Засгийн газраас экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийг дэмжих 1151 төсөл хүлээн авснаас 888 төслийг эхний ээлжинд шалгаруулсан. Энэ төслүүдээс хэрэгжих боломжтой, эдийн засагт үр өгөөжөө өгөх төслүүдэд нийт нэг их наяд төгрөгийг энэ жил зарцуулна гэсэн тооцоог Засгийн газар гаргаад байгаа билээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "Засгийн газраас энэ жил үйлдвэржилтэд нэг их наяд төгрөг зарцуулахаар болсон бөгөөд нийт 1151 төсөл ирүүлснээс 59 төсөл давхардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй байсан бөгөөд давхардаагүй дүнгээр нийт 1088 болсон төсөл шалгаруулсан. Үүнээс 200 төслийн зорилгод нийцээгүй гэж үзээд 888 төслийн шалгаруулалтыг Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яам хамтран хийж буй. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдээс эхний ээлжинд 888 төслийг сонгож аваад байгаа юм байна. Тодруулбал,  нийт ирсэн төслүүдийг  шалгаруулж, цаашид эдийн засагт үр өгөөжөө өгөх төслүүдийг судалж, эхний шалгаруулалтыг хийсэн байна. 

Шалгарсан 888 төслийн санаачлагчид арилжааны аль ч банкинд хандан, зээл авах боломжтой. Санхүүжилтийг олгох Хөгжлийн банкны зүгээс төсөл санаачлагчдад үндсэн дөрвөн нөхцөлтэйгөөр зээл олгох юм. Үүнд, 5 жил хүртэл хугацаатай, жилийн 9-өөс илүүгүй хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 12 сараас доошгүй байх бөгөөд зээлийг төгрөгөөр олгох аж.

888 төсөлд нийт 7,3 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд үүнээс 4,2 их наядын зээл авах хүсэлтийг ирүүлээд байгаа аж. Ирүүлсэн төслүүдээс долоон салбарын  экспортыг, найман салбарын импортыг дэмжих төслүүд байгаа юм.Урьдчилсан тооцоогоор 888 төслийг дагаж 40 мянган ажлын байр болохоос гадна нийт төслүүдийг үр ашиг 55 сарын дотор гарна гэсэн тооцооллыг гаргаад байгаа аж.  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “888 төслөөс олонх нь барилгын материалын үйлдвэрлэл багтаж байна. Бүтээн байгуулалтыг хийх гэж байгаа бол барилгын материалын үйлдвэрлэлээ бид дэмжих ёстой. Мөн хамгийн бага зээл таван сая бол хамгийн өндөр төсөл нь 285 тэрбум төгрөгийг зээл хүссэн байсан” гэлээ. 

Үйлдвэржилтийг дэмжих төслүүдэд олгон зээлийг төгрөгөөр таван жилийн хугацаатайгаар олгох юм байна. Харин хүүгийн хувьд есөн  хувиас  илүүгүй байхаар тооцооллыг гаргаж, эхний нэг жилийн хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөхгүй, зөвхөн хүүгийн төлбөрийг төлөх юм. Ирүүлсэн төслүүдээс шалгарсан төслүүд зээлээ өөрийн хүссэн арилжааны банкнаас авна.

Харин энэхүү 888 төслийг эсэргүүцэгчид олон байна. Тэдний нэг нь Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд, эдийн засагч О.Чулуунбат "Монголд 400 гаруй өрмийн компани ажиллаж байлаа. Өнөөдөр бараг бүгд сул зогсч байна. Маш олон уул уурхайн компани үйл ажиллагаагаа түр зогсоосон. Тэрийг дагаад тээврийн компаниуд зогсч, олон тооны жолооч ажилгүй боллоо. Гэх мэтчилэн үр дагавар нь маш олон л доо. Тиймээс уул, уурхайн бүтээгдэхүүнээ өрсөлдөх чадвартай болгох хэргтэй. Тэгэхгүйгээр компьютер, зурагт хийнэ түүнд нь Засаг хөрөнгө оруулна  гэвэл үр дүнгүй хөрөнгө оруулалт болно. Вьетнамд 70 долларын цалинтай оёдолчин байхад манай 400 долларын оёдолчид хувцас хийгээд өрсөлдөж чадахгүй. Дэлхий дээр бүх зүйлийг үйлдвэрлэж чаддаг улс гэж байхгүй. Улс бүр өөрийн давуу талаа хөгжүүлдэг. Бидэнд байгаа давуу тал бол уул, уурхай хөдөө аж ахуйн салбар юм. Үүнийгээ л хөгжүүлэх ёстой болохоос өөр зүйлээр оролдох шаардлага байхгүй" хэмээсэн.

Мөн эдийн засагч Б.Хашчулуун "Оюутолгой, Тавантолгой, ТЭЦ5, шинэ нисэх буудал, төмөр зам болон хүнд аж үйлдвэрийн төслүүдийн хувьд ахиц гаргах нь нэн чухал байна. Үүнийг эдийн засагч нар бүгд ойлгож байгаа боловч, дорвитой шийдвэр, бодлогын алхмууд хийгдэхгүй, эсвэл хойшлогдож 2012 оноос хойш хоёр жил боллоо. Үүнийг дагаад маш олон худалдаа эргэлт хийж эдийн засаг дахь царцанги байдал арилна” гэв.

Уг нь үйлдвэржилтийг дэмжих бодлогын хүрээнд Чингис бондны санхүүжилтээр ажлын байр бий болгосон. Үндэсний хэдхэн сайн төслүүд зээлийн эх үүсвэртэй болчихвол болох л хэрэг. Таван жил буюу 60 сарын хугацаатай, хүү 9 хувиас хэтрэхгүй байх, зээл авсан эхний нэг жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх болзолтой нь сайхан л юмсан.

Х.Даваа