...Алтан шаахай өмсөвч
 
Алцан майга нь хэвээрээ... хэмээн билэг танхай найрагч Р.Чойном хэлсэн нь бий. Угаас улс төрийн “зөн”-тэй шүлэг найраг урсгасаар одсон түүний “үг”-үүд өнөөдөр чухам л биеллээ олж байх шиг.
 
Батсүхийн Наранхүү гэж нэг эр бий. “Мон-Уран”-ы Наранхүү гэхээр хүмүүс андахгүй. Газрын бизнес эрхэлдэг байсан гэгддэг. Нэлээн бий­лэг­жүү. Морь уяна. Тод манлай уяач Э.Эрдэнэ­чулууны “Амгалан төрийн ажнай” шарга азарга Б.Наранхүүгийнх гэдэг. 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. Мань эр УИХ-ын албан ёсны сайтад өөрийнхөө товчхоон намтрыг бичээд оруулчихаж. “...Б.Наранхүү  1979-1986 онд Дундговь аймгийн нэгдүгээр 10 жилийн сургууль, 1986-1989 онд МУИС-ийн дэргэдэх математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг тус тус төгссөн.
 
Тэрбээр 1999-2012 онд “Мон-Уран” ХХК-ийн ерөнхий захирал, 2005-2012 онд “Инвэкс” ХХК-ийн ерөнхий захирал, 2008 оноос “Дүнжингарав” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2012 оны сонгуулиар  УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Орос хэлтэй...” гэсхийгээд өндөрлөж байна.
 
Өөрөөр хэлбэл, газрын наймаа хийж, морь уясаар 2012 оныг хүргэсэн энэ залуу төрийн түшээ болов. Гэсэн ч мөнөөх наймаа панзаа хийж, компаниа эргэж тойрохгүй бол байж сууж чаддаггүй бололтой. Өнгөрсөн жил “Паркаа аваръя” хэлэлцүүлэг уулзалт болох үед Б.Нарахүү оччихсон “Манай Мон-Уран компани бол...” гэчихсэн тууж явсан. Дараа нь баахан донго авсан.  “Төрийн түшээ хүн чинь хувийн компаниа ярьдаггүй юм байхгүй юу” гэдгийг хэр баргийн хүн ойлгочихмоор л түншүүлж байлаа.
 
Тэр явдал нь тэгсгээд өнгөрч, Залуучуудын холбооныхны сөхөж тавьсан паркийн асуудал шиг л нам жим болов. Харин хэд хоногийн өмнө infomongolia.com хэмээх гадаадын сайтад “Монголд хамгийн өндөр 68 давхар барилгыг Никкэн Сэккэй групп барихаар боллоо” гэдэг гарчигтай мэдээлэл гарчээ. Сайтад бичихдээ “2014 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хоёр тал гэрээнд гарын үсэг зурлаа. Никкэн Сэккэй группыг төлөөлөн Мицоу Накамура, “Мон-Уран” компанийг төлөөлөн Б.Наранхүү, Б.Оюунчимэг нар гарын үсэг зурлаа. Энэ бол Улаанбаатар хотод босч байгаа хамгийн анхны 300 метр өндөр,68 давхар цамхаг юм. Хүүхдийн паркийн 110 ам.метр талбайг эзэлсэн энэ цамхаг нь газар хөдлөлтөд тэсвэртэй хамгийн сүүлийн үеийн технологиор баригдана. Энэ цамхаг дотор орон сууц, таван одтой зочид буудал, оффис, худалдааны төв зэргийг дэлхийн стандартад нийцсэн байхаар шилдэг менежменттэй багийнхан хийж гүйцэтгэнэ. Барилгын ажил 2014 онд эхлэн, 2018 оны арванхоёрдугаар сард дуусна” гэжээ.
 
Юутай ч Монголд анх удаа 68 давхар барилга барих гэж байгаа “Мон-Уран” компанийнханд баяр хүргэе. Сайхан мэдээ байна. Харин тус компанийг төлөөлөн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуран, япон түншийнхээ гарыг атгаад, нүүрэндээ тун чиг сайхан баярын мишээл тодруулан зогсоо Монгол Улсын Их хурлын эрхэм гишүүн, Монгол төрийн түшээ Батсүхийн Наранхүүд харамсаж байгаагаа илэрхийлье.
 
Монгол төрийн хүний ёс жудаг, баримтлах дүрэм гэж бий. УИХ-ын 2009 оны 34 дүгээр тогтоолын хавсралт болгож УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гээчийг баталсан байдаг. Эрхэм гишүүн болсон хүн тангараг өргөхдөө л үг үсэг бүрээр нь цээжилж, бүрэн эрхийнхээ хугацаанд ба бэ-гүй мөрддөг “цаас” л даа, уг нь.
 
Энэ ёс зүйн дүрмийн 3.1.3-д “...албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахгүй байх...” зэрэг эрхэм гишүүдийн сахих ёстой олон хориг бий. Гэвч Б.Наранхүү хууль, дүрмээс дээгүүр салхилдаг тийм том хүн үү, эсвэл  юм уншдаггүй, юу ч ойлгодоггүй нөхөр үү. Байсгээд л “Мон-Уран”-аа төлөөлчихсөн, болох болохгүй юм хийчихээд зогсож байх ажээ. Хэрэв тэр өөрөө энэ мэтийн хууль дүрмээ уншиж чаддаггүй юм бол хэн нэг нь уншиж өгөөд, сонсгочихмоор байгаа юм. Ийм хүн байна уу гэж асуумаар.
 
Уг нь тэр УИХ-ын гишүүн. “Мон-Уран” биш Монгол Улсыг төлөөлөөд ярьж байх учиртай. Улсын хэмжээнд ярьж чаддаггүй юм гэхэд  ядаж   Дундговио яриад байхад болох л байлаа.               
 
Ерөөс тэр төрийн хүн биш ажээ. Чуулганд сууна гэж байхгүй. Өнгөрсөн намрын чуулган нийт 39 удаа хуралджээ. Мань Б.Наранхүү 21 хуралдааныг тасалсан байх юм. УИХ-ын Тамгын газраас өгсөн мэдээллээр энэ хүн 21 “тас”-ынхаа 13-т нь ямар ч хэл үггүй алга болж тасалсан гэнэ. Номыг нь сурдаггүй юм гэхэд номхоныг нь... гэсэн сайхан монгол үг бий сэн.
 
Б.Наранхүү УИХ-ын гишүүн болоод бараг хоёр жил болох нь.Муухай дээр улцан... гэгчээр  бие даагаад хүнд хэрэгтэй ганц сайхан хуулийн төсөл дээр ч суусангүй. Энэ хүн төрийн ажлыг иймэрхүү л “хийдэг” нэгэн. Тиймээс ч их хурал дахь хамгийн хэрэггүй хүнээр байнга шахам тодорч, тэндээс чирээд гаргах  хүмүүсийн жагсаалтын нэгдүгээрт хурдалсаар хоёр жил боллоо.
 
Хүнд байх ёстой газар гэж байдаг ажээ. Б.Наранхүү бол тийм л хүн. Тодруулж хэлбэл, морио уяад, олон давхар байшин барих гэрээгээ хийгээд явж байвал таарах хүн. Харин төрийн түшээ, эрхэм гишүүн байна гэдэг Б.Наранхүүд лав зохихгүй бололтой дог.
 
Нийтлэлч Б.Дамдиндорж