СТА Дуучин Отгойн Баянмөнхийн дуулж олны хүртээл болгосон “Эх орон тайван байна” дууны  үг, аяыг У.Пүрэвсүрэн бичсэн юм. Түүний энэ дууг харин залуу дуучин Б.Дэлгэрбаяр хөгжмийн найруулга дээр нь шууд өөрийн хоолойгоо бичүүлж дуулсан асуудал гарчээ. Энэ талаар СТА дуучин О.Баянмөнхтэй холбогдож тодруулга авснаа уншигч та бүхэндээ хүргэж байна.

-Таныг дуулж олны хүртээл болгосон "Эх орон тайван байна" дууг тань залуу дуучин Б.Дэлгэрбаяр зөвшөөрөлгүй дуулсан гэсэн. Энэ талаар?

-Сүүлийн үед гарч ирж байгаа уран бүтээлчид хүний бүтээлийг зөвшөөрөлгүй авч дуулдаг асуудал их гараад байгаа. Одоо бүр сүүлдээ цагаандаа гарч бэлэн өөрийнхөө хүч хөдөлмөрөөр хийсэн  фонограмм дээр нь дуулдаг болж. Миний хүч хөдөлмөр, оюун санаа гээд бүхий л зүйлээ зориулж хийж хүмүүст хүргэсэн дууг, миний хийлгэсэн фонограмм дээр шууд дуулаад клипжүүлээд кино концерт хийгээд телевизээр цацлаа.

-Дуучин Б.Дэлгэрбаяр таны "Эх орон тайван байна" дууны хөгжмийн найруулга дээр шууд дуулсан гэсэн үг үү?

-Тийн. Миний мөнгө төлж найруулга хийлгэсэн хөгжмийн найруулга дээр шууд өөрийнхөө хоолойг бичүүлсэн байгаа юм. Бэлэн зүйл дээр өөрөө дуулж телевизүүдээр цацлаа.

-Дуулахаасаа өмнө таниас зөвшөөрөл авсан уу?

-Ямар ч зөвшөөрөл аваагүй ээ. Уул нь энэ бүтээлээ хийсэн хүн нь үхээгүй амьд сэрүүн л байгаа юмсан. Гэтэл энэ хөгжмийн фонограммыг хийлгэхэд дуучнаас их мөнгө гардаг. Тэгээд бүх зүйлээ зарцуулсан зүйлийг бэлэнчилж байна. Ядаж өөрөө зөвшөөрлөө аваад тэр дууныхаа фонограмм,  аранжровшикын өөрөө хийлгэсэн бол яая гэхэв. Гэтэл Б.Дэлгэрбаяр зөвшөөрөлгүй миний хийсэн фонограмм дээр шууд дуулсан. Дэндүү увайгүй зан гаргаж байна. Хүний дуу нь дээр дуулангуутаа хэдэн зураг аваачиж наагаад телевизээр цацлаа.

-Энэхүү уран бүтээлээ та анх хэзээ хийж олны хүртээл болгож байсан бэ?

-2013 онд “Бид мартахгүй” гэсэн нэртэй "Эх орны" сэдэвтэй тоглолт хийсэн юм. Тэр тоглолтынхоо хүрээнд би кино концерт болгосон. Энэ дууныхаа клипийг Сэлэнгэ аймгийн хил дээр очиж зураг авалтаа авч байсан. Хилийн цэргийнхний сүлд дуу болсон дуу. Одоо мэдэхгүй хүн байхгүй хүн болгон андахгүй. Тэгээд одоо ийм болсон бүтээлийг хүнд амархан аргаар танигдах гэсэн ахар бодол тээсэн зарим нэг дуучид зөвшөөрөлгүй авч ашиглалаа.

-Та энэ талаар хэзээ мэдсэн бэ. Б.Дэлгэрбаяртай  холбогдож өөрт нь хэлсэн үү?

-Би өчигдөр мэдсэн. Манай гэр бүлийн хүн үндэсний телевизээр анх цэргийн баяраар гарахаар нь үзсэн гээд надад өчигдөр хэлсэн. Тэгэхээр нь би итгээгүй юм. Арай үгүй байлгүй гэж бодоод ухаарааж үзсэн чинь харин мөн байна. Яг миний хөгжмийн найруулга дээр өөрийн хоолойгоор дуулсан байгаа юм.

Над руу уучлаарай ах аа гээд өөр зүйл хэлээгүй. Одоо болтол ирж уулзаагүй байна. Тэгэхээр одоо энэ зүйлээ тараасан бүх телевизээсээ татаж ав гэж хүсье. Үнэхээр дуулах гээд байгаа бол өөрөө найруулгыг нь хийгээд дуул гэсэн шаардлагыг л би тавьж байна гэдгээ мэдэгдье.

Х.Даваа