УИХ-ын 30 гаруй гишүүн холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байна.

Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм.

Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин хүргэж байна. МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна.

 

…УИХ-ын гишүүн Я.Содбаатар

“Юуны өмнө үүнд холбогдож, УИХ-ын, намынхаа, нөхдийнхөө нэр хүндийг асуудалд оруулж байгаад уучлалт гуйж байна. Би удахгүй чуулган дээр олон түмнээс уучлалт гуйя гэж бодож байгаа. Зээл нь шалгуур ихтэй юм байна лээ. Энэ зээлийг хууль зөрчөөгүй гэж бодож байна. Тэгээд шалгуур өндөртэй, барьцаа их тавьдаг, хоёр жил, хоёр сайдаар юм гаргаж байж зээлд хамрагдсан юм. Зарим хүн банк бус руу хийсэн гээд сонин хэвлэлээр манийг бичиж байгаа. Шалгадаг газар нь шалгана биз. Арилжааны зээл авч өгье, арилжааны зээл рүү шилжье гээд явж байгаа. Ирэх долоо хоногоос бүтчих байх. Тэгвэл “…Ард түмнээсээ уучлалт гуй” гэсэн намын бүлгийн шийдвэрийг хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байгаа. Хоёрт, их амаргүй байгаа. Бид нар эв нэгдэлтэй байж гарах байх. Өрнөж байгаа үйл явцыг хаанаас эхлэлтэй, хаана дуусах вэ гэдгийг бодож байж, хамрах хүрээ нь ямар байна вэ, ямар зорилготой вэ гэдгийг харж байж явах байх. 2020 оны сонгуулийн ажил эхэлчихсэн байна. Хууль, улс төрийн хүчний хэрчээнүүд явж байна. Батзоригоос ганцхан удаа асуугаад л орж ирж байхад бүтэн хоёр жил асуугаад орж ирэхгүй хүмүүс прокурор дээр байж байгаа. Үүнийг бүлэг дээрээ хэлчихье гэж бодож байна. Зам, тээврийн хөгжлийн салбарт та нарынхаа итгэлийг хүлээгээд сар болж байна. ЗТХЯ-ны ажлыг аваад энэ салбар дээр алдаа гаргахгүй болохоор над дээр асуудал яриагүй байх. Алагчилж үзээд Содбаатарыг үлдээчихэж байгаа зүйл биш гэж бодож байна. Зам, тээврийн салбар дээр ямар нэгэн алдаа гарвал хэн нэгнээр хэлүүлэхгүйгээр сайдынхаа ажлыг өгнө. Салбар дээр нь гарсан учраас хоёр сайдын асуудал яригдсан гэж би ойлгож байгаа. Яах вэ, хоёр хүнийг ажлаас халсан. Алтанхуягийн хэвлэлийн төлөө­лөгч, Батхүүгийн сонгуулийн ерөн­хий менежер хоёрыг халсан. Өөр ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй байгаа шүү гэдгийг та нартаа хэлье. Ер нь зээл аваад ингэсэн асуудлыг хууль хүчний байгууллагууд шалгаад үнэн мөн нь тогтоогдоно биз дээ. Одоогоор тодорхой хүрээнд шалгалт явагдаад, тодорхой залуучуудыг хориод шалгаад явж байгаа.

 

Түдгэлзүүлэх асуудал парламент дээр орж ирж байгаа тохиолдол бараг арваад болж байгаа юм байна лээ. Энэ сошиал хөгжсөн, хэвлэл мэдээлэл мэдээлснээр илүү ёс зүйн хариуцлага шаардаж байгааг ойлгож байгаа. Тэгэхдээ зохион байгуулалттай юм ихээхэн явж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Тэгэхээр бид өрнөх үйл явц дээр нэг байж байгаад гарах юм байна.

Тэгэхгүй ийшээ тийшээ тарж бутраад, нэг нэгээрээ буудуулах юм бол бид явахгүй ээ. Буудах бэлэн хү­мүүс байж байгаа. Би хэн нэгнийгээ дотроосоо хардаж байгаа юм ерөөсөө байхгүй. Баярлалаа” гэж байр сууриа илэрхийлэв.

 

Түүний дараа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан

“…Уснаас хуурай гарахгүй. Сая Лүндээ ах ч хэлж байна. Энэ тулаан бол ялагчгүй тулаан гэж байна. Үнэн л дээ. Тэрийг бид бүгдээрээ уг нь мэдээд байгаа юм. Жаахан ой санамжтай байя гэж би гишүүддээ уриалаад байгаа юм л даа. Хэлсэн үгэндээ эзэн болж, хийсэн алхсан мөрөндөө эзэн байх ёстой юм байна. Яг иймэрхүү улс төрийн гол асуудал дээр гишүүд бүгдээрээ ядахдаа бүлэг дээр үг хэлдэг баймаар байна. Энэ чинь 65-ын бүлэг шүү дээ. Бүгдээрээ яривал буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шиг. Тэгээд Бүлгийн даргад хандаж хэлмээр байна. Яг иймэрхүү улс төрийн эгзэгтэй нөхцөл байдал дээр. Хуучин бол манай цөөнхийн бүлгүүд, өмнөх бүлгүүд бүгд үг хэлдэг байсан юм байна лээ. Бүгд үг хэлэхийг хүсч байгаа. Дараа нь түүх болж үлдэнэ шүү дээ. Дараа нь протоколууд болж үлдэнэ. Өнгөрсөн дөрвөн жилийн бүлгийн протоколуудыг уншаад улс төрийн ямар шийдвэрийг гаргахад хэн нь ямар байр суурь илэрхийлж байсан юм бэ, хэн нь гарын үсэг зурж байсан юм бэ, хэн нь гарын үсэг зурж байгаагүй, энэ бүх юм чинь түүх шүү дээ. Нам цөөнх байхад цөөнхийнх нь дотоод зөрчил тэмцэлдээн, хуйвалдаан тэр намынх нь хуйвалдаан болоод дуусчихдаг. Нам олонх байхад энэ Монгол төрийн зовлон болдог шүү гэж Нямдорж гишүүний хэлсэн үг байдаг юм. Одоо бид олонх болчихсон. Бидний энэ хагаралдаан, зөрчилдөөн, тэмцэлдээн, үл итгэлцэл бол Монгол төрийн зовлон болчихоод байгаа байхгүй юу. Үүнийг ойлгоё. Одоо бид 64-үүлээ ЖДҮ-чин болсон шүү дээ, хүссэн хүсээгүй. Үүнээс хэн ч нэр цэвэр гарахгүй. 64-үүлээ хариуцлага хүлээнэ. Тэгээд хоёр нүүр гаргадаг, хүмүүсийг харахаараа өөр нүүр гаргадаг. Нэгэнт улс төр багийн тоглоомоор яаж байгаа бол иймэрхүү хоёр нүүртэй амьдарч болохгүй байгаа юм. Үг нь үг байгаасай, хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байгаасай гэж бодоод байгаа юм.

Намын даргад би их харамсч байна. Өнөөдөр өглөө чуулган дээр орж ирээд ямар хариуцлагагүй мэдэгдэл хийж байна вэ. Нам чинь хамтын оюун санаа гэдэг биз дээ. Одоо наана чинь Удирдах зөвлөл байна уу гэж яриад байна. Бага хурлаа яагаад хуралдуулахгүй байгаа юм бэ.

Нийгмийн тогтолцооны том өөрчлөлт хийх гэж байгаа энэ үед яагаад Онц их хурлаа зарлахгүй байгаа юм бэ. Яагаад Бага хурлаа зарлахгүй байгаа юм бэ. Намын дарга нь гэнэт гүйж орж ирээд, УИХ ийм эмзэг байгаа үед хариуцлагагүй мэдэгдэл хийгээд байж болохгүй шүү дээ. Энд тэнд шийдвэр гарчихаад байдаг юм уу. Удирдах зөвлөл байгаа шүү дээ. Одоо хоосон эв нэгдэл ярихаа болъё. Бүтэн нэг жил хоосон эв нэгдэл ярилаа. Худлаа байдаг юм байна. Ямар ч итгэлцэл байхгүй байна. Одоо хар л даа. Удирдах зөвлөл дээр итгэлцэл байхгүй байна. Саяын болсон Хотын намын сонгуулийг хар, аймгийн сонгуулиуд хар. Одоо УИХ дээр болж байгаа Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой, Тавантолгой гээд бүх асуудал дээр бид нэгдмэл байр суурьтай байж чадаж байгаа юм уу. Сая төсөв батлахын өмнө уг нь бүх гишүүнээ Их тэнгэрт цуглуулж байгаад, дараа нь Байнгын хороон дээрээ ярьж байгаад, зарчмаа зөндөө ярьсан шүү дээ. Тойрог гэхээсээ илүү намын мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтүүдийг яръя. Яаж 2020 онд хийсэн юмнуудаа яаж хүргэх юм гэдэг юмнуудаа яръж байж 2019, 2020 оныхоо төсвийг яръя гээд бид ярьсан. Тэгтэл өнөөдрийн байж байгаа байдлаа хар. Үүн дээр үнэлэлт, дүгнэлт хиймээр байна. Бие биедээ маш их үзэн ядалттай байна. Юун итгэлцэл вэ. Бие биеийнхээ өөдөөс харж чадахаа байсан. УИХ нэр хүндгүй болчихлоо гээд яриад байх юм. УИХ нэр хүндгүй болдог. Засгийн газар нь адилхан нэр хүндгүй шүү дээ. Адилхан олонхийн Засгийн газар, олонхийн УИХ. Энэ УИХ-ыг яагаад хэн нэр хүндгүй болгосон юм бэ. Бид бүгдээрээ болгосон.

Хавраас авахуулаад 60 тэрбум дээр бүгдээрээ хутгалдаад, нэг хэсэг нь шударга улсууд, нэг хэсэг нь Монголдоо хайртай хүмүүс болсон. Энэ ЖДҮ чинь өнөөдөр бий болчихоогүй. Чуулган тарахын өмнө ийм сураг яваад байсан. Бид нар тоглуулаад байна шүү дээ. Биднийг хагалж тоглож байна. Сүүлдээ УИХ-ыг тараагаад, дараа нь Засгийн газрыг нь тараагаад гээд.

Ер нь УИХ нь тарна уу, Засгийн газар тарна уу хариуцлага бүгд дээр нь ирнэ. Улс төрийн нөхцөл байдал эвгүй болчихсон байна. Үүн дээр цөмөөрөө ярьж шийдэл олъё. Батзоригийн асуудал бүгдээрээ ойлгомжтой байгаад байх шиг байна” хэмээв.

 

Үргэлжлэл бий…

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин