Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан, ажилчид, Эрдэнэтчүүд та бүхэндээ  үйлдвэрийнхээ бүтээлч хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа шинэ жилийн баярын мэнд хүргэж 2017 ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

     Манай хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ үдэж байгаа оныхоо ажлыг дүгнэн ирж буй шинэ жилийнхээ зорилтыг төлөвлөн ярьдаг уламжлалтай. 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр хүдэр олборлолтын төлөвлөгөөг 101,0, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 101,2 хувиар тус тус биелүүлж, 16128 тонн зэсийн баяжмал, 720 тонн молибдений баяжмал төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэх боломж бүрдээд байна. 

     2016 онд дэлхийн зэсийн зах зээл дээр зэсийн дундаж үнэ төлөвлөснөөс даруй 407 ам.доллар доогуур байгаа хэдий ч хямралын эсрэг  арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг 750 орчим ам.доллараар бууруулан  2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр улсын болон орон нутгийн төсөвт 200,0 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх урьдчилсан тооцоо гарч байна. Нэг үгээр хэлбэл манай бүтээлч хамт олон үйлдвэрлэлийн болон эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-гаас дээш хувиар биелүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. 

     Энэ нь манай уурхайчид нийт хамт олны хичээнгүй хөдөлмөрийн үр дүн болохоор та бүхэндээ  баяр хүргэж халуун талархал дэвшүүлье.

     Өнгөрч буй онд санхүү хүнд хэцүү байсан ч хөрөнгө оруулалтын бодлогоо амжилттай хэрэгжүүлж, Дулааны цахилгааны станцыг 48мВт-ын хүчин чадалтай турбингенератороор өргөтгөх ажлыг эхлүүлэв. 

     Эрдэнэт үйлдвэр ХХК Эргэлтийн усны 1020 мм-ийн голчтой гуравдугаар шугам, 2х10000 м3-ийн багтаамжтай орчин үеийн усан санг ашиглалтад орууллаа. 

     Уул уурхайн удирдлагын “Pitram” системийг үйлдвэрлэлд  иж бүрнээр  нэвтрүүлсэн нь Монгол улсын хувьд анхны болж, дэлхийн хэмжээнд айргийн тавд орж байна. 

     Эрдэнэт үйлдвэрийн ЗМЗ-д импорт орлох туузан дамжуулгын өнхрөвч  үйлдвэрлэдэг боллоо. 

     Үүний зэрэгцээ Эрдэнэт үйлдвэр ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд  “Медипас” оношлогоо, эмчилгээний төвийг ашиглалтад бүрэн хүлээлгэн өгч, Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын барилгын ажлыг эхлүүлээд байна. Мөн Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болголоо.  

     2016 он бол манай хамт олны хувьд урлаг, спортын амжилт ялалтаар дүүрэн жил байлаа. Манай Технологийн сургуулийн Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн 3-р дамжааны оюутан О.Энх-Эрдэнэ “Авъяаслаг Монголчууд” шоуны Үндэсний ялагчаар тодорлоо. Болгар улсад болсон Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Хангарьд спорт клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ч.Марал-Эрдэнэ аваргаллаа. Мөн Дулааны цахилгааны станцын ажилтан О.Гантөмөр Пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо. Монгол улсын хоккейн шигшээ багийн ахлагч, олон улсын хэмжээний мастер, ХИУ-н маркшейдер Н.Мишигсүрэн, ЗМЗ-ын засварчин П.Батзаяа нар багаараа Азийн хоккейн цомын аваргын тэмцээнээс 4 дэх удаагаа хүрэл медаль хүртлээ. Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд Эрчим хүчний цехийн засварчин Д.Дэмбэрэлсайхан түрүүлж, Улсын мэргэн болсныг бахархалтайгаар тэмдэглэж байна. Эх орон, “Эрдэнэт“ үйлдвэрийнхээ нэр хүндийг өндөрт  өргөж яваа тамирчиддаа спортын улам их амжилт гаргахыг хүсье.   

     Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсан 2016 онд бид ажиллагчдынхаа цалин, орон тоог хөндөлгүй, хямралын эсрэг  хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж бүтээгдэхүүний өртөг, зардлыг бууруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ авсны үр дүнд манай хамт олон  оны төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ бүрэн  биелүүлсэн амжилтаар шинэ оноо угтаж байна. 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2016-2025 онд хөгжүүлэх концепцийг боловсруулж, уг концепцийн хүрээнд Ил уурхайд мөчлөг урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийн жилийн хүчин чадлыг 35 сая тоннд хүргэх компанийхаа ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.              

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үе үеийн уурхайчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг түншүүд, Орхончууддаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,

Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.БАДАМСҮРЭН