Дотнын хүнтэйгээ үүрд салах ёс хийнэ гэдэг эмзэг сэдэв учраас уламжжлал болсон далд оршуулах зан үйл нь эргээд бидэнд ямар хор хөнөөлтэйг тэр бүр мэддэггүй. Агаарын бохирдол хэмээх улиг болсон сэдэвтэй нийслэлчүүд олон оныг үдэж байгаа. Утаатайгаа тэмцээд ард нь гарлаа гэхэд хөрс, усны бохирдол гээд олон асуудал ард нь хүлээж байгаа. Улаанбаатарын хөрсний бохирдлын асуудалтай салшгүй холбоотой бэрхшээл бол чимээгүй хот.

Нийслэлийн хэмжээнд шарил чандарлах зан үйлийг “Улаанбаатар буян” хэмээх ганцхан компани хийдэг.  2013 оны статистикаар нийт нас барагсдын 40 хувийг чандарлах зан үйлээр оршуулдаг байсан бол энэ үзүүлэлт 2019 онд 21 хувь хүртлээ буурчээ. Нийслэлд буяны зан үйл хийх зөвшөөрөлтэй найм, зөвшөөрөлгүй 10 гаруй компани үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр компани 574 га талбайд оршуулгын зан үйл хийсэн бөгөөд 380 гаруй га талбайд нь зөвшөөрөлтэй, үлдсэн хувьд нь зөвшөөрөлгүйгээр хийжээ.

Манай улсад жилдээ 15-16 мянган хүн нас бардаг гэсэн тооцоо бий. Үүний 7500 орчмыг хотод хөдөөлүүлдэг. Өнгөрсөн жил нийслэлд нас барсан иргэдийн 40.3 хувийг чандарлан, үлдсэн 60 хувийг уламжлалт байдлаар оршуулсан байна. Шарилаас хамгийн багадаа 20 гаруй нэр төрлийн хорт бодис ялгарч байдаг аж. Нэг шарил бүрэн задрах явцдаа 320 кг нүүрсхүчлийн хий ялгаруулдаг байна. Ялангуяа шинэ шарилаас маш олон төрлийн хорт бодис ялгардаг юм байна. Газрын дээр байрлуулсан шарил цас борооны усаар угаагдан нам дор хэсэгт илүү их хорт нөлөөлөл үзүүлж байгаа аж. Уг нь ирээдүйгээ бодох юм бол үүнийг иргэд зөвөөр ойлгож байх хэрэгтэй юм. Нийслэлийнхээ зулай хэсэгт шарилын газар байгуулчихсан, түүнээс ялгарах хорт бодис нь хотын иргэдийг хордуулаад байж байна гэсэн үг. “Улаанбаатар буян” компанийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Түвшинбаяр “Хөрсөнд оршуулсан нэг шарил дунджаар хагас зуун жилд бүрэн задардаг. Тухайлбал зөөлөн эдүүд 3-5 жилд, хатуу эд яс 40-50 жилд бүрэн задардаг. Энэ задрах үйл явц нь агаарт 20 орчим төрлийн хорт хийг ялгаруулдаг. Шарил нь тодорхой өвчний нянгуудаар газрын хэвлийг бохирдуулж, тэдгээр нь олон жилийн хугацаанд өвчлөл үүсгэдэг.

 

Сүүлийн жилүүдэд нас барж буй гурван хүн тутмын нэг нь төрөл бүрийн халдварт өвчин болон хорт хавдраар нас барж байна. Тарваган тахал, халдварт шар, сүрьеэ, боомын савханцар зэрэг нянгууд нь 30-40 жил өвчлөл үүсгэх чадвараа хадгалдаг. Мөн нэг шарил бүрэн задрах явцдаа 320 кг нүүрсхүчлийн хий ялгаруулж, нэг ломботой шүднээс 2-4 грамм мөнгөн ус ялгардаг. 

Гэтэл энэ нь агаар дуслын замаар халдварлах бөгөөд агаарт хил хязгаар гэж үгүй. Хэн ч ялгаагүй бүх иргэд дээрх хорт бодисуудаар амьсгалж байна. Далд оршуулга нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нөлөөлөл ихтэйгээс гадна цөлжилт, хөрсний бохирдол зэрэг байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулах гол үндэс болж байгаа юм. Манай компани талийгаачийг чандарлах, газарт оршуулах, төрсөн нутаг руу нь буюу хөдөө орон нутаг руу аваачиж нутаглуулах зан үйлүүд голлон үйлдэж байна. Хотын нөхцөлд тохиромжгүй оршуулах зан үйл бол ил тавих. Ил тавьж байгаа хүмүүс дан ганц санхүүгийн асуудлаас болж ийм зан үйл үйлддэггүй. Талийгаачийн алтан савыг нээсэн зурхайч лам, бөөгийн өгсөн чиглэлийн дагуу оршуулах зан үйлийг үйлддэг. Манайхтай адил буддын шашинтай орнууд 90-100 хувь шахуу чандарлах зан үйл үйлдэж байгаа нь суурьшмал соёл иргэншилд хамгийн тохиромжтой оршуулгын зан үйл нь чандарлах гэдгийг харуулж байгаа юм” гэлээ.

 

Дэлхий дээр өдгөө минут тутамд 100 хүн нас барж байна гэсэн судалгааг “Экономик” сэтгүүл дурджээ. Дэлхий дахинд сүүлийн 10 жилд төрөлт, хүн амын тоо ихэсч байгаа ч нөгөөтэйгүүр нас баралтын тоо ч ихэсч байгаа аж. АНУ-д жилд 2.7 сая хүн бардаг аж. Түүнийгээ дагаад өндөр хөгжилтэй орнууд нас барагсдыгаа газар оршуулахаас илүүтэйгээр чандарлах зан үйлийг илүүд үздэг болоод удаж байгаа юм. Дэлхий нийтэд хүн амын тоо өсч, эдийн засаг тэлэхийн хэрээр газрын үнэ өсч, олголтын хэмжээ буурч байгаа аж. Тухайлбал АНУ-д нас барсан иргэнийг газарт оршуулах зардал нь хоёр талийгаачийг чандарлах зан үйлтэй тэнцдэг аж. Манайхтай адил буддын шашинтай Азийн орнууд 80-90 хувьтай чандарлах зан үйл хийдэг байна. Харин манай улсад эсрэгээрээ чандарлах зан үйл нь иргэдийн амьжиргаанаас өндөр үнэтэй байна. Тухайлбал зөвхөн чандарлах үйлчилгээг хамгийн багадаа 980 мянган төгрөгөөр үзүүлдэг аж.

2018 онд “Хүчит шонхор” дэд станц барихаар далан давхрын оршуулгын газарт байсан 40 гаруй хөшөөний дорх шарилыг цэвэрлэсэн байдаг. Гэвч үнэн хэрэгтээ газар дээрээ хөшөөгүй, нэр нь мэдэгдэхгүй, яс нь задраагүй 700 гаруй шарил дор нь байсныг ажил гүйцэтгэгч нь хэллээ.

 

 

Б.Намуунтамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин