Монголын орчин цагийн хөгжмийн урлагт шинэ дуу хоолой, өнгө төрх болох “Асур” хамтлаг нь өнгөрсөн оны 8 дугаар сард үүсгэн байгуулагджээ. Дуулах хүсэл, мөрөөдөлтэй залуусыг “Нэгүн” студи нэгтгэж, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Одбаяр буюу Оки ерөнхий продюсерээр нь ажиллаж байна.

   Хамтлагийн нэрний тухайд, эртний санскрит хэлнээс “Асур” хэмээх үгийг авсан бөгөөд энэ нь өнгөрсөн цагт амьдралын хүчний эзэн гэсэн утгыг агуулах бөгөөд тэнгэрийн их хүчийг бэлгэдэж энэхүү нэрийг хамтлагтаа хайрлажээ. Бүрэлдэхүүний хувьд, гурвуулаа бөгөөд нэг эрэгтэй, хоёр эмэгтэй гишүүнээс бүрдэх аж. Тэд Хөгжим Бүжгийн Коллежид хөгжмийн мэргэжлээр суралцдаг бөгөөд дууны урлаг, дуулах ур зүйд ч суралцаж, бэлтгэгдэж яваа залуу уран бүтээлчид билээ. Тэрбээр энэ өдрүүдэд, “Асур” хамтлагийнхан анхны уран бүтээл “Another” дууны клипний танилцуулгаа цацаад байгаа юм. Энэхүү дууны үг, аяыг продюсер Оки зохиож, хөгжмийн тохируулгын ажлыг Дани улсын “Platinium audio” студийн “Holger Lagerfeldt” хэмээх уран бүтээлчээр мэргэжлийн түвшинд бүтээлгэжээ. Харин клипийг “Quad Animation” студийнхэн хийж гүйцэтгэж байгаа бол “Ariana Impression Trainer” студийнхэн хувцаслалт, дүр төрхийг нь тодорхойлж, хамтлагийн бүжиг дэглэлтийг “Aimаr” бүжгийн продакшн хариуцаж байгаа гэнэ. Тус дууны клип тун удахгүй үзэгчдэд хүрэх юм.  

   Туурвих уран бүтээлүүддээ чанарыг эрхэмлэж, тал бүрийн авьяасаа хөгжүүлж, их урлагт бэлтгэгдэж буй “Асур” хамтлагийнхан хөгжмийн ертөнцөд урт удаан хугацаанд оршин тогтнох, мэргэжлийн хамтлаг болох зорилго өвөрлөжээ.