлөсөн.

-Аваргуудын эрэмбэний асуудал одоо хэр нь маргаантай хэвээр байгаа. Үүнийг ном горимд нь оруулахын тулд ямар ажиллагаа явуулах вэ?

-Онцлогтой түүхэн жил гэж 1024 бөх барилдуулсан. Аливаа зүйл сайн, муу хоёр талтай байдаг шүү дээ. Хийгээгүй байхад хэн ч, юу ч ярихгүй. Хэрэгжсэний дараа алдаа оноог нь хэлэлцдэг. 1024 бөх барилдуулахад сайн тал бий. Гэхдээ цолыг нь эрэмбэд ороход зөрчилдөөд эхэлж байгаа юм. Жишээ нь, улсын арслан цолтой бөх наадамд 10 давж түрүүлэхэд ямар цол хүртэх нь тодорхойгүй байна. Бид ийм цол өгнө гэж заасан ч цаасан дээр бичсэн хууль байхгүй. Бид даруй хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал хүргүүлнэ.

-Сумандаа сайхан барилдаж байгаад нас нь ахисан бөхчүүд олон бий. Өв уламжлалаа тээж ирсэн бөхчүүд маань орхигдох гээд байгаа тал ажиглагддаг. МҮБХ-ны гишүүн болсноор гавьяагаа үнэлүүлэх үү?

-Монгол бөхийн цол сумын начинаас улсын аварга хүртэл байдаг. Эднийг улсын аймаг сумын цолтой нийт бөхчүүд гэж ангилдаг. Авч байгаа хүн нь аварга, сумын заан гэж ялгаатай болохоос биш нэг л бөхийн цол. Залуу цагтаа барилдаж явсан бөхчүүдээ алдаршуулах санал сумдаас ирдэг. Энэ их өв соёлыг тээж ирсэн ахмадуудыг сум орон нутаг нь алдаршуулж, МҮБХ-ноос батламж гардуулж өгч болно. Үр хойч нь “Аав, өвөө минь ийм сайхан барилдаж явсан хүн” гээд батламжийг нь хоймортоо зална шүү дээ. Үүний тулд бид аймаг, сумын бөхийн холбоодтой хамтарч ажиллахаар санамж бичиг зурна.

- Аймаг, сумын найраа зах замбараагаа алдаад байгаа шүү дээ. Санамж бичигт энэ талаар тусгасан уу?

-Бөхийн хүрээнийхэн их ярьдаг. Энэ маргааныг таслан зогсоох нэг ажил нь санамж хүргүүлэх юм. Аймгийн бөхийн холбооны тэргүүнд МҮБХ-ноос гаргасан эрэмбийн дагуу бөхчүүдээ барилдуулах, дүрэм журмыг танилцуулна. Аймаг сумын бөхийн холбоодтой босоо, нэг удирдлагад, нэг бодлоготой явна. Найраатай тэмцэх ажлын эхний хэсэг нь гишүүнчлэлтэй болох гэж ойлгож болно. Наадам үймүүлдэг хэсэг бүлэг цөөхөн л хүн байдаг шүү. Үүнийг эмх цэгцэнд нь оруулж болно л доо. Гишүүнчлэлтэй болохоор хариуцлага тооцох механизмтай болно. Санамж бичиг зурснаар аймгийн аймгуудын наадам улсын наадам шиг болох юм. Нэг удирдлагатай, нэг бодлогоор явна. Найрааг ийм цогц бодлогоор шийдэхээс биш өнөө маргаашийг харсан асуудлаар явахгүй.

-Бөхчүүдийн жудгийн үнэлэмж нийгэмд унаад байгаа. Бөхчүүддээ ёс суртахуун суулгах ямар ажлыг хэрэгжүүлэх вэ?

-Сайхан барилдаж цол авч байгаа залуу бөхчүүд байна. Бидэнд өндөр цолтойгоо хүндэлдэг ёс жаяг бий. Гэхдээ цол эрэмбээ хүндлэхээс өмнө бөхчүүд ахмад үеэ хүндэтгэх ёстой. Ахмад бөхчүүд бидэнд энэ их өв соёлыг тээж ирсэн шүү дээ. Сумын цолтой ахмад бөх байлаа ч аварга арслан цолтнууд хүндлэх хэрэгтэй. Тэднийг тээж ирсэн зам мөрөөр энэ өндөрлөгт гарснаа ухамсарлах ёстой. Өнөөдөр сайхан барилдаж байгаа бөхчүүд хэзээ нэгэн цагт хөгширнө шүү дээ. Урьд үеэ хүндлэх нь бөхчүүдийг нийгэмд зөв үлгэр үзүүлнэ. Ард түмэндээ зөв үлгэр үзүүлж байж бид хүндлэл хүлээнэ.