Номын маань анхны хэвлэл гарснаас хойш 25 жилийн дараа уншигч тантай дахин учирч буйдаа баяртай байна. Тэрнээс хойш цаг улиран одохын хэрээр би ч номоо нэлээд өргөтгөлөө. Нийтдээ энэ номыг бичихэд 33 жил зарцуулсан нь нийт амьдарсан насны маань тэн хагасыг эзэлжээ.

Хоёр дахь хэвлэлийг 2006 онд хэвлүүлсэн. Тэнд 1946-1992 оныг хамруулсан дөрөв дүгээр дэвтрийг нэмж оруулсан юм. Гурав дахь хэвлэлийг 2016 онд нэмж бичин дуусгахдаа ерөөс ХХ зуун хүртлэх эхний хэсгийн түүхийг нэг мөсөн бичиж дүүргэе гэсэн санаа сэдсэн хэрэг. Ялангуяа Оросын болоод Тайваний архиваас нэлээд материал шинээр олдсон. Мөн Иран, Түрэг, Хятад, Польш, Солонгосоос ч эртний Төв Азийн нүүдэлчид болоод дундад зууны монголчуудын тухай түүхийн арвин баримт байдгийг олсон хэрэг. ХХ зууны эхэн үе болоод Манжийн үеийн маш сонирхолтой олон материал Тайваний архиваас олсныг НЭПКО хэвлэлийн компаниас эрхлэж орчуулан Гадаад Монголын дотоод нууц гэсэн товхимол хэвлүүлсэн ба тэндээс ч Гурав дахь хэвлэлд нэлээдийг ашигласан болно. 

Энэ номыг 1999 онд Кэмбрижийн Их сургуулиас англи хэлээр орчуулан гаргасан нь зохих нэр хүнд олох болон бусад хэлээр орчуулагдахад их түлхэц болсон юм. Англи орчуулгын эх нооргийг хийсэн С.Бүрэнбаяр гуай, Д.Сүхжаргалмаа хатагтай, Х.Хулан хатагтай, Н.Туяа хатагтай болон орчуулгыг хяналцсан Карол Форсэт хатагтай, Кандис Пүрнэлл хатагтай, орчуулгыг хянан тохиолдуулсан доктор К.Каплонски, англи хэлээрх хэвлэлтийг санаачилж, зуучилж, холбож өгсөн Эдвард Стори гуай нарт маш их баярлаж явдаг. 

Мөн хоёр дахь хэвлэлийн анхны гадаад орчуулга болох орос хэлэнд хөрвүүлсэн Михаил Миронов, Г.Оюунбилэг хатагтай, Д.Ундрах хатагтай, Х.Оюун хатагтай, Н.Хонгорзул хатагтай болон орчуулгыг хянан тохинуулж нэгтгэсэн Оксана Доржиева нарт дахин дахин талархаж буй. Орос хэлээр орчуулахыг санаачилсан Татарастаны Ерөнхийлөгчийн туслах Искандер Муфлиханов гуай болон үүнийг нь дэмжин хэрэгжүүлсэн Татарастаны Ерөнхийлөгч асан Минтимир Шаймиев гуай нарт их баяраллаа.

Гурав дахь хэвлэлийн анхны гадаад хөрвүүлэг болох франц орчуулгыг гүйцэтгэсэн Б.Алтынгул багш, С.Булгантамир багш, Н.Мөнх багш нар болон хянан тохинуулалцсан Г.Луузан гуай, Л. Өсөхбаяр гуай нарт талархаад ханашгүй. Ялангуяа нийт орчуулгыг үзэж хянан засварлаж нэг мөр болгосон ерөнхий редактор Галлэ Лаказэ маш их тус болсныг онцлон хэлж талархалаа илэрхийлье. Франц хэлэнд орчуулах санаачлага гаргасан Д.Далайжаргал гуай, элчин сайд А.Баттөр, үүнийг дэмжин ажил болгосон ЮНЭСКО-ын Ерөнхий захирал Одри Азулай хатагтай, ЮНЭСКО-ын Ерөнхий захирлын туслах Фирмин Матоко гуай нарт гялайлаа.

Дөрөв дахь хэвлэлийг бичих зайлшгүй шаардлага саяхнаас гарсан юм. Магадгүй энэ нь миний гуч гаруй жилийн хөдөлмөрийн сүүлчийнх нь байх, дахиж нэмж бичихээс “зүрхшээж” байна. Анхны хэвлэл 450 хуудастай 400 гаруй эшлэлтэй байсан бол дөрөв дахь хэвлэл 1300 орчим хуудастай, хоёр мянга гаруй эшлэлтэй болжээ.

