Эдийн засгийн алуурчдыг эрээд байхын хэрэг алга. Энэ төрд суугаа хэд чинь тэнэгүүд байна, иргэд ээ. Бид сонголт хийхдээ сохорсон байж. Алдаа гаргаж. Тэднийг нэг дор цуглуулж байхдаа арай дөнгүүр нь юм болов уу гэж сонгосон, хууртчихаж.

Төрийн сэнтий сандайлж иргэдийг зоосны нүхээр харсан тэд биднийг, үеийнхнийг минь, эх орон газар нутгийг минь үнсэнд хаясан шалз шиг ирээдүй рүү хөтөлж байна. Яг л ломбардны жишгээр улс орныг минь жолоодох боллоо. Тэд биднийг барьцаалж мөнгө босгож бондынхоо зарцуулалтыг нэг л бишээр хуваарилаад байна.

Яахаараа өрх улсаа тэргүүлж байгаа аав нь эх орон, газар шороо, газрын хэвлий дэх баялгаа барьцаанд үлдээж авсан мөнгөнийхөө хувь заяаг газарт булаад байна вэ. Үнэхээр бид бондоор боссон их мөнгөтэй боллоо хэмээн баярлаж суух зуурт хүүнийх нь өрөнд залгиулах цаг руу улам бүр ойртсоор байна. Н.Алтанхуяг сайд аа, хэзээ нэгэн цагт ирээдүй хойч чинь таниас Бондын мөнгөнд болгоомжтой хандахгүй яав даа хэмээн ам асууж суух вий дээ. Ингэж тэнэгтэж газрын хөрс рүү шингээж байхынхаа оронд иргэддээ зээлүүлчихээч. Тэд үйлдвэрийн эзэд болог л дээ. Салхинд хийсгэх биш сайхан хэдэн үйлдвэр барчихна даа, ард түмэндээ итгээд үз.

