01

  Аялгуут сайхан дуу хөгжим хүний амьдралын  гуниг зовлонг үргээж, сэтгэл  санааг гэрэлтүүлж, баяр баясгалан төрүүлдэг. Мөнгөн үеийн хөгжмийн 6 зохиолч нэгэн дор  нэгдэн нийлж, өөрсдийн зүрх сэтгэлээс төрөн гарсан аялгуу хөгжмийг өөр өөрийн  дуу хоолойгоор монголын ард түмэндээ хүргэх  ховорхон  боломжийг  “Жи энтертайнмэнт”, “Total music”-ын хамт олон зохион байгуулж олгох гэж   байгаа юм байна.

  Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион, Г.Энхбаяр, Г.Пүрэвдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, И.Болоож, Гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан нар хамтарч “Ахмадын золбоо” хамтлаг байгуулжээ. Үнэндээ тэд бол дуу хөгжмийн урлагийн  хувьд  “ахмадууд” биш, “идэр настангууд”. Тэдний хөгжмийг нь зохиосон аялгуут сайхан дуунуудыг  80, 90, 2000 оны үе үеийн залуус сонсож, дуулж, бүжиглэж,  сэтгэлээ хөглөж  ирсэн нь үнэн. Одоо ч гэсэн  сонссоор байгаа нь маргашгүй үнэн. Тэгвэл бидэнд  нэгэн орой энэ  сайхан авьяаслаг, чадварлаг хөгжмийн зохиолчидтойгоо  нэгэн дор  цуглан, хамтдаа дуулах боломж бий боллоо.

гавьчатууд

   Монголын рок, поп урлагийн “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”, “Инээмсэглэл”, “Хөх тэнгэр” хамтлаггүйгээр төсөөлөхийн ч аргагүй. Тэгвэл эдгээр хамтлагийн дууны хөгжмийг хийсэн “мастерууд” нэгдэн “Нойргүй хоносон зургаан ноот” нэртэй  тоглолтоо маргааш, нөгөөдөр орой  “UB palace”-т толилуулахаар зэхжээ. Эрхэм уншигч та энэ тоглолтонд очин  “Алтан зул цэцэг”-ийн үнэрийг таашаан,  “Улаанбаатарын үдэш”-ээр алхалж”  “Дэлгэсэн тэрлэг шиг нутаг”-таа очин  дэнж хотойтол  “Сүүн цагаан хурим”-аа хийснээ санагалзан, “Сар шиг хол нутаг” –т  байгаа  дотнын нэгэндээ сайн яваад ирэхийн ерөөл өргөн өргөн дуулаарай. Дуу хөгжим гэдэг сэтгэлийн хайлан билээ л …

   Амьдралынхаа олон шөнийг уран бүтээлээ туурвиж нойргүй өнгөрүүлснээ бодож тоглолтоо “Нойргүй хоносон зургаан ноот” хэмээн нэрлэсэн хөгжмийн 6 их “мастер”-ийн тоглолтыг  хоёр хүн  Солонгос хоолонд ороход  хүрэхтэй үгүйтэй мөнгөөр  үзэх боломжтой юм байна. Би л хувьдаа  энэ  тоглолтын тасалбарыг худалдаж авахаар явлаа. Маргааш “UB palace”-т уулзацгаая.

Ц.Мөнх