Баялагийн хараал тулгасан Оюутолгойн гэрээ хийсний 10 жилийн гунигт ой
2019/10/07
Оюутолгойн ордыг ашиглах гэрээг нэг талаас Тюркоз Хилл компани, нөгөө талаас Монгол улсын Засгийн газар хамтран ашиглахаар гэрээ хийсний яг арван жилийн ой өнөөдөр тохиож байна. Хамтарсан компаний 66 хувийг Тюркоз Хил эзэмшинэ, тэр 66 хувийн 51 хувийг нь буюу хяналтын багцийг дэлхийн хамгийн том уул уурхайн компаний нэг Рио Тинто эзэмшихээр болжээ.
Монголын Засгийн газар нийт багцын 34 хувийг эзэмшинэ, гэхдээ хөрөнгө гаргах чадваргүй учир хожим уурхай ашиглалтад ороод хөрөнгө оруулалтаа нөхсний дараа бүтээгдэхүүнээр өрөө төлнө, энэ мөнгийг Туркоз хилл компани хөнгөлөлттэй хямд зээл олж зээлдүүлнэ гэж тохирсон аж.
Өнгөрсөн 10 жилд Тюркоз хилл нийтдээ 9,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийчихээд байна. Үүнээс 2,5 тэрбум долларыг Монголын Засгийн газарт элдэв татвар роялти төлбөрийн шугамаар өгчихөөд байгаа юм байна. Энэ нь энэ 2019 оны 7-р сарын байдлыг илтгэсэн тоон үзүүлэлт юм. Үүнийг Оюутолгойн биржийн дүнгээс харж болох ба мөн Монгол банк, Сангийн яамнаас давхар шалгаж болно. Одоогийн байдлаар Оюутолгойд 18 мянган монгол ажилчин ажилтан, инжинер техникийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Мөн туслан гүйцэтгэх 700 орчим компани хавсран ажиллаж буй.
Оюутолгойн гэрээ хийгдсэнээс бараг хоёр жилийн дараа буюу 2011 оны 8-р сарын 31-нд анхны тэсэлгээ хийн хүдэр олзворлож эхэлсэн ба 2013 оны 7-р сард анхны экспортоо хийж эхэлжээ. Үүнийг тэр үеийн сонин хэвлэлээс харан үнэмшиж болно. Гэвч тэр ондоо уурхайн ажиллагаа хаагдсан, учир нь тухайн үеийн Уул уурхайн сайд ба Оюутолгойн Монгол талын дарга нар уурхайд хөрөнгө оруулагч нарыг биечлэн хөөсөн шалтгаантай юм. Хөөх захиалга мэдээж арай дээрээс ирсэн байж таарах байх.
Хоёр жил хэртэй уурхайн үйл ажиллагаа зогссоны эцэст Сайханбилэгийн Засгийн газраас санаачлага гарган Тюркоз хилл компанитай Дубай хотноо дахин шинэчилсэн гэрээ хийсэн. Оюутолгойн жижиг хувьцаа эзэмшигч хэдэн зуун мянган иргэд итгэл алдсанаас болоод биржийн үнэ нь шалдаа буусан байсан учир шинэ гэрээг аль болох дуулиан болгох зорилгоор хөрөнгө оруулалтын зах зээлийн томоохон төв болох Дубай хотыг сонгон авсан юм билээ. Шинэ гэрээгээр уурхайн хүдрийн 80 хувь нь байдаг гүний хэсгийг ашиглах, үүний тулд тав орчим тэрбум долларын хөрөнгө нэмж оруулахаар тохирчээ. Хоёр км-ийн гүнд газар дор хүдрээ баяжуулах өндөр технологи ашиглахаар болсон ба энэ технологийг дэлхийд хоёрхон уул уурхайн компани эзэмшдэгийн нэг нь Рио Тинто юм байна.