БОНДЫН МӨНГИЙГ ИНГЭЖ ЗАРЦУУЛНА ГЭНЭ

Хамгийн оновчтой оны шилдэг ажлаар шинэчлэлийн Засгийн газрын Бондоос босгосон мөнгийг нэрлээд байв. Гэтэл өнөөх мөнгө нь төрийн хар авдарт хав дарагдчихаад аль салбарт дэмжлэг болох нь мэдэгдэхгүй байсаар өдийг хүрэв. Юутай ч бид тэнэг баячууд юм байна. Олон улсын зах зээлээс 1.5 сая ам.долларыг босгож чадсан ч бондын хүүг тав ба 10 жилээр тооцож төлнө. Анхнаасаа зүгээр л хүүг нь ч зарцуулалтыг нь ч, хэрхэн яаж мөнгөө өсгөхөө ч тооцоогүй байж. Худлаа гэвэл өнөөдрийг хүртэл хүүг нь төлсөөр байгаа бондын таван жилийн хүү нь 4.1 хувь, харин 10 жилийнх нь 5.1 хувь. Тэгвэл бид таван жилд 200 гаруй сая ам.доллар, 10 жилийн хүүнд 500 сая ам.доллар төлөх учиртай гэнэ. Тодруулбал энэ нь, нэг өдөрт 250-280 сая төгрөгийн хүү төлнө гэсэн үг аж. Уг тооцоог төрийн бодлого толгойлогчид бус наад захын эдийн засгийн сургуулийн тооны ухаанд сийрэгхэн багш хэлээд өгнө. Н.Алтанхуяг сайд аа, таны тэргүүлж гарынхаа салаагаар энэ бүхнийг урсгаж суугаа Засгийн нөхдүүд дотор бондын мөнгөөр өнөөх яриад байсан брэнд үйлдвэр хэдийг барьчих хэмжээний хүн алга уу. Цэцэрлэг, эмнэлэг, сургууль баръя. Өнөөдрийг хүртэл дэмий үрчихсэн хүүний чинь мөнгөний хэмжээ энэ бүхнийг өлхөн босгочих байв. Гэвч та дээрх хэмжээний мөнгийг салхинд хийсгэчихлээ. Хүүг нь төлж авдартаа хав дарчихаад байгаа “Чингис” бондын хувь заяа, бүрэн бүтэн байдлыг өчигдөр Н.Алтанхуяг сайдаас асуув. Тэрбээр “Бондын бодлогын зөвлөл гэж бий. Энэ зөвлөлөөр яриад Засгийн газраас эхний ээлжинд дөрвөн төсөлд мөнгийг зарцуулахаар шийдсэн. Нэгдүгээр төслийн ажил бол зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно. Хоёрт, Улаанбаатар хотод хэрэгжих “Гудамж” төсөлд зарцуулна. Хотын авто замын түгжрэлийг нийслэл янз бүрийн аргаар зохицуулахыг хичээж байгаа. Гэхдээ гудамж, уулзваруудыг өөрчлөхгүйгээр энэ байдал өөрчлөгдөхгүй гэдэг нь судалгаанаас харагдсан. Тиймээс замын уулзвараа өөрчлөх, хурдны зам тавих чиглэлээр “Гудамж” төсөл хэрэгжүүлнэ. Гурав дахь нь төмөр замын төсөл. Энэ нь Тавантолгойгоос Гашуунсухайт, Тавантолгойгоос Сайншанд руу явах төмөр замыг санхүүжүүлэх юм. Дөрөвдүгээрт, Тавантолгойд цахилгаан станц барих төсөлд тодорхой хэмжээний мөнгө гаргана” гэлээ. Ийм зүйл байж болох уу.  Бид энэ мөнгийг босгож байгаагийнхаа учрыг нэг л ойлгоогүй бололтой. Ямар ч байсан бид бондын мөнгийг өсгөх, өсгөх, бас дахин өсгөх ёстой байлаа. Гэтэл Н.Алтанхуяг гэж хүний хэлж буйгаар өсгөх биш харин ч газарт булж хөлдөөх нь ээ. Зарцуулалт нь бүтээн байгуулалт, мөнгө өсгөх салбар биш газар руу шингэж дахиад л салхинд хийсэх хэсэг рүү орох нь. Зам тавьж байхаар хадаасны үйлдвэр ч болов баръя, сайд аа. Орон нутгийн дэд бүтэц, Оюутолгойд станц барина гэж байхаар сүү, цагаан идээний “ориг” үйлдвэртэй больё. Тэртээ тэргүй аймаг болгонд харийнхан хэд хэдээрээ эзэн мэт аашилж газрынх нь баялгийг цөлмөж байна. Дэд бүтэц, станц барих үүргийг тэд хүлээх ёстой. Бид мал аж ахуй, ноос ноолуур, арьс шир, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, газар тариалангийн салбартаа илүү анхаарах хэрэгтэй юм биш үү. Уул уурхай угаасаа монголчуудад ашгаа өгөхөөсөө нэгэнт өнгөрчихөөд байгаа нь улам бүр тод мэдрэгдсээр  байхад иргэддээ худал хэлж, хууран мэхлэсээр өдрийг барах хэрэг байна уу. Бид газар тариалан, мал аж ахуйгаа түшье. Энэ салбарын хэдэн сайхан үйлдэр барих боломж л олгоод өгчих. Монголчууд таны хэлэх дуртай өнөөх брэнд үйлдвэрийг чинь босгож чадна. Харин гадныханд битгий энэ салбарт хөлөө олох боломжийг нь илүү нээж өгөөрэй, бид зөвшөөрөхгүй шүү. Үйлдвэржилтийн салбарт монгол залуусаа дэмжих боломж олгооч, гуйя.

БОНДООС БОССОН МӨНГӨНИЙ ТУХАЙД, ТЭД ЮУ ХЭЛЭВ

Засгийн газраас гаргасан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар манай улсын дансанд орчихсон.  Бондын зарцуулалтын тухайд хэн, юу хэлж байгааг хүргэе.

ЗАСГИЙН ГАЗАР ГАШУУН СУРГАМЖ АВСАН БАЙХ Ч.ХАШЧУЛУУН (Эдийн засагч, МУИС-ын багш доктор)

-Хамгийн их санаа зовж байгаа зүйл бол бондын хөрөнгийн зарцуулалт аль хуулиар зохицуулагдах, яаж хянах бэ гэдэг л байна. Хамгийн гол нь эргэн төлөлтөд хяналт тавих шүү дээ. Гэтэл одоогоор бодлогын зөвлөл бондын ашигт хяналт тавих нь сул харагдаж байна. Бонд босгосон нь зөв боловч төсөл бэлэн бус үед гарсанаараа хохиролтой. Гол нь ямар төсөл хэрэгжүүлэх бэ гэдэгт анхаарал тавиагүй назгайрсан. Одоо хөрөнгө орж ирээд дөрвөн сар болоход зарцуулалтын төсөл эцэслэн шийдэгдээгүй байна. Сүүлийн удаа бонд гаргаж байгаа биш болохоор гашуун сургамж байлаа гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрөх байх.

 ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛАХ ТААТАЙ ОРЧИНГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ Ч.ЭРДЭНЭБАТ (Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал)

-“Монгол ноос” компани ноосоор даавуу хийх технологийг нэвтрүүлж,  орон нутагт даавуу хийх анхны үйлдвэрийг байгуулсан. Орчин үеийн техник, технологийг нь оруулаад ирсэн. Одоогоор 48-80 номерын утас хийж эхэлсэн. Энэ утсаар даавуу хийнэ. “Чингис” бондоор санхүүжилт хийх төслүүдийг сонгож байгаа нь манай салбарын анхаарлыг татаж байгаа юм. Бидний зүгээс зээл авах шаардлагатай. Улс орон нэгэнт шинэ бодлого хэрэгжүүлье, улсаа хөгжүүлье гэж зорьж байгаа тохиолдолд зээлийнхээ нөхцөлийг өөрчлөөд, 50 хүртэлх хувийг төр батлан даах хэрэгтэй. Тэгээд үүн дээрээ хяналтаа сайн тавих шаардлагатай. Батлан даагаад эхлээд мөнгөө өгчих. Мөн импортоор авах материалыг гаалийн татвараас эхний жилдээ чөлөөлвөл үйлдвэрлэгчдэд маш том боломж бүрдэнэ.

 

ӨВӨЛ ЯАРАН БОНД ГАРГАСАН НЬ СУЛ ХҮҮ ТӨЛӨХ ЭРСДЛИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА МУИС-ын ЭЗС-ын статистикийн тэнхимийн эрхлэгч Б.Энх-Амгалан

Миний хувьд олон улсын зах зээл дээрээс бонд босгосон нь сайшаалтай ч хоёр зүйлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Бонд гаргахын өмнө сайтар төлөвлөгөө гаргах ёстой байсан. Нарийн сайн судлаагүй төлөвлөөгүй ажил бол цаашдаа өрийн дарамт болж хувирна. Дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө гаргаж  хөрөнгөө ийм эх үүсвэрээс бүрдүүлнэ гэдгийг сайн тооцоолох шаардлагатай байсан. Өвөл яаран  бонд гаргасан нь сул хүү төлөх эрсдлийг бий болгож байна. Өдөрт л гэхэд бондын хүү 275 сая доллар төлж байгаа. Манай улсад их бүтээн байгуулалтын ажил хаврын өдрүүдэд л эхэлдэг. Хамгийн түрүүнд аж үйлдвэрийн болон боловсролын салбарыг анхаараасай гэж хүсэх байсан. Учир нь эдийн засгийн томоохон алсын бодлого бол хүний нөөцөө сургах дэлхийн түвшинд хүрсэн мэргэжилтэнтэй болох. Мөн түүхий эдийг экспортлох биш үйлдвэр байгуулах талаар дорвитой ажил хийх юм. Сайншандын парк, Алтанбулагийн аж үйлдвэрийн паркд зоригтойгоор хөрөнгө оруулалт хийвэл боломж харагдаж байна.

 

ТӨМӨР ЗАМ БАРИХ 5-6 ЖИЛИЙН ХООРОНД ХҮҮГ ХЭН ТӨЛӨХ ВЭ Л.Пүрэвбаатар (Төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн)

-Тэгэхээр бондын мөнгийг төмөр замын бэлэн төсөлд ашиглахгүй бол эргэн төлөх хугацаа нь урт байдаг талтай. Түүнчлэн төмөр зам барих 5-6 жилийн хооронд хүүг нь хэн төлөх вэ. Ийм асуудлаас бол би бондыг төмөр зам руу шууд оруулахад хүндрэлтэй гэж үзэж байгаа. Харин үүний оронд засгийн газраас хөрөнгө оруулалт хийгээд, төр 34 хувийг нь эзэмшье гэвэл болно. Бас орон сууцны хувьд сууриа барьчихаад байраа зараад эхэлдэгтэй адил төмөр замд хөрөнгө оруулах вариант байна. Хэрвээ ингэвэл тэр хөрөнгө оруулалтаараа далан барихад хэрэглэсэн бонд руугаа мөнгө хийж болно. Өөрөөр хэлбэл зээлээ төлчихнө гэсэн үг.