Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаан   09:00 цагт эхэлсэн.   Хуралдаанаар  дөрвөн асуудал хэлэлцсэн. Тодруулбал

1.      Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлт:

2.      Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.       “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

4.      Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд –ийг хэлэлцсэн юм.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2014 оны гуравдугаар дүгнэлтийг чуулганы эхэнд хэлэлцсэн. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа танилцуулж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн.  Өөрөөр хэлбэл   67 гишүүний 55 гишүүн зөвшөөрч, 82,1 хувийн саналаар байнгын хорооны санал дэмжигдэн, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг баталлаа. 

Өнөөдрийн чуулганы  хоёр дахь асуудал болох “давхар  дээл” тайлах эсэхийг хэлэлцэхэд  МАХН-МҮАН-ын  “Шударга ёс” эвслийн бүлгээс сайтар танилцах шаардлагатай байгаагаа мэдэгдэж завсарлага авав.

Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор танилцууллаа. Дээрх санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж түүндээ хариулт авсаны дараа саналаа илэрхийллээ.   Хэлэлцэж буй асуудлыг тодруулж ярих шаардлага байгаа тул Улсын Их Хурал дахь  МАН- ын бүлэг 5 хоногийн завсарлага авав.

Улсын Их Хурлын гишүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх хүрээнд хууль санаачлагчийн илтгэл, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотой асуулт, хариулт явуулж, саналаа илэрхийллээ.

 

   Байнгын хорооны саналаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.  Үүгээр өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган өндөрлөсөн юм.  

Маргааш УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Бид  хуралдааны талаар  эргэн мэдээлэх болно.  

А.Баярмаа