2013 онд юм аа. Хар нүдтэй, даруухан бор хүү хэрэгтний ширээнд толгой гудайн сууна. Түүнийг хүний өмч хөрөнгөд хохирол учруулсан хэргээр яллаж буй. Хохирол нь автомашины цонхны шил хагалсан гэм буруу. Шилний төлбөр болох 60 мянган төгрөгийг 16 настай хүү төлөх чадамжгүй байв.

Түүний төлөө гүйх, өнөөх хохирлыг барагдуулаад, өмөөрөх хүн шүүх танхимд байгаагүй. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн шүүхээс 16 настай А.Г-д Эрүүгийн хуулийн 145.4 зүйлээр 10 жил, зургаан хоногийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Хүү Хүүхдийн хорих 411 дүгээр ангид хоёр жил ял эдэлсэн. Өдгөө мэдээж засарчихсан, 21 орчим настай залуу хархүү  яваа байх аа. Хэн нэгэнд хохирол учруулсан бол барагдуулах ёстой, хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ 16- хан настай хүү 60 мянган төгрөгийн төлбөрөөс болж, амьдралынхаа хамгийн чухал 10 жилийг торны цаана өнгөрүүлсэн түүх энэ билээ. Энэ жишээг юуны учир хөндөв гэдгээ тодруулах нь зүйтэй биз ээ.

Цахим орчны гэгдэх хэтэрхий олон “хэрэгцээгүй” мэдээлэл дунд инээж, уйлж, шуурч, дүүрч, сэвж, хөөсөрч, будилцгааж байх зуурт монгол хүний ой санамжийг ердөө 24, 48, 72 цагийн багтаамжтай болгодог далдын далд хүч үйлчлээд байна. Өдгөө бид хүүхэд хүчирхийлэлд өртөж амиа алдвал гурван хоног, хуулийг хэн нэгэн нь наймаалцаж, ял завшсан бол хоёр хоног, хэн нэгэн дарга, сайд төрийн мөнгөөр туйлсан бол ганц хоног л амаа мэдэхгүй баалж, зүгээ мэдэхгүй зүхэж хараагаад л маргааш нь хачин сайхан ааштай болчихсон тууж явцгаах болжээ. Өнөөх хараал зүхэл, үймж, гуньсан олон хаашаа одов гэмээр амттай хоол, тансаг үдэшлэг, өмссөн зүүснээ гайхуулцгаагаад баалж, шийтгэх ёстой өнөөх гол харлам хэргүүд эздийнхээ хамт мартагдчихсан байх.

Ийм л ой санамжгүй олон болж хувирлаа, монголчууд бид. Яг ийм бодол сэтгэлд үерлэхтэй зэрэгцэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазар тамгаа гардан авч байна. Түүнийг “Хамгийн хортой могой” гэдгийг улс төрийнхөн хэлдэг ч тэр бүр тэмтрүүл нь ил харагддаггүй гэх юм билээ. Гэвч Улаанбаатарыг удирдахаар тамгаа гардахтай нь зэрэгцэн төрсөн дүү Д.Сэржбүдээдээ “Газком” компаниар дамжуулан Улаанбаатарын хийн зах зээлийг “базах” боломж олгож, тусгай зөвшөөрөл олгосон нь баримтаар илчлэгдэв. Гэвч энэ бүхнийг нийслэлийн иргэд төдийлөн хор, уршигтай асуудалд тооцсонгүй юу, чимээгүй л шинэ даргаа угтаж авлаа. 

Тэгвэл яг Сумъяа дарга шиг уртын урт тэмтрүүлтэй хувалз Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын сэнтийд заларчээ. Гартаа Монголын хамгийн том, хамгийн чухал яамны тамга атгачихсан энэ хувалз төрийн мөнгөөр үр хүүхдээ сургасан баримт бидний өмнө ил боллоо. Баримтыг сийрүүлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнгөрсөн 2019 онд "Монголросцветмет" ТӨҮГ-т Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа сард 17 сая төгрөгийн цалин авдаг байсан ч Ё.Амира, Ё.Арвис гэх хоёр хүүхдийнхээ "Гёте" сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг төрийн байгууллагын данснаас шилжүүлдэг байсан нь баримтаар дэлгэгдлээ. Г.Ёндон нь Монгол Улсын зөвлөх инженер гэх гоё сэтэртэй. Ажлаа авсан даруйдаа Асгат, Салхитын гэх томоохон ордуудад ажилласан түүний дотор өөр ямархан хэмжээний хулгайлах, шамшигдуулах, зарах, хувь хүртэх далд хүсэл уяатай явааг бид таашгүй. 

Гурван гарааш, 152 сая төгрөгийн хадгаламж, 30 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, дөрвөн тусгай зөвшөөрөл, 460 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр байрандаа ханахгүй энэ мэтээр авах, хулгайлах сэтгэлээ “тэжээсээр” яваа Г.Ёндон гэх хувалзаас сайдын тамгаа авъя. Хэрэв Г.Ёндон шиг мянга мянган хүнийг ял завшуулж, албан тушаалаар шагнаж, эрх мэдэл олгосоор л байвал Монголын төр хувалз, хачигтаа баригдсан өттэй хонь шиг болох нь ээ. Монголын төрийн нуруун дээр гараад мордчихсон бүхэн хувалз шиг хошуугаа мөнгөтэй бүхэн рүү чихчихээд суувал ядуу Монгол ялзрахад тун ч ойрхон байна.Яг тэдэн шиг хувалз Монголын төрд хэдийн зуу зуугаараа, мянга мянгаараа шургалчихсан нь дараах жагсаалтаас тодхон харагдана. Жагсаалтаас дурдвал, хийсэн гэм, учруулсан хохирол нь тодорхой болсон ч хуулийг гууль болгох ажиллагаанд шилжсэн нөхөд үүн дотор бишгүй. 

Тухайлбал, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашиглан их хэмжээний хөнгөлөлттэй зээл авч, “Капитал” банкаараа олон чухал сангийн мөнгийг угааж, залилаад, түмний мөнгийг салхинд хийсгэж, дампууруулсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, Д.Дамба-Очир нар ял “наймаалцах”-аар 30 сая төгрөг бэлдчихсэн төр, түмнийг доромжилж сууна. Яг ийм зарчмаар хуулийг шороотой нь хутгаж, хэтэвч, эрх мэдлийн үнийг тогтоосон хүн бол “Баянзүрхийн банхар” хочит Б.Батзориг. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. 

Тэгвэл Б.Батзориг гээчийн араас Б.Ундармаа, Д.Дамба-Очир нар гартаа 30 сая төгрөг барьчихаад, хуулийг гууль болгох ажиллагаанд оржээ. Тэгвэл эрх мэдэлтний өмнө Монголын төр сөхрөхөд ямагт бэлэн буй жишээ дуусахгүй нь ээ. Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр нь Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тухай тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны наймдугаар сард тус компаниас нийт 57.5 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож байсан юм. Түүний албан өрөөг нэгжихэд дугтуйнд их хэмжээний бэлэн мөнгө хадгалж байсан аж. 

...Монголын төрд хамаарах томоохон яам, агентлаг, төрийн өндөр албан тушаалд дэвшээд явсан нөхдийн амьдарч, ажиллаж ирсэн ул мөр, дүр зураг энэ. Тэд биднээс цадахаа мэдэхгүй хулгайлсныхаа шанд ердөө 30 сая төгрөгөөр торгуулах, үгүй бол таван жилийн хорих ялаар л шийтгүүлж байна. Гэтэл нийтлэлийн эхэнд дурдагдсан 16 настай хүүгийн 60 мянган төгрөгийн хохиролд тооцсон шийтгэлийг харьцуулаад үзээрэй. Жирийн иргэндээ хатуугаас хатуу Эрүүгийн хууль эрх мэдэлтэнд үйлчлэхдээ эрс тэс ялгаатайг бид тэвчсээр, мартсаар л байх юм аа...

Түүний бусдаас хахууль хэлбэрээр авсан хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгосноос гадна мөн л ял наймаалцаж, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Энэ мэт тэрбум тэрбумаар нь төрөөс хумсалж, хөрөнгөө зузаатгачихаад, хуулиар шийтгүүлэхдээ хулгайлсан мөнгөнийхээ нэг хувьд ч хүрэхгүй мөнгөн дүнгээр торгуулаад өнгөрч болдгийг эрх мэдэлтэн, албан тушаалтан гэгдэх төрийн нуруунд шигдсэн хувалзууд харуулсаар байна.

 Ийм нөхцөлд Монголын Эрүүгийн хуульд итгэх хүн олдох уу. Өдгөө Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс авсан нээлттэй мэдээллээс, БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгийн гэх 14.9 тэрбумын хэрэг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч байсан Л.Балдан-Очир, тус ангийн Санхүүгийн албаны дарга Н.Сугар нарын улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг, “ДЦС-2”-ын гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарын хэрэг, Салхитын мөнгөний ордын гэх хэрэг, “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг, Г.Солтаны хэрэг, 1.2 тэрбумын зээл авсан гэх Д.Дамба-Очир, С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Д.Ганболд, Э.Бат-Үүл, Б.Чулуудай, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр гээд ял авсан, аваагүй хэрэгтнүүдийн нэрсийг харвал мөн ч эмгэнэлтэй дүр зураг харагдана. Монголын төрд хамаарах томоохон яам, агентлаг, төрийн өндөр албан тушаалд дэвшээд явсан нөхдийн амьдарч, ажиллаж ирсэн ул мөр, дүр зураг энэ. 

Тэд биднээс цадахаа мэдэхгүй хулгайлсныхаа шанд ердөө 30 сая төгрөгөөр торгуулах, үгүй бол таван жилийн хорих ялаар л шийтгүүлж байна. Гэтэл нийтлэлийн эхэнд дурдагдсан 16 настай хүүгийн 60 мянган төгрөгийн хохиролд тооцсон шийтгэлийг харьцуулаад үзээрэй. Жирийн иргэндээ хатуугаас хатуу Эрүүгийн хууль эрх мэдэлтэнд үйлчлэхдээ эрс тэс ялгаатайг бид тэвчсээр, мартсаар л байх юм аа. Ай, бидний ой санамжийг устгахад цахим хэрэглээг л гааруулах ёстойг төрд шургалсан хувалзнууд дэндүү сайн мэддэг ажээ.

эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН