Эрдэнэт үйлдвэрийн үйлчилгээний ажилтнуудад шагналын “хур” буулаа

 

     Эрдэнэт үйлдвэр хэмээх өнөр айлын өнгө үзэмжийг тодорхойлдог Аж ахуй, үйлчилгээний цехийн 45 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Соёл, урлагийн цогцолборын их танхимд болсон баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын дэд дарга Н.Лосол, үйлчилгээ, чанарын ахлах мэргэжилтэн Т.Энхтөр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах үйлдвэрийн Захиргаа аж ахуйн хэлтсийн анхны дарга С.Лхаажав нарын хүндэт зочид, тус цехийн үе үеийн дарга, мастер, ажилтнууд оролцлоо. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ “Үйлдвэрийн аль ч хэсэгт очихдоо аж ахуй, үйлчилгээний ажилтнуудынхаа хөдөлмөр зүтгэлийг мэдрэн бахархаж, үнэ цэнийг илүү ихээр ойлгон сэтгэл хангалуун байдаг”-аа илэрхийлж сайн сайхныг хүслээ. Энэ өдөр ая тохитой ажиллах таатай орчин нөхцөл, соёлыг бүрдүүлж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтан Солонго, Отгонсүрэн, Баянжаргал, Тэгшбаяр, Цэрэндолгор, Должин, Долгор, Лхам, Даваасамбуу, Хатаах угаах машины операторч Ганболд, оёдолчин Заяахүү, сантехникч Бат-Амгалан, Ганзориг,  ажилтан Мягмарсүрэн, Оюунчимэг, Тэгштуяа, Энхчимэг, Буянхишиг, Энхболор, Цэгмид-Од нарыг “Нийтийн аж ахуйн Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнасан бол ахмад ажилтан Цэдэн “Эрчим хүчний Тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртлээ. Мөн, Ерөнхий захирал ойн баярыг тохиолдуулан тус цехийн анхны дарга С.Лхаажавын үйлдвэрийн газрын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дээд шагнал “Эрдэнэт дээд өргөмжлөл” медаль, хоёр сая төгрөгөөр шагнаснаа гардуулав. Бас нэгэн онцлох шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Орон нутаг хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн, Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Үүрийнтуяа гардуулсан юм. Тэрээр ҮАА-н цехийн ажилтан Доржжанцанд иж бүрэн тавилгатай монгол гэр бэлэглэсэн нь хамт олны сэтгэлийг огшоолоо.    

     Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон ойн баяраа 45 бүтээлч ажлаар угтсан бөгөөд тэд нэг өдрийнхөө цалингаар хуримтлал үүсгэн гурван ажилтандаа орон сууц худалдан авахад, эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн байна. 

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС