Н.Мөнхцэцэг дэлхийн дахинаа Монгол улсынхаа нэрийг мандуулсан сайхан мэдээг уншигч та бүхэндээ дуулгахад таатай байна.

Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-нд алдарт Холливууд хотноо байдаг Америкийн телевизийн Академи /Emmy/-ийн Леонард  Х.Голденсон театрын Алдрын танхимд "Emmy Award's" дэлхийн телевизийн шилдгүүдийг тодруулдаг хамгийн том наадмаас Дэлхийн бөмбөрцгийг хоёр гар дээрээ өргөн дээш тэмүүлж байгаа эмэгтэй хүний дүрс бүхий энэ нэр хүндтэй шагналын шилдэг Хүүхэлдэйн киноны номинацид “I’m possible”  хүүхэлдэйн киноны продюссер Монгол Улсын иргэн Нандигжавын Мөнхцэцэг III байрын цомыг хүртжээ.

Тэрбээр Саваннагийн урлаг дизайны коллежид сурдаг бөгөөд сургуулийнхаа тэргүүний оюутнаар шалгарсан нэгэн. Түүнд Эммийн цомыг Америкийн хүүхэлдэйн кинонуудын  супер од, “The Looney Tunes”  цувралын Порки Пигийн дууг оруулсан, алдарт жүжигчин Боб Берген гардуулсан юм.

 

Н.Мөнхцэцэг нь  2006 онд Улаанбаатар хотноо I сургуулийг төгсөж, АНУ-ын Пюрдугийн /Purdue university/ Их сургуульд компьютор график технологийн мэргэжлээр суралцаж онц дүнтэй дүүргэсэн. Тэнд суралцах хугацаандаа сургуулийн шилдэг оюутнаар шалгарч байсан удаатай. Тэрбээр АНУ-даа эхний гуравт багтдаг, Саваннагийн урлаг дизайны коллежид мэргэжлээрээ суралцаж буй. Н.Мөнхцэцэг өдгөө НАСА-гийн / АНУ-ын Үндэсний сансар судлалын төв/ төсөл дээр ажиллаж байгаа аж.

Телевизийн академийн болон Эммигийн сангаас жил бүр уламжлал болгон явуулдаг Их сургуулиудын Телевизийн шагнал гардуулах 35 дахь удаагийн ёслолын арга хэмжээнд  Америкийн кино академийн сангийн дарга  Жерри Петри,  удирдах зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирсэн юм. Мөн супер одууд ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирснээс гадна бүтээл нь академийн түвшинд үнэлэгдэж, нэр дэвшсэн оюутнууд оролцов.

Дашрамд дуулгахад, Эммигийн шагналыг заавал хүртэх биш үүнд өрсөлдөж, нэр дэвших нь ч нэр төрийн хэрэг болдог байна.

Эммигийн авардсын шагнал гардуулах ёслолын ажиллагааг “Террористууд” киноны Женифер Кастлийн дүрээр анх алдаршсан жүжигчин Жессика Ст.Клэйр, “Танихгүй хүмүүс” киноны од Леннон Пархам нар хослон хөтөлсөн юм.

Мөн номинаци бүрийн шагналыг “Key and Peele” инээдмийн шоугаараа алдаршсан нэрт жүжигчид Кееган Майкл Кей, Жордан Пеел /Еммигийн шагналт жүжигчин/ нар, “Глее” ТВ шоуны од бас олон киноны оюуны хомсдолтой хүүхдийн дүрээр алдаршсан Лаурен Поттер болон Эймэд Гарсиа, Макс Греенфиелд, Матт Бомер, Скотт Волф нар гардууллаа.

Телевизийн академи шилдгүүдийг шалгаруулахдаа шүүгчдийн шалгаруулсан бүтээл тус бүрт онлайнаар санал авдаг аж. Оюутны шилдэг бүтээлүүдийг зар сурталчилгаа, инээдмийн кино, хүүхэлдэйн кино, баримтат кино, шилдэг найруулга, алтернатив, хүүхдийн программ, жүжиг драм, сэтгүүл, шилдэг хөгжим, шилдэг цуврал зэрэг 17 номинацид нэр дэвшүүлдэг байна.

Эммийн наадмын гол зорилго нь Их сургуулиудын телевизийн шагналыг Америкийн Телевизийн академаас залуу  авьяастнуудыг урамшуулах, алдаршуулах юм. 1980 оноос эхлэн ёслолын арга хэмжээг нь  тасралтгүй  зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн наадамд 100 гаруй их сургуулийн 1000 гаруй  оюутны бүтээл ирэн ийн шилдгүүд тодорчээ.

Д.Ана