Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамьянтай ярилцлаа.

Монгол Улсын Засгийн Газар хатуу хөл хорио буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүнтэй холбоотойгоор иргэн бүрт 300 мянган төгрөг олголоо. Энэ шийдвэрийг та хэрхэн дүгнэж байна вэ?

 

Энэ бол цаг үеэ олсон зөв алхам. Нэгдүгээрт халдвар дотооддоо дэгдээд, нэмэгдээд ирэхээр хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Нэгэнт хөл хорьж байгаа бол иргэддээ бэлэн мөнгө өгөхөөс өөр арга байхгүй. Үүнийг анх удаа ярьж байгаа юм биш шүү дээ. Өнгөрсөн жил дотооддоо халдвар анх тархахад, анх хөл хорио тогтооход л МАХН иргэддээ бэлэн мөнгөн дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзэн, Засгийн Газарт шаардлага хүргүүлж байсан.

Өнгөрсөн долоо хоногт болсон МАХН-ын Гүйцэтгэх Товчооны хурлаар ч хэрэв хөл хорио тогтоох гэж байгаа бол иргэн бүрт 300 000 төгрөг олгоочээ, иргэн бүрт олгох нь нэг өрхөд нэг сая төгрөг олгохоос илүүтэй шударга хувиарлалт болно. Олон ам бүлтэй айлын хувьд нэг өрхөд нэг сая гэхээр тэгш бус болчих гээд байна. Ийм учраас иргэн бүрт олгох нь зүйтэй гэдэг санал тавьж байсан. Ийм ч учраас энэ удаагийн Засгийн Газрын шийдвэрийг маш зөв алхам боллоо гэж харж байна. 

 

Өнгөрсөн 2020 оны 11-р сараас хойш Монгол улсад коронавирус цар тахлын халдвар дотоодод тархаж эхэлсэн.Үүнээс хойш Улсын Онцгой Комиссын үйл ажиллагаа ер нь сайн байв уу? саар нь илүүтэй байв уу?

 

Ямар ч шийдвэр гаргасан 100 % оновчтой байна гэдэг өөрөө хэцүү байх. Мэдээж вакцинжуулна гэдэг нь хамгийн чухал зүйл байх ёстой. Гайхаж байгаа нэг шийдвэр бий. Энэ бол хөл хорионы үеэр хувийн машиныг хориглоод, нийтийн тээврээр зорчуулах гэдэг асуудал. Дэлхий даяар хувийн машинтайгаа зорчих, машинаасаа ч буухгүй хүнс болон хэрэгцээт зүйлсээ цуглуулах тал руу нь зохицуулаад байна. Гэтэл хөл хорио гэдгийг зарим хүмүүс гэрээсээ ч огт гарахгүй байх гэж эндүү ойлгоод байна уу даа? Ер нь хөл хорио гэж шаардлагагүй тохиолдолд эрсдэлтэй хүнтэй харьцахгүй байхыг л хэлж байгаа шүү дээ. Амны хаалттай, зай бариад, мэдээж хувийн автомашин дотроо гэр бүлийнхэнтэйгээ зорчих нь аюулгүй. Гэрээсээ зуслан руугаа очих зэрэг нь эрсдэлгүй, аюулгүй л зам баймаар санагдаж байна. 

 

Улс төрийн хүрээнд анхаарал татаж буй үйл явдлуудын нэг нь яах аргагүй МАН, МАХН хоёр нэгдэх тухай асуудал. Ер нь үйл явц ямар шатандаа яваа вэ?

 

Юуны өмнө МАН, МАХН нэгдэх ёстой гурван шалтгааныг нэрлэе.

Нэгдүгээрт, Нэгдэх тухай асуудал анх удаа биш, гурав дахь удаа албан ёсоор яригдаж байгаа асуудал.100 жилийн ойгоороо гэдэг утгаараа энэ үйл явц өрнөж буй нь бэлгэшээлтэй. Түүхээ эргэн харахад бахархахаас өөр аргагүй түүхтэй хоёр нам. Иймээс ч нэгдэх л ёстой юм бол 100 жилийн ойгоороо л нийлэх ёстой гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт, Коронавирус гэдэг зүйлээс шалтгаалаад хоёр намын маргаантай асуудал, нэг нэгнийхээ жижиг сажиг зүйлсийг шүүмжлэхээс ч хамааралгүйгээр, ганц Монгол улс ч биш дэлхий даяар шинэ дэг журам тогтож байна. Хууль, эрх зүйн орчин өөрчлөгдөж байна. Эдийн засгийн харилцаанд ч  өөрчлөлт гарч байна. Бүх зүйл л өөрчлөгдөж байна. Яг энэ цаг үед дайны байдал гэж хэлж болохоор нөхцөл байдал даяар бий боллоо.

 

“Дайны хажуугаар дажин” гэж  Монгол үг байдаг. Энэ үгний утгыг Монголчууд бид сайн мэднэ. Тэгэхээр Монгол Улс маань ч бас дайны байдалтай байхад улстөржилт маш бага байх ёстой. Хэт их улстөржөөд ирэхээр Засгийн Газар, Улсын Онцгой Комисс зөв гаргасан шийдвэртээ хүртэл эргэлзэж эхэлдэг. Нэг шийдвэр гаргахаар нь л боль буруу гээд л, дахиад нэг шийдвэр гаргахаар нь л огцор, буу гээд л. Өөрөөр хэлбэл дайн тулаанд орж байгаа жанжнаа энэ мууг огцруулаад хаячихья, сандлаас нь буулгая гээд улстөржөөд байх юм бол ямар ч арми ялахгүй шүү дээ.

