Хотын утааг бууруулах үүрэгтэй шахмал түлш нь хүний амь хороож, Засгийн газар, ажил хариуцсан албан тушаалтнууд түлшээ өмгөөлөн тэмцэж байна.

Амиа алдсан, угаартаж хордсон хүний тоо өдөр бүр нэмэгдсээр байгааг эх суравлжууд мэдээлж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга болж буй үйл явдалтай холбогдуулан уржигдар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “…Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ. Эндээс юу харагдаж байна гэхээр жил бүрийн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх нэрээр зүсэн зүйлийн арга сэддэг, иргэдийн эрүүл мэндээр ашиг олдог бүлэглэл бодитойгоор байсаар байна. Энэ бүлэглэл агаарын бохирдлыг арилгах дорвитой, бодитой, үр дүнтэй арга сэдэхийн оронд утаагүй зуух, дулаан бүрээс, цахилгаан халаагуур, агаар шүүгч гэх мэт элдэв тоног төхөөрөмж улсад шахаж ашиг олох атгаг санаагаа л олон жилийн турш амжилттайгаар хэрэгжүүлж ирлээ. Утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч.

Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв. Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов. “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв. Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуулт хариултаа хүлээсээр л байна.

 

 

Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ” гэлээ.

 

 

Ерөнхийлөгч энэ үгээрээ маш ноцтой олон “асуулт”-ыг тавьсан байгаа юм. Нээрэн л анх энэ төсөл эхлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшнэ гэж байсан. Ухаа худгийн буюу “Энержи ресурс” ХХК-ийн нүүрсээр шахмал түлшийг хийж байгаа гэдэг мэдээлэл хожим цацагдсан байдаг билээ.

Энэ үгийг хэлсэн уржигдар оройноос Ерөнхийлөгч Х.Баттулгыг “MCS” компанид дургүй гэх PR маягийн мэдээлэл цахим сүлжээ, бусад сувгаар нэлээд цацагдлаа.

Орой нь “Энержи ресурс” ХХК-ийн захирал Г.Батцэнгэл “…Засгийн газрын хүсэлтийн дагуу манай компани угаасан эрчим хүчний нүүрс үнэ төлбөргүй “Тавантолгой түлш” ХХК-д нийлүүлсэн. Өөрийн цахилгаан станцад ашигладаг, дотоодын цемент шохойны үйлдвэрт нийлүүлдэг, мөн Хятад руу экспортод гаргаж борлуулдаг өндөр илчлэгтэй эрчим хүчний нүүрс юм” гэж “жиргэсэн” байна. Энэ сацуу “Энержи ресурс” ХХК-д хандсан Засгийн газрын албан бичгүүд цахим сүлжээнд тарсан. 2018 оны нэгдүгээр сарын 26-нд Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү Дэмжлэг хүсэх тухай 4/333 дугаартай бичиг, дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан Хүсэлт гаргах тухай Х/260 дуугаартай бичиг, 2018 оны тавдугаар сарын 15-нд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Гэрээ байгуулах тухай 0/1780 дугаартай албан тоот, 2018 оны долдугаар сарын 2-ны “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар Гэрээ байгуулах тухай 01/32 дугаартай бичиг, 2018 оны аравдугаар сарын 19-нд БОАЖ-ын сайд, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат Төлөвлөгөө ирүүлэх тухай 2018/185 дугаартай бичгийг тус тус “Энержи ресурс” ХХК-д илгээжээ.

Улмаар өчигдөр буюу 2019 оны аравдугаар сарын 10-нд “Энержи ресурс” ХХК албан ёсоор тайлбар гаргалаа. Түүндээ “…Төр, засгийн удаа дараагийн хүсэлт, шаардлагын дагуу нийт 800 мянган тонн угаасан эрчим хүчний нүүрсийг 100 хувь төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Тавантолгой түлш” ХХК-д үнэ төлбөргүйгээр нийлүүлсэн” гэсэн байна. Энд анхаарал татах зүйлүүд гарч ирж байгаа юм.

Өмнийн говийн тал дүүрэн Тавантолгойн нүүрсний ордыг хариуцдаг “Эрдэнэс Тавантолгой” ХК бий. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж эндээс түүхий эдээр хангана гэдгээ засаг зарлаж байсан. Гэтэл чимээгүй байж байгаад “Энержи ресурс”-ээс их хэмжээний нүүрс авчихсан байдаг.

Нөгөө талаасаа “Энержи ресурс” ХХК нь 800 мянган тонн экспортод гаргадаг эрчим хүчний нүүрсээ “Монголын ард түмэнд” үнэ төлбөргүй өгчихөөд өдийг хүртэл дуугүй явна гэдэг их л сонин юм. Энэ компани 14 жилийн өмнө MCS, “Петровис”, “Шунхлай групп” гэсэн компанийн хамтын хөрөнгө оруулалттай байгуулагдаж байсан. Эдгээр компани ийм их хэмжээний хөрөнгөө Засгийн газрын хүсч, шаардсаных нь төдийд үнэгүй өгнө гэхээр нэг л бууж өгөхгүй байгаа юм. Учир нь тэд нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн сагсан бөмбөгийн тэмцээн, эрүүл мэндийн үзлэгт нутгийн иргэдийг хамруулсан төдийд л хэвлэлээр нэг мэдээлдэг билээ. Гэтэл 800 мянган тонн нүүрсийг буян бодож өгсөн талаараа өнгөрсөн хугацаанд ганц ч үг унагаагүй байна. Бас “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн нээлтэд ч энэ компанийн төлөөлөл оролцож тууз хайчлаагүй. Хачин биш гэж үү?

Тиймээс “Энержи ресурс” ХХК-аас шахмал түлшний түүхий эд болгож өгсөн 800 мянган тонн нүүрсний ард ямар наймаа явчихаад, засаг ч компани ч нуугаад байна вэ гэдэг их л сонирхолтой байна. Энэ бол хардлага биш магадлал юм шүү.

 

 

 

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин