Цэцийн “эзэн” хэн бэ?!
2021/03/24
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “АЙЛЧЛАЛ”-ЫН ДАРАА...
Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо нар уржигдар тогтоол гаргасан тухай мэдээлэл цацагдав.
Тэд Цэцийн гишүүн Д.Солонгын иргэний ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн маргаан үүсгэх тогтоолыг хэлэлцэж, хүчингүй болгож шийдсэн байна.
Цэцийн гишүүн Д.Солонго нь Т.Доржханд нарын дөрвөн хүний “...Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүйг хуульд тусгах ёстой” гэсэн агуулга бүхий мэдээлэлд маргаан үүсгээд байсан юм. Тэрээр уг маргаантай холбогдуулж ЕТГ-аас мэдээлэл хүссэн. Тэр дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны хоёрдугаар сарын 24-нд ЕТГ-ын албан бичгийг аваад өөрийн биеэр Үндсэн хуулийн Цэц дээр очсон. Ерөнхийлөгч Цэцийн даргатай уулзаж “...Энэ асуудлыг Цэц 1997 онд эцэслэн шийдвэрлэж, хууль зүйн хувьд ямар ч эргэлзээгүй бөгөөд маргаангүй жишиг тогтоосон байна”, “...Цэцийн энэ дүгнэлт өнөөдөр ч хүчин төгөлдөр байна” гэдгийг албан бичигтээ дурдсан талаар хэлсэн. Харин Цэцийн дарга Н.Чинбат “... Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээлэл иргэдээс ирүүлсний дагуу маргааныг хүлээн авч, хянаж байгаа. Энэ хүрээнд тухайн маргаанд холбоотой талуудаас тайлбар авах, байр суурийг нь албажуулан хүлээж авах ажил явагдаж байна” гэсэн.
Ерөнхийлөгч Цэц дээр хоёр дахь удаагаа очсон нь тэр. Өмнө нь 2021 оны хоёрдугаар сарын 10-нд очиж УИХ-ын шинээр баталсан хэд хэдэн хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн хүсэлт гаргасан. Үүнийг нь Цэцийн гишүүдэд хуваарилж, процессын дагуу тайлбар авах, нотлох баримт цуглуулах, УИХ-аас тайлбар авах зэрэг ажлууд явж байгаа гэдгийг Цэцийн дарга хэлнэ лээ.
ЦЭЦ ЯМАР “ЦЭГ” ТАВИХ ВЭ?
Ер нь бол Ерөнхийлөгч Х.Баттулга дахиад нэр дэвших эрхтэй юу, үгүй юу гэдэг маргаан хуульгүйгээр өрнөөд удсан. Цэц үүнийг хагалах юм. Юутай ч Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо нарын гишүүд “...Маргаан үүсгэхийг хүчингүй болгох” шийдвэр гаргажээ.
Хуулиар бол Цэцийн гишүүний тогтоол, Цэцийн бага суудлын хуралдаан Үндсэн хуулийн маргааныг шийдвэрлэсэн шийдвэр гаргадаггүй. Харин Цэцийн гишүүний тогтоолыг бага суудлаар хэлэлцэж болдог. Холбогдох өргөдөл, мэдээллийн талаар Үндсэн хуулийн маргааныг Цэцийн дунд буюу их суудлаар хэлэлцэх эсэх шийдвэр гаргах хуультай гэдгийг Үндсэн хуулийн “манаач”, иргэн Д.Ламжав тайлбарлажээ.
Тэгвэл өчигдөр "Цэцийн Бага суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн тухай Цэцийн гишүүний холбогдох тогтоолыг хянан хэлэлцэж байгаа билээ.
Цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн асуудлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэх үүднээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх болсон үндэслэл, нотлох баримт, бусад мэдээлэлтэй танилцаж байгаагийн хамт мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаас хянан хэлэлцэж байгаа маргаантай холбоотой шийдвэр гаргаагүй байна.
Цэцийн бага суудлын хуралдаан үргэлжилнэ" гэж Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв. Ингэхээр Х.Баттулгын дахиад нэр дэвших үү үгүй юу гэдэг дээр Цэцийн хувьд хараахан "цэг” хатгаагүй байна гэсэн үг. Харин яаж шийдэх бол гэсэн хүлээлт улс төрийн хүчнүүд, төрийн зарим институцийн онцгой анхааралд үлдэв.
АЯГАНЫ ХАРИУ ӨДӨРТӨӨ...
Энэ үгийн утга их сайхан. Ач хариулна гэсэн үг. Уржигдар Цэц дээр болсон явдал угтаа ийм л утгатай юм болсон гэх хардлага нийгэмд явж байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын Цэцэд оруулсан Ц.Нанзаддорж, хугацаа нь 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан ч өнөөдрийг хүртэл “тэссэн” Ш.Цогтоо хоёрыг олон нийт тэгж үзэж байна.