Энэ бүх мэдээлэл нь нээлттэй болсон өнөөгийн дэлхийн хаанаас ч олоод үзэж болох ил баримт мөн. Харин 2009 оны Улаанбаатарын гэрээ, 2015 оны Дубайн гэрээг Монголын талаас хийлцсэн, удирдсан албан тушаалтнууд “болзошгүй” гэсэн ангилалаар ялтан болж шоронд суугаад гарсан ба удахгүй тэднийг шүүхээр оруулан ялыг нь өгөхөөр бэлдэжбайгааг монголчууд төдийгүй дэлхий даяараа сонссон байгаа. Мөн Оюутолгойн бирж дахь хувьцааны үнэ цагтаа бараг 30 доллар хүрч байсан бол өнөөдөр нэг доллароос доошоо уначихсан, хэн ч хувьцааг нь худалдан авах сонирхолгүй болчихсоныг Торонтогийн биржийн сайтаас хэн дуртай нь олоод үзэх бололцоотой.
Оюутолгойн гэрээ хийгдэхийн өмнөхөн, өөрөөр хэлбэл талууд ид хэлэлцэж байх үед Оросын Ерөнхийлөгч (тэр үед түр зуур Ерөнхий сайд байсан) Монголд айлчилж таарсан юм. Монгол улсын бүх түүхэнд ийм том цар хүрээтэй хөрөнгө оруулалт орж ирж байсан түүх үгүй учир Монголын Засгийн газар ба өрнөдийн том компани хамтарсан үйлдвэр байгуулах талаар хэлцэл хийж байсан тул энэ тухай дэлхийгээр нэг шуугиж байхад тухайн үед Улаанбаатарт сууж байсан Оросын элчин сайд энэ тухай огт мэдээгүй сууж байсан нь Ерөнхийлөгчийн хилэнг бадруулж газар дээр нь түүнийг ажлаас нь халсан билээ. Гэрээ хийгдэж гарын үсэг зурсан тэр даруйд Оросын Сангийн яамны орлогч сайд Дмитрий Панкин Монголоос 180 сая долларын өр гэнэт нэхэмжилж байгаагаа зарлав. Тэрээр үүнийгээ Монголросцветмет компаний өр гээд мөнгөө төлөхгүй бол зээлдэгч нарын Парисын клубт хандан нэхэмжлэнэ гэсэн сүрдүүлэг нэмж хэлэхээ мартсангүй. Уг нь Зөвлөлтийн бүх өрийг Орос Монголын Засгийн газрууд харилцан хэлэлцээд 2003 онд тэглэхээр тохирсон төдийгүй үүнээ гэрээгээр баталгаажуулсан юм. “Оросын хувьд энэ нь нэлээд ичгэвэргүй хэрэг байсан, учир нь их өрийн асуудлыг нэг мөсөн шийдсэн учир хожим энэ талаар ямар нэг хэл ам гаргахгүй гэдгээ Оросын Засгийн газар амлаад тогтчихсон байсан юм” гэж Оросын Академийн Дорно дахины хүрээлэнгийн захирал Би Би Си агентлагид ярилцлага өгөхдөө тэмдэглэж байжээ. Энэ тухай Би Би Си агентлаг 2009 оны 10 дугаар сарын 6-нд мэдээлж байсныг сайтаас ухаад үзэж болно. “Орос улс Монголоос 180 сая доллар буцааж өгөхийг шаардав” гэсэн гарчигтай өгүүлэл байгаа. Яагаад дэлхийн том агентлагууд монголчуудын гэнэт үйлдсэн “гэмт хэргийг” тэр дор нь мэдээд шуугиж эхлэв? Олон улсын валютийн сангийн жилийн уулзалт тэр цаг мөчид Станбул хотод хуралдаж байжээ. Улаанбаатарт гэрээ хийн гарын үсэг зурснаас гурван цагийн дараа хуралд оролцож байсан Оросын Сангийн сайд дээрх мэдэгдлийг гэнэт тавьж заналхийлсэн юм. Монголын Сангийн сайд оросуудтай хоёр жил хэлэлцэж байж юутай ч гэнэт тавьсан торгуулийг төлж барагдуулсан билээ.
Гэрээ батлагдсаны маргааш Оросын томоохон хэвлэл болох Комерсантъ сонинд “Золотые происки” гарчигтай (энэ үгийг онож орчуулж дөнгөсөнгүй, “Мундаг гоё явуулга” гэвэл ямар? Орос талаасаа “уг нь их сайхан явуулга байсан юмсан” гэсэн утгатай харуусал. Харин Монголын талаас үнэлбэл үүлэн чөлөөний зурвас нарыг сайн ашигласан даа гэсэн бахархал байсан юм, тухайн үедээ. Өнөөдөр бол монголчуудаар ийм гэрээ хийлгэхийг яасан ч зөвшөөрөхгүй!) өгүүлэл гарч Оросын бодлогыг бүр тодорхой дэлгэжээ.
Тавдугаар сард Путин Монголд айлчлахдаа “Дэд бүтцийн хөгжил” нэртэй хамтын компани байгуулж Орос төмөр зам, Монгол төмөр зам оролцохоор болж. Гэвч Оросын талын шургуу шахалтаар уул уурхайн “Эрдэнэс Монгол” компани 25 хувиар тэнд нэгдэв. Гэтэл сая өрнөдийнхөнтэй хийсэн гэрээгээр Оюутолгойн төсөлд Эрдэнэс Монгол багтаагүй учир чухам түүгээр дамжуулж тэнд хяналт тавих байсан зорилго тасалдлаа хэмээн Комерсантъ бичжээ. Сонинд мэдээлэл өгөгч төрийн бодлоготон нэрээ нууцлан “Ъ” гэсэн байх юм. Эрдэнэс Монгол болон “Дэд бүтцийн хөгжил”-өөр дамжуулан Оюутолгой болон Тавантолгойд хяналтаа тогтоож чадна гэж Орос төмөр замын босс Якунин өдий болтол амалсаар ирснийг буруутган сануулжээ. Гэтэл өчигдор Орос төмөр замынхан одоо болохоор “Дэд бүтэцийн хөгжил” компани анхаарлаа Тавантолгой руу голчлон анхаарна гэж амалж байна. Тэдний хэлж байгаагаар бүх найдлага тасраагүй, учир нь монголчууд хувьцааны 34 хувийг эзэмшиж байгаа, тэд төмөр замгүйгээр хол явахгүй, өөрснөө байгуулъя гэхээр мөнгө үгүй, ингэхээр нааш хандах нь зайлбаргүй гэнэ.
Цааш нь бичихдээ Оросын талаас монголчуудад үзүүлэх улс төрийн даралт шахалт үүгээр дуусахгүй. Өчигдрийн мягмар гаригт манай Сангийн сайд Станбульд тэднээс 180 сая доллар нэхээд дараагийн уулзалтаас өмнө төлөхгүй бол Парисын клубт гомдол нэхэнэ гэж сүрдүүлсэн. Тэднийг дарамтлах арга үүгээр зогсохгүй. Монголын Засгийн газар өөртөө эзэмшихээр болсон 34 хувиа авч үлдэхийн тулд төсөлд 820 сая доллар төлөх шаардлагатай. Тэгэхээр эрх баригчид нь олон улсын санхүүгийн байгууллагаас, тэр дундаа Дэлхийн банкнаас мөнгө гуйна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 9%-иас хэтэрсэн зээллэгийг ямар ч банк өгдөггүй учраас 9,5 тэрбум долларын ДНБ бүхий монголчуудад ийм хэмжээний зээллэг хэн ч олгохгүй учраас Монгол улс хүссэн зээлээ авч чадахгүй гэж хөрөнгө оруулалтын дүн шинжилгээний “Метрополь” байгууллагын дарга Марк Рубенштейн мэдэгдлээ. Энэ нь бидний зүгээс Монголд үзүүлэх дарамтыг улам нэмэгдүүлж байгаа хэрэг. Гэвч “Рененсанс Капитала”-ын шинжээч Борис Красноженов хэлэхдээ “Орос төмөр замынхны нүүрсний талаар монголчуудтай хийж буй хэлцэл нь Оюутолгойг хянах зорилгод нь нөлөөлж чадахгүй, учир нь тэдний эдийн засгийн ойлголт нь их марзан. Оюутолгойг эзэмшие гэвэл маш өндөр зэрэглэлийн мэргэшил, мөн санхүүгийн хангалттай бололцоо бүхий байх ёстой атал тийм чадвар тэдэнд үгүй” гэж сануулж байна. Энэ өгүүлэл Оюутолгойн гэрээ хийгдсэний маргааш буюу 2009 оны 10-р сарын 7-ны өдрийн Комерсантъ өдөр тутмын сонинд нийтлэгдсэн юм.