Түрүүчийн хэвлэлүүдэд  Монголын түүхийг 1984 он хүртэл бичиж төгсгөсөн. 1992 онд шинэ Үндсэн хууль батлах хүртлэх хойшхи түүх нь ердөө хэдхэн хуудсанд багтаасан ерөнхий тойм байв. Энэ удаа 1984-1992 он хүртэл түүхийгнэлээд дэлгэрэнгүй шинээр бичлээ. Ерөөсөө Монголын түүхийг бичиж эхлэх тэртээ олон жилийн өмнөөс энэ бүтээлээ хөндлөнгийн нүдээр бичнэ гэж шийдсэн байсан. Гээд ялангуяа 1990-1992 оны хоорон зохиогч миний бие нийгмийн амьдралд нэлээд оройлтой оролцсон болохоор бичиж чадахгүй өдий хүрсэн билээ. Гэтэл хэдэн мянган гэрч одоо ч амьд сэрүүн байсаар атал энэ хооронд олон бичиглээчид түүхийг гуйвуулан, байсныг нь үгүйсгэж, байгаагүйг нь санаанаасаа зохиох нь элбэг харагдах болсон учир тухайн түүхэн явдлын голлох гэрчийн нэгийн хувьд зориглон бодит үнэнийг өгүүлсэн минь энэ. Гэхдээ энд өөрийн тухай огт дурдаагүй, “хөндлөнгийн нүдээ” хадгалахыг чармайсан шүү.

1939 онд Монголын дорнод хязгаар Халх голд Япон, СССР хоёр байлдсан цаад учир шалтгаан, логик, зорилго огт олддоггүй. Энэ талаар олон ном, өгүүлэл, дурсамж, тайлбар олж уншсан боловч хоорондоо маш зөрүүтэй, биенээ үгүйсгэсэн чухам тэрнээсээ болоод учир шалтгаан байтугай болсон үйл явдал нь нэг мөр ойлгогддоггүй байлаа. Монгол, Зөвлөлтийн түүх бичлэг болохоор зөвхөн суртал нэвтрүүлгийн зорилготой байсан нь мэдэгдэхүйц, Өрнийн бичлэгт илэрхий факт баримт хангалтгүй байсан нь илэрхий, Японы энэ талаар бичигдсэн болон зохиогдсон  материал нь ичингүйрсэн, зайлсхийсэн шинжтэй ойлгогдохоор байсан. Харин 2016 оноос Оросын цэргийн түүхчид болох Евгений Трифанов, Владимир Воронов, Александр Крушельницкий нар СССР-ийн үеийн цэргийн нууцлагдсан архиваас Хасан нуурын болоод Халх голын тулалдааны тухай маш үнэт материалуудыг ил болгосноор сая нэг юм энэхүү болоод өнгөрсөн байлдааны учир шалтгаан, үнэн байдлыг хүнд ойлгомжтой болгож өглөө. Дайнд оролцогч хоёр талын нэгнийх нь факт баримт ил гараагүй тохиолдолд үйл явдлын бүрэн  зураглал тодрох бололцоогүй нь мэдээж хэрэг шүү дээ. Ингээд 1939 оны Халх голын тулалдааны тухай хэсгийг цоо шинээр бичлээ.

1937-1938 оны их хядлагын цаад учир шалтгааныг их гүрнүүдийн геополитик үндэсээс ойлгож бичихийг урьд хэвлэлүүддээ нэлээд чармайн оролдсон. Гэвч тэр маань бүрэн гүйцэд болж чадаагүй нь дараа дараагийн олдсон материалаас улам тод болж байна. Оросын архиваас олдсон нэлээд баримт ил болж хэд хэдэн ном болон хэвлэгджээ. Иймээс хядлагын тухай баримт, СССР-ын зүгээс яагаад Монголд аллага хядлага зохион байгуулсан, тэр нь юунд чиглэгдсэн байсан талаар илүү мэдээлэлтэй болж энд нэлээд том засвар оруулан олон баримт нэмлээ. Ялангуяа доктор Ч.Дашдаваагийн Оросын архиваас олж илрүүлсэн олон баримт энд түүхийн логикийг гаргаж ирэхэд их тус боллоо.

