Цар тахлын үед доод болон дээд шатны бүх байгууллагуудад дундын мэдээллийн санг бий болгоно гэдгийг Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн иргэдэд албан эх сурвалжийн мэдээллийг ямар нэг буруу, зөрүү ойлголтгүйгээр цаг тухай бүрд нь үнэн, зөв, бодитой хүргэж байхаар УОК-ын дэргэдэх Эрсдэлийн үеийн мэдээлэл харилцааны түр хороог байгуулж байна.

Түр хороонд цар тахлын үед ажиллаж буй бүх байгууллага, УОК-ын гишүүд, Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг багтах бөгөөд цахим системт мэдээллийн санг байгуулна.

Өөрөөр хэлбэл, доод болон дээд бүх шатны байгууллагад дундын мэдээллийн санг бий болгож, тухайн цахим сангаасаа мэдээллийг түгээдэг болно. Энэ нь иргэдэд бодитой мэдээлэл, зөвлөмж, заавар, гарын авлагуудыг хүргэх зорилготой.

Ингэхгүй бол албан бус эсвэл тодорхойгүй, батлагдаагүй мэдээллийг шат шатандаа тараадаг. Түүнээс шалтгаалан иргэд бухимдаж, үл ойлголцол үүсэх эрсдэл бий бий болдог учраас үүнийг таслан зогсоож, зөвхөн УОК-оос тодорхой асуудал хариуцсан нэр бүхий хүмүүс өдөр тутамд мэдээлэл өгөхөөр болсон.

УОК-оос ямар нэг байдлаар мэдээлэл өгөөгүй байхад ямар ч шатны албан хаагчид батлагдаагүй мэдээлэл тараахгүй. Мэдээж үүний дээр Засгийн газрын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс ажиллана.

Мөн бүх шатандаа хэрэглэгчийг мэдээллээр хангах тухай асуудал хөндөгддөг ч гүйцэтгэл дээр ирэхэд ойлгомжгүй болчихдог учраас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг шат шатанд нь хэрэгжүүлэн хяналт тавьж, үр дүнг нь тооцох шаардлагатай. Мөн ноцтой асуудлыг цаг алдалгүй өөрчилж шийдвэрлэх зохион байгуулалтад орно. Цаг үе биднээс ийм зохион байгуулалт шаардаж байна.

Түүнээс гадна Эрсдэлийн үеийн хяналт, шинжилгээ үнэлгээний хороо байгуулагдсан. Энэ хороо санхүү, төсөв хөрөнгө, хандив тусламжаар ирсэн бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж, үр дүнг нь УОК-т мэдээлнэ. Ингэснээр шат шатандаа хариуцлага нэмэгдэж, хэн юу хийх нь тодорхой болно.

Мөн УОК-ын Шуурхай штабын бүрэлдэхүүнд бүх дэд сайд нарыг оруулан ээлжээр ажиллуулж байгаа.

Ингэснээр бүх шатандаа хариуцлагажиж тодорхой эзэнжүүлж эргээд гарах үр дагаврыг уялдуулж байгаа тул цаашид бүх шатанд үл ойлголцол, мэргэжлийн алдаа гарахгүй байхад үр нөлөөтэй гэж харж байна” гэв.