2011 онд Москвад болсон “Орос Монголын аюулгүй байдлын хамтын ажиллагаа” уулзалтад миний бие хөндлөнгийн ажиглагчаар оролцсон. Оросын Гадаад явдлын яам, Үндэсний аюулгүйн зөвлөл, Стратеги судлалын төв, Үндэсний аюулгүй бодлогын дээд сургууль гэх мэт газруудаар орж санал солилцсан. Үргэлж давтагдаж байсан нэг том асуулт нь “Оюутолгойд Оросыг гадуурхан шахаж оруулаагүй” гэсэн гомдол байлаа. “Оюутолгойд Орос улс оролцох, хөрөнгө оруулах талаар ямар ч асуудал тавьж байгаагүй. Энэ ордыг Канадын компани нээж, хайгуулын лицензийг эзэмшиж байсан тул олон улсын жишгээр давуу талтай байх бүрэн үндэстэй. Уг ордын талбайн лицензийг Австралийн компани эзэмшиж байгаад буцааж өгсөн ба хэрэв Орос улс сонирхож байсан бол хэсэгтээ бүрнээ чөлөөтэй байсан.” Энэ бол бидний тухай бүрд нь давтаж байсан хариулт. Үнэхээр тийм байсан. Энэ тухай тодорхой тайлан маягийн өгүүллийг би 2011 оны 9 дүгээр сарын 18-ний Өдрийн сонинд “Мөнхийн хөршийн мөнхийн гомдол” нэртэйгээр хэвлүүлж байсан.
Тухайн үед Би Би Си мэдээлж байснаар Оюутолгойн дараа оросууд Тавантолгойг хараалж байгаа, гэхдээ дэд бүтцийг нь шийдэх учиртай Оросын төмөр зам компани хангалтгүй ажиллаж байна гэж тэд үзэж байна гэжээ. Оюутолгойн гэрээг монголчууд өрнийхөнтэй хийсэн нь Монголын байгалийн баялагийн төлөөх Оросын тэмцэл дууссан гэсэн үг биш. Гэхдээ нөгөө талаассая шинээр сонгогдсон өрнийн тал баримтлагч Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гэсэн саад байгааг тооцох ёстой гэж оросууд Би Би Си-д ярьжээ.
Миний зүгээс нэмж хэлэх үг гэвэл монголчууд өдий болтол нэг зүйлийг одоо болтол ойлгохгүй юм: өнөөдөр ядуу буурай хоцрогдсон Монгол улс байгалийн баялагаа зах зээлд гаргах дээр хүчирхэг том Орос улсын өрсөлдөгч болчихжээ. Зэс нүүрс, алт, молибдин, ураан, жонш, цайр гээд голлох баялагийг худалдан авах сонирхогч нь Хятадын ханахаа мэдэхгүй зах зээл. Ийм ойр зэргэлдээ аварга зах зээлтэй байх нь далайд гарцтай байснаас ч илүү ашигтай. Тийш нь байгалийн баялаг экспортлох хамгийн боломжит ойр орон нь Орос, Монгол хоёр.