Уг нь Цэцийн шийдвэрийг хэн ч шүүх эрхгүй. Гэхдээ л...
Учир нь хэрвээ Д.Солонго гишүүний үүсгэснээр маргаан цааш үргэлжилж нийгэмд яригдаад байгаачлан “...Өмнө нь Ерөнхийлөгч байсан хүн дахин нэр дэвших эрхгүй” гээд Цэц бүрэлдэхүүнээрээ үзчихвэл Х.Баттулга Ерөнхийлөгч баларна. Тиймээс энэ бол түүний хувьд тэсч үлдээд дахин дэвших тэмцэл Цэц дээр ид үргэлжилж байна.
ХЭРВЭЭ ЦЭЦ ХҮССЭНЭЭР НЬ ШИЙДЭХГҮЙ БОЛ...
Дахиад нэр дэвших эрхийн төлөө тэмцэж буй Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнө Цэцийг давсан ч дахиад хоёр ч том даваа бий. Эхлээд АН-ын асуудал нь цэгцрэх ёстой. Тэгж байж Х.Баттулга тус намаас нэр дэвших болно. Өнөөдөр хоёр АН-тай болчихсон. Хоёр зэрэг намын даргын сунгаа явуулаад баллаж өгч байна. Аль нь “ориг” вэ гэдгийг Дээд шүүх шийднэ. Гэхдээ Х.Баттулга хоёр АН-ын алийг сонгоно, тэр нам нь тамга тэмдэгтэйгээ хүчингүй болно. Өөрөө ч үүнийг мэдэрчихсэн “Эрдэнийн АН”, “Тувааны АН”-ын аль аль дээр нь хүнээ явуулж байх шиг байна. Ерөнхийдөө Дээд шүүхийн АН-ын талаарх шийдвэр ингэж л гарах болов уу.
Энэ давааг даваад гарвал СЕХ-той нүүр тулна. Х.Баттулгыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэх үү. Эргэлзээтэй. “...Үндсэн хуулиар хоригложээ” гэвэл дуусаа... Цэцийн хоёр гишүүний шийдвэрийн дараах үйл явдлууд ингэж өрнөхөөр харагдаж байна.
ЦЭЦ ХЭНД ҮЙЛЧИЛДЭГ ВЭ?
Цэцийн нэртэй, Цэцийн тамгатай бланк, Цэцийн гишүүний албан тушаал дээрээс гарч буй шийдвэрийг үгүйсгэн шүүмжлэх боломжгүй. Гэвч Цэц өнөөдөр, ер нь сүүлийн жилүүдэд шүүмжлэлийн бай, шаазгайны овоо болсоор ирлээ. Ийм сэжүүртэй байна гэдэг өөрөө эмгэнэлтэй юм л даа. Буруу байгаагийн л шинж.
Ерөөс Цэцийг улс төрийн өрсөлдөөн, бүр хошин шогийн талбар болгож буй нь Цэцийн гишүүдийн томилгоотой шууд холбоотой. Цэцийн гишүүдийн гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг Дээд шүүх тодруулдаг. Энэ нь 1992 оны Үндсэн хуулийн хэн нэгэн “эзэн” төрүүлэхгүй гэсэн гол үзэл санаагаар хийгдсэн хуваарилалт юм. Ийм байдлаар төрийн институциудын ижил тэгш байдлыг хангаж ирсэн байдаг. Харин “хөгжил”-ийн явцад сонгуулиар тодордог Ерөнхийлөгч, УИХ-аас гарч ирсэн нэр дэвшигчид нь улстөрийнхнөөс бүрдэх болсон. Бүр сүүлдээ улс төрийн тэтгэвэрт гарагсдын асрамжийн газар, бас гэмт хэрэгт холбогдсон нөхдүүдийг хамгаалах байр, эсвэл томилдог субьектийн амьгүй албатууд цугладаг байгууллага болж хувирсан гэлцэх болов. Үнэний ортой.
Тэр ч байтугай Цэцийн хуулиар хамгаалалттай гишүүдтэй холбоотой элдвийн хууль бус үйлдлүүдийн сураг сонсогддог болов. Хамгийн сүүлд Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл “...Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж зууч хийж таван тэрбум төгрөгийг өмгөөлөгч Б.Баасанцогтод дамжуулсан байж болзошгүй” гэх мэдээллийг цацжээ.
Ийм учраас, Цэцийн “эзэн” нь хэн нэгэн дарга биш Үндсэн хууль, Цэц бол Үндсэн хуулийг хамгаалж, Монгол Улсын иргэдийн эрхийг хангаж байх газар гэдгийг хамгийн түрүүнд Цэцийн гишүүдэд мэдрүүлэх цаг болсон бололтой.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2021/03/24
Цэцийн дарга БАТТУЛГА.Яасан их шунал вэ.
аажаа · 2021/03/24
маш сайн бичжээ дүү минь. баяр хүргэе