-ХУВИЙН КОМПАНИД ЗЭЭЛ ОЛГОН БАЙЖ ШАТАХУУН ЦАРАЙЧЛАХ ХЭРЭГ ЮУН-

Монгол Улсад шатахууны хомсдол нүүрлэжээ. Хомсд­лоос болж монголчууд явгарах дээрээ тулав. “Маг­най трейд” тэргүүтэй нэр бүхий шатахуун импортлог­чид өнгөрсөн даваа гара­гаас эхлэн АИ-92 төрлийн шатахууны худалдаанд хяз­гаарлалт хийлээ. Үүнийгээ “нөөц дууссан” гэдгээр тайлбарлаж байна. Харин Уул уурхайн яам, Газрын тосны газраас “Шатахууны хомсдол нүүрлэхгүй, тэр ч бүү хэл 30 гаруй хоногийн нөөц бий. Үүнээс А-80 авто бензин 42, АИ-92 30, дизель түлш 42, ТС-1 26 хоногийн буюу хангалттай хэмжээний нөөцтэй” хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа. Хэн нь үнэнийг хэлээд байгаа хэрэг вэ. Засаг төлөөлсөн нөхөд худлаа ярив уу, эсвэл импортлогчид хэн нэгнийг шантаажлаад байна уу.

 

Аль нь ч байлаа гэсэн төр төмөр нүүрээ гаргах цаг болжээ. Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлээр нефтийн бүтээгдэхүүн импортлуулах гэж царай алдахаас илүү­тэй ОХУ-ын “Роснефть”-тэй тулж харьцах хэрэгтэй байна. Ингэснээр төр захиалагч биш харин нийлүүлэгч болно. Тэгээд авчирсан хойноо өөрсдөө зарах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар нефтийн бүтээгдэхүүн импортлогчдод хангалттай гар сунгасан. Хамгийн сүүлд л гэхэд Монголбанктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж нэр бүхий 13 импортлогчид 120 сая ам.долларыг дөрвөн хувийн хүүтэйгээр атгуулсан. Гэвч өнөөдөр зээл авахдаа тонгойсон импортлогчид нүүр буруулан гэдийж, “нөөц дууссан” хэмээн жүжиглэхийн учир юу вэ.

Улсын эдийн засаг тогтвортой байх эсэх нь шатахууны хангамж, үнийн хэлбэлзлээс шууд хамаарч байна. Тиймээс нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарах асуудал чухлаар хөндөгдөх болов. Өнгөрсөн хугацаанд Газрын тосны хэрэг эрхлэх газар шатахууны хангамжийг зохицуулах хоёр боломжийг олж харсан байна. Эхнийх нь өөрийн газрын тосны нөөцөд тулгуурлан бүс нутгийн шатахууны хэрэглээг хангах үйлдвэр байгуулах. Өнгөрсөн жил Шинэчлэлийн Засгийн газраас төрийн өмчийн оролцоотой, бага хүчин чадлаар ажиллах “Дорнод Монгол газрын тос” компанийг нэн даруй байгуулах шаардлагатай гэж үзсэн. Мөн хилийн чанадаас түүхий нефть тээвэрлэн дотооддоо боловсруулах хувилбарыг дэвшүүлж байсан. Үүнийг Газрын тосны газар нь шатахууны хангамжийг зохицуулах хоёр дахь боломж хэмээн харж байна. Нөгөөтэйгүүр, хөрш зэргэлдээ орон, Араб зэрэг улсаас түүхий нефть авчирч боловсруулснаар дотооддоо шатахуун үйлдвэрлэх бололцоотой хэмээн үзэж байгаа аж. Гэвч ихэнх судлаачид төрөөс шатахууны хангамжийг зохицуулах дээрх хувилбаруудад сэтгэл дундуур байдаг. Тэд түүхий эдийн нөөц хангалтгүй хэмээн өнөөг хүртэл нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг уяж ирснийг буруутгадаг. Энэ бол “Хоёр хар хэрээ бие биенээ гайхах” үлгэр буюу энэ төрийн сэрүүн зүүд. Угтаа “Магнай трейд”, “Петровис” тэргүүтэнд итгэл үзүүлэхээс илүүтэй төрийн мэдлийн үйлдвэр байгуулж, ОХУ-ын “Роснефть”-тэй шууд харьцахад яагаад болохгүй гэж. Ингэснээр өөрийн мэдлийн шатахуун импортлогч компанитай болж, шатахуунаас үүдсэн асуудалд цэг тавих болно. Нөгөөтэйгүүр, шатахууны хараат байдалтай холбоотой асуудал дээр алсыг харсан бодлого ярихаас гадна маргааш яах вэ гэсэн асуултыг олон хүн тавьдаг гэдгийг санах хэрэгтэй. Уул уурхай, зам, барилга, газар тариалангийн ажил хэзээ мөдгүй эхэлнэ. Ийм ээдрээтэй цаг үед нефтийн асуудал хариуцсан салбар, сайд дарга нар хэдий хүртэл иргэдээ элдвээр аргацаан хуурах хэрэг вэ.

М.АРИУНТУУЛ