Би сүүлийн 10 жилд Оюутолгойн тухай хэд хэдэн өгүүлэл нийтлэл бичсэндээ ганц ч удаа энэ байгуулалт гэрээний талаар сайшааж байгаагүй, үргэлж шүүмжлэлтэй хандаж байсан. Үүндээ би экспортын өрсөлдөгч талын дарамт, Монгол төрийн чадамжгүй байж улсаа өрөнд оруулах нигуртай 34 хувийн хувьцаа эзэмшиж тэнэгтсэн хоёрыг хэлж байсан. Баялагийн хараал гэдэг нь баялагтай болохоороо хохирдог гэсэн үг биш, тэндээс буй болох мөнгө нь түүнээ ашиглаж чадахгүй хүнд эргээд хор болдог гэсэн утгатай юм. Оюутолгой байгаагүй бол улс орон маань мөнгө цаасгүй ядуухан амьдрах байсан ч хэрүүл уруулгүй жаргалтай байх байж дээ гэж боддог. Зарим гүтгэгчид намайг Оюутолгой ирээдүйд Монголд өдөр болгон нэг сая доллар өгнө гэж худлаа донгосож байсан гэж наадгийн. Би хэзээ ч тэгэж хэлж байгаагүй, тэгэж бичиж ч байгаагүй. Гэвч өнөөдрийн байдлаар Оюутолгой өдөрт нэг биш гурван сая доллар Монголд оруулж ирж байгаа нь үнэн юмдаг. Үүнийг Оюутолгойгоос болж Монголд нэвтрэн орж байгаа хатуу валютын жилийн дүнг 365-д хуваагаад хариуг нь гаргачиж хоёрдугаар ангийн хүүхэд амархаан бодож дөнгөнө дөө.
Баабар
2019.10.5.
Хүн бүр мэдэж байгаа · 2019/10/07
Энэ Баабар ингээд урьд хэлж байснаасаа буцаад байдаг юм. Хүн бүр мэдэж байгаа даа. Баяр, Сайханбилиг гээд найзууд нь хийсэн учраас Оюутолгойг энэ Баабар үргэлж магтаж байсан шүү дээ. Тэр үедээ их ч хараалгаж байсан. Одоо хар даа. Баабарын хамгийн муухай зан нь энэ дээ. энэ занг нь мэддэг хүмүүс нь мэддэг болж дээ. Муухай амьтан.
Хүн бүр мэдэж байгаа · 2019/10/07
Энэ Баабар ингээд урьд хэлж байснаасаа буцаад байдаг юм. Хүн бүр мэдэж байгаа даа. Баяр, Сайханбилиг гээд найзууд нь хийсэн учраас Оюутолгойг энэ Баабар үргэлж магтаж байсан шүү дээ. Тэр үедээ их ч хараалгаж байсан. Одоо хар даа. Баабарын хамгийн муухай зан нь энэ дээ. энэ занг нь мэддэг хүмүүс нь мэддэг болж дээ. Муухай амьтан.
Зочин · 2019/10/07
оюутолгойг бас чхамаагүй муулж болохгүй дээ олон хүнийг ажилтай олон айл тэжээгдэж байгаа нь үнэн Оюутолгой хөдөлхгүй байхад алийгаа алдаж байсан даа
Зочин · 2019/10/07
Муу өмхий Баавар Оюутолгойн Монгол дахь төлөөлөгч Монголын ард түмэнд ашигтай юм ерөөс хийхгүй тийм юм хэлэхчгүй. Муу үхэж байхдаа таарсан өмхий Баавараа чамайг чиний гайг Монголын ард түмэн бид үеийн үед мартахгүй ээ? Ингэлээ ард олон биднийг харааж муулж доромжилно л биз. Муу өмхий үгтэй өмхий үйлдэлтэй хог чамайгдаа
ЗОЧИН · 2019/10/07
ЭНЭ БААБАР ГЭЭЧ НӨХӨР МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БОДСООР ӨДИЙГ ХҮРЛЭЭ. ГАДНЫ МӨНГӨӨР АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААХ ҮҮРЭГТЭЙ. БААБАР АА ОДОО БОЛЬСОН НЬ ДЭЭР ШҮҮ. СҮҮЛД НҮГЛЭЭ ДААХГҮЙ БОЛНО ШҮҮ. ТАНАЙХАН ЭХНЭЭСЭЭ ДААХАА БОЛИОД УЙЛААД ЭХЭЛСЭН.