1921 оны Ардын хувьсгалын цаад мөн чанар, Зөвлөлт Оросын төрийн прагматик бодлого ба Коминтерний хувьсгал хийх гэсэн хийрхүү үзлийн хоорондын зөрчилдөөн, ээлжлэн ялалт байгуулсаар 1932 онд Сталины хатуу прагматизм дийлсэн түүхийн учир шалтгааны талаарх материал ч нэлээд ил болж холбогдох архивийн баримт нээлттэй болсонтой уялдуулан нэлээд засвар хийв.

Автономит Монголын түүхийн цаад логикийг гаргаж чадаагүй явсан алдаагаа ойлголоо. Үнэндээ хуурай үйл явдлын цуглуулга байжээ. Эрдэмтэн түүхч Ц.Пунцагноров агсны даацтай бүтээлүүдийг судлаагүй өдий хүрчээ. 1910-1920 оны Монголд өрнөсөн үйл явдлын талаар маш дэлгэрэнгүй их материал Тайваний архиваас ил гарсан нь асуудлыг сүрхий ойлгомжтой болгож өгөв. Энэ хооронд архивын олон материалд түшиглэж Б.Цэнддоогийн бичиж хэвлүүлсэн Гончигжанцангийн Бадамдорж бүтээл энэ бүх баримтуудыг нэгтгэн гаргалгаа хийсэн нь миний номын хоёрдугаар бүлэг болох “Хутагтууд ба хувьсгалчид” хэсэгт учир шалтгаантайгаар амь оруулж бараг цоо шинээр бичлээ. Үүнийг Хятадад болж байсан иргэний дайн, мөн зэрэгцээд Орост болж байсан иргэний дайнтай нягт холбон тайлбарлаж байж цогц ойлголт болох юм      байна. Японы монголч эрдэмтэн Тачибанагийн олж ирлүүлсэн олон сонирхолтой баримт, ялангуяа тухайн үеийн Өвөр Монгол дахь нөхцөл байдал болон тэдний Гадаад Монголд хандаж байсан харилцааны архивын материал тэр үеийн бодит  байдлыг ойлгоход их тус болсон.

Манжийн үеийн 200 гаруй  жилийн цадиг төдийлөн сайн судлагдаагүй сэдэв юм байна. Тэгээд ч энэ талаар хамгийн дорвитой судалгаа хийсэн академич Ш.Нацагдорж агсны бүтээлүүдтэй нарийн танилцаагүй явсан нь миний нүгэл. Францын академич Грүссэгийн The Empire of the Steppes, A History of  Central Asia хэмээх нэлээд хроник шинжтэй, гадаад өнгөнөөс нь бичсэн бүтээлээр баримжаалж байсан бол энэ удаа ялангуяа тэр үеийн Хятадын эх сурвалжтай танилцан,      Ш.Нацагдоржийн бүтээлд тусгасан нийгмийн цаад харилцаанд хийсэн анализ дүгнэлттэй сүлэлдүүлснээр нүүдэлчдийн бүхий л түүхэнд монголчууд 200 жил элдэв дайн байлдаангүй тайван амьдарсны учир шалтгаан гарч ирж байна. Энэ  хэсгийг бараг л тэр чигээр нь шинэчлэн бичлээ.

Овэн Латтиморын Inner Asian Frontiers of China бүтээлийг Төв Азийн эртний нүүдэлчид ба хятадуудын харилцааны тухай хамгийн шилээвэр  бүтээл гэж үздэг. Гэтэл Хятадын түүхч Линь Гань гуайн энэ талаарх бүтээл маш дориун, илүү мэдээлэлтэй, эртний хятадын түүхийн баримт материал ном судраас тун их эшилсэн гайхалтай тууривал юм байна. Эртний нүүдэлчид, түүний дотор монголчуудын тухай үнэн хэрэгтээ хятадаас өөр эх сурвалж тун ховор, бараг байхгүйтэй адил шүү дээ. Харин сүүлийн үед генетикийн ухаан ихэд хөгжсөний хүчээр митохондрийн ДНХ-г ашиглан үндэстнүүдийн гарал үүсэл, нүүдэл, цаг хугацаа зэргийг тодорхой хэлж чадах болсон нь түүхийн  шинжлэх ухаанд урьд байгаагүй их гаргалгаа, бололцоо өгч байна. Иймээс энэ болгоныг багтаан өөрийн номын энэ хэсэгт маш их засвар болон оруулга,  нэмэлт хийсэн болно. 

