“Rio Tinto” компани Монголын Оюу толгой зэс-алтны уурхайн олборлолт 2022 оны 10 дугаар сард эхлэх төлөвтэй байгааг лхагва гарагт мэдэгдлээ. Мөн төслийн бүтээн байгуулалтын зардал 6.75 тэрбум ам.доллар болно гэдгийг мэдээлжээ. 

 

2015 онд “Rio Tinto” уг уурхайн бүтээн байгуулалтад 5.3 тэрбум ам.доллар зарцуулж, эхний олборлолтыг 2021 оны эхээр эхлүүлнэ хэмээн тооцоолж байсан юм. Гэвч өнгөрсөн онд төслийн анхны дизайнтай холбоотой эрсдэлүүдийг харгалзан үзсэний дүнд 1.9 тэрбум ам.долларын нэмэлт зардал учирч, олборлолт эхлэх хугацаа 2022 оны 10 дугаар сараас 2023 оны долоодугаар сар хүртэл хойшлох төлөвтэй байгааг мэдээлсэн юм.

 

“Rio Tinto”-гийн лхагва гарагт хийсэн мэдэгдэл ихэнх шинжээчийн урьдчилан таамаглаж байсантай харьцуулахад сайхан мэдээ болсон хэдий ч тус компани Монголын Засгийн газартай өрнүүлж буй харилцаа болон төслийн санхүүжилтийн асуудлыг тодруулахаар “Turquoise Hill” компанийн 11 дүгээр сард эхлүүлсэн арбитрын ажиллагааны талаар тодорхой дурдаагүй байна. 

 

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг