Жилийн өмнө нэг танил маань "Хөдөө аймгийн төвд, төв зам тоссон цайны газарт өдөрт 6000 төгрөгний цалинтэй аяга угаагч хийж байна. Өдөр, оройнхоо хоолыг тэндээ иднэ. Тэгээд өглөө 9 цагаас оройн 9 цаг бол болтол ажиллаж байна. Халуунд газан зуухан дээр өдөржин зогсоо ажиллах хэцүү байгаа" тухайгаа ярьж, гайхшралыг маань барж билээ.

"6-хан мянган төгрөгний төлөө юу?" гэхэд, "Өөр яахав дээ, ажил олдохгүй байхад. Ядахдаа оройнхоо талхны мөнгө залгуулаад байна. Гэхдээ удаан ажиллавал биегүй болох нь" гэсэн. Үнэхээр ч удаагүй ажлаасаа гарлаа гэсэн.
Хоёр жилийн өмнө бас нэг хамаатны охин Хотын захын нэгэн хуушуурын гуанзанд "Өдрийн 12 000 төгрөгний цалинтай тогоочоор ажиллаж байна. Өглөөнөөс орой болтол ажилладаг. Бас л газан зуухан дээр хоол хийдэг, халуун хэцүү, түүнээс хэцүү нь ханиалгаад байх боллоо" гэсэн. Аль аль нь НДШ, ЭМД-ын тухай ойлголт ч байхгүй.
Одоогоос 100 гаруй жилийн өмнө Европт хүүхэд өдрийн 8 цаг, эмэгтэйчүүд өдрийн 13 цаг ажиллаад хумсын чинээхэн хөлс авдаг, нийгмийн халамж, эрүүл ахуйн нөхцлийн талаар түй ч байхгүй нөхцөлд шүү. Тэр үед л энэхүү хөлс хөдөлмөрийн мөлжлөг, ажлын хүнд нөхцлийн эсрэг жирийн ажилчид нэгдэн тэмцэл хийцгээж, тодорхой амжилтад хүрч, өнөөдрийн хөгжингүй орнуудын нийгмийн халамж, хүний төлөөх сайн сайхан олон зохицуулалтуудыг хийжээ. 5 сарын 1-ны Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу Майн баярын учир нь энд. Энэ өдөр хөдөлмөрчид эрх ашгийнхөө төлөө тэмцдэг, хамгаалуулдаг, үгээ хэлдэг өдөр.
Харин бид энэ Майн баярыг бүр ор тас мартсан мэт байгаа. Манайд хөдөлмөрийн нөхцлийн талаар ямар нэгэн асуудал, зөрчил байхгүй мэт байгаа. Энэ баяр бол Соц лагерийн улс төржилт, хөөсрүүлэлт, хийрхэл гэсэн ойлголттой. Тэгэж ч тархи угаасан.
Гэтэл бодит байдал дээр манайд хөдөлмөрийн нөхцөлд ямарваа нэгэн зөрчилгүй сайн сайхан юм байхгүй. Цалинг нь цагт нь өгдөггүй, хөдөлмөрлөсөнтэй нь харьцуулахад багыг өгдөг, НДШ, ЭМД төлдөггүй, бас сэтгэлзүйн болон бэлгийн дарамт түгээмэл, ажлын байрны нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангадаггүй гэх мэт олон зөрчил байгаа.
Манай зарим ажил олгогчид "Монгол залуус залхуу, ажлын чадамжгүй, цаг барьдаггүй, хульхи" гэдэг. Үнэхээр ч тийм тал бий. Гэтэл бүгдээрээ бас биш. Биш гэдгийг батлахад амархан.
Хэрвээ Солонгос руу, эсвэл Япон, Европ руу ажлын визийг чөлөөтэй олгодог болгочихвол хичнээн залуус "дүрвэх" бол. Солонгосын визатай болчих гэж өнөөдөр хичнээн залуус өдрийн бодол, шөнийн зүүд болж явна вэ? Ингэхэд Солонгост очоод тийм амархан ажил таарахгүй. Маш хатуу, чанга шаардлага дор хүнд хүчир голдуу ажил хийдэг. Тэнд очсон манай залуус ажилд гологддоггүй. Бүр маш хурдан сурдаг, сураад зогсохгүй давуулж хийдэг. Мэдээж бас алдаа оноо бий, архи уудаг, хулгай, танхай, хульхи гэх мэт. Гэхдээ л манай залуус гадаадад очихоороо залхуу, чадваргүй гэж огт хэлүүлдэггүй. Энэ нь манайхан угаасаа залхуу, чадваргүйдээ биш, ажлын нөхцөл, цалин хангамж хүссэнд нь байж чаддаггүй учраас л Солонгост очиж ажиллах хүсэл өндөр буй хэрэг.
Манайд ажлын байр тэр бүр олддоггүй, олдсон ч өнөө маргаашаа аргацаах төдий, түүгээрээ хуримтлал үүсгэх боломжгүй, зарим нь бүр амь зогоох төдий байгаа учраас л ажил хийх хүсэл сонирхол төрөхгүй байгаа байдал түгээмэл байгаа хэрэг. (Залхуучуудын багагүй хэсэг нь ийм шалтгаантай байж мэднэ.)
Тэгэхээр манайд энэхүү Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдрөөр таг дуугүй байх биш, харин тэр өдрийн 6000 төгрөгний төлөө өдөржин халуун пийшин дээр зогсож ажиллаж буй хүмүүс эрх ашгийнхаа төлөө, Үйлдвэрчний эвлэлүүд нь тэднийхээ төлөө тэмцдэг, дуу хоолойгоо эрх баригчдад хүргэдэг л баймаар юм аа.

Б.Наминчимэд