Нүүдэлчид, тэр дотор монгол хүмүүсийн нийгмийн бүтэц байгууламж,   хүн хоорондын болон хүн байгалийн харилцан хамаарал харилцаа, социал  орчин, хүнийх нь сэтгэлгээний этнопсихологи өдий хүртэл олигтой судлагдаагүй сэдэв юм байна. Хамгийн гайгүй гэх нь Владимирцовын бүтээлүүд  гэж хэлж болно. Мэдээж өөр гадаадын ажиглагчид өөрт нь байдаггүй онцлогийг   ажиглан хачирхаж, сонирхож, зарим нь судалсан олон материал бий л дээ.  Гэхдээ системтэй судалгаа байхгүй.

Харин энэхүү орхигдсон сэдвээр системтэй судалгаа хийж, маш нарийн анализ, дүгнэлт, гаргалгаа хийн шинжлэх ухааны эргэлтэд оруулсан анхны судлаач нь Б.Цэнддоо гэж бодож байна. Тэрээр Төв Азийн нүүдэлчид, эртний монголчуудын нийтлэг сэтгэлгээ, ахуй, эндээс үүдсэн амьдралын философи, амьдрах арга зэргийг нэлээд бүтээлдээ тодорхой тусгасанаар эртний монголчуудаас эхлээд манжийн болон социализмын үеийн монгол хүний нийтлэг төрхийг судлан, товойлгож гаргаж ирсэн юм. Энэхүү цэнддоогоор судлагдсан монгол хүн нь өнөөгийн бидний зан ааш, сэтгэлгээний онцлог, этнопсихологи, социопсихологи, нийгэмтэйгээ зохицож буй байдлыг ч тодорхой үзүүлж чадсан, үзүүлсээр ч байна. Номын үйл явцыг зураглан гаргахдаа энэхүү “жинхэнэ” монгол хүний амьдралын философи, язгуур араншинтай нь уялдуулан үйлдэл явдлынх нь үнэн зорилго, шалтгаан, үр дүнггаргаж тайлбарласнаар илүү логиктой болж ирлээ гэж өөртөө дүн тавьсан шүү. 

Түүхийн шинжлэх ухаан дотроо архив судлал, археологи, намтар судлал, түүхийн сурган гэх мэт олон салбар мэргэшилд задран хуваагддаг. Яг л анагаах ухааны эмчилгээ нь хүүхдийн, хамар хоолойн, мэс заслалын гэх мэтээр цааш мэргэшдэг шиг. Мөн хүний түүх нь 40 мянган жил биш гэхэд үгүйдээ л иргэншил үүссэн 6 мянган жилийг хамаардаг болохоор тодорхой цагийн үе шат, газар орны бүлэглэл, тухайн үндэстний тухай, бүр цаашлаад тодорхой хүний тодорхой үеийн талаар ч гэж нарийвчлан хуваагдана.

Түүхийн шинжлэх ухаанд “Түүх бичлэг” гэж бас нэгэн том цар хүрээ бүхий маш чухал, аягүй бол тэргүүлэх ч байж магадгүй салбар бий. Түүх бичлэг нь тодорхой үе, салбар, газар орны цэдгийг сонгон олон түүхчдийн бүтээлүүдийг цуглуулан “оёж” нэг системд оруулаад нэгдсэн дүгнэлт, гаргалгаа өгдөг ухаан. Түүхийн шинжлэх ухааныг өөрийг нь судалдаг ухааныг Historiography гэдэг ч гэж тайлбар тольд “тайлбарлах” юм билээ. Миний бүтээл бол Монгол түүх хэмээх түүх бичлэг болой.

Энэ шинэ хэвлэлд орсон нийт мянга гаруй хүний нэрсийг нийтэд ойлгомжтой болгох үүднээс журамлан төрсөн үхсэн огноо болон юу хийж байсныг тоймлон жагсаалаа. Мөн газар орон уул усны бүх нэрсийг индекслэв.

Монголынхоо түүхийг (“Монголын түүхийг” гэх нь зүйтэй байх, яагаад гэвэл энэ бүтээлээ би аль болох тэс хөндлөнгийн нүдээр бичих гэж олон жил чадан ядан зүтгэсэн) бүтэн зураглалаар гаргах гэж гуч гаруй жил чардайсан мэрийлт маань энэ хүрээд өндөрлөж байна.

 

2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр.

БААБАР овогт Бат-Эрдэнийн Батбаяр