 

Коронавирусээс шалтгаалаад Монгол Улс дайны байдалтай байгаа энэ үед эдийн засгийн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч, ер нь аль ч зүйл дээр ялах ганц боломж нь эв нэгдэл. Та ч бас асуулаа. УОК-ын аль шийдвэр нь зөв бэ? гээд. Ямар ч шийдвэр гаргасан бай өглөө ямар хөл дээрээ боссоноосоо шалтгаалж шийдвэр гаргаж байгаа хэрэг биш. Эсрэгээрээ маш их судалгаа хийж байгаа, олон мэргэжилтнүүд зөвлөж байгаа. Дэлхийн олон улсуудын үйл явцыг ажиглаж байгаа. Ард иргэдийнхээ ямар зан үйлтэй вэ? гэдгийг ч тооцоолж байгаа. Энэ бүхэн дээр үндэслэж шийдвэр гаргаж байгаа шүү дээ.

Тэр болгон дээр хөл хорих нь зөв, буруу, вакцин хийх нь зөв, буруу гээд байхаар хэн ч ямар нэг шийдвэр гаргахаас болгоомжлоод эхлэнэ. Дэлхий даяар ч гэсэн одоогоор хуулиар ч юм уу, өөр аргачлалаар энэ шийдвэр л зөв гээд гаргачихсан зүйл огт байхгүй байна. Яг энэ үед энэ нь 100% зөв, энэ нь 100% буруу гээд байх нь дайны хажуугаар дажин л болж байна. Энэ бол хоёр дахь шалтгаан. Гуравдугаарт, Сүүлийн үед МАН-ын удирдлагууд буюу МАН-ын дарга У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ нарын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрүүд нь сүүлийн арван жил МАХН-ын хэлж ярьж, жагсаж шаардаж, зорьж байгаа зүйлстэй яг л ижил байгаа. Энэ тохиолдолд бид зөвхөн манай МАХН л байвал зөв, МАН учраас л буруу гээд байж болохгүй. Хийж байгаа арга барил, чиглэл зорилго нь нийцэж байгаа учир бид нэгдэхээс өөр арга байхгүй ээ.Өнөөдөр хоёр нам нэгдэх үйл явц ямар байдалтай байна вэ? гэхээр ажлын хэсгүүд байгуулагдсанаас хойш хоёр, гурван ч томоохон үйл явц өрнөлөө. Энэ долоо хоногт намын гишүүд дотроо хэлэлцэх ажлууд маань үндсэндээ дууссан.Тус тусын нам дээрээ дуусаад, бүх саналууд нэгтгэгдсэн.

 

МАН ч тэр, МАХН ч тэр цахим нам гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Утсаар , мессежээр, цахимаар гээд бүх гишүүдээсээ асуусан. МАХН-ын гишүүдийн 90 гаруй хувь нь хоёр нам нэгдэх асуудлыг дэмжиж байгаа. Одоо хоёр намын анхан шатны гишүүд, удирдлагууд хоорондоо уулзах, хамтарсан уулзалт зохион байгуулах үе шат эхэлж байна. Энэ үйл ажиллагаа амжилттай болох аваас тус тусынхаа их хурлаа зарлаж хуралдуулаад, МАН, МАХН нэгдэх асуудал шийдэгдэнэ гэсэн үг. 

 

Өмнө нь хоёр ч удаа нэгдэх асуудал яригдаж байсан. Энэ удаад МАН,МАХН нэгдэх боломж илүү өндөр байна гэсэн үг үү?

 

Миний хувьд энэ удаа илүү байна гэж үзэж байгаа. Гэхдээ өмнөх хоёр удаагийн яриа хэлцэл нэгдэх тухай байгаагүй. Эвсээд үзье гэдэг сонгуулийн өмнөх яриа хэлцэл байсан. Тэр нь дандаа хувь хүний эрх ашиг хөндөгддөг. Миний тойрог, чиний тойрог, танайхаас хэдэн хүн, манайхаас хэдэн хүн нэр дэвшинэ гэх мэт эрх ашиг дээр сонгуулийн өмнөх хэлэлцээр явагддаг байсан бол энэ удаа ямар ч сонгууль, тойрог, албан тушаал, хувь хүний эрх ашиг яригдаагүй. Зөвхөн үзэл бодол, хийж гүйцэтгэх ажлаа тойроод үндсэн яриа маань өрнөж байгаа учраас хамаагүй эрүүл, хамаагүй урагштай үйл явц үргэлжилж байна.

 

Зүүн төвийн үзэл баримтлалтай намууд хуваагдаж, тус тусдаа үйл ажиллагаа явуулснаас нэгдэн нийлж үйл ажиллагаа явуулах нь ард иргэдийн амьдралд сайн үр дүн өгч, өөрчлөлт гардаг гэдэг?

 

Үнэхээр үнэн. Ер нь бол гэхдээ Монголын бараг бүх намууд зүүний намууд юм шиг байна лээ шүү дээ. Хоёрдугаарт, ер нь МАН, МАХН түүхээрээ нэг л нам байхгүй юу. Хоёр намын ажлын хэсэг уулзахад л “Сайн байна уу? Би тэнд байсан, чи тэнд байсан”  гэх мэт дандаа л нэг намд байсан хүмүүс яриад уулзаж байна. Тэгэхээр энэ бол тийм хол хоёр нам биш. Ер нь улс төрийн олон жижиг нам, бүлэг гэдэг чинь Монголын бага хаадын үе шиг нэг нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй, “Нууц товчоо”-ны өмнөх үеийн олон жижиг овог аймгууд шиг байнга л хэрүүл тэмцэлтэй улстөрийн нөхцөл байдал үүсгэдэг юм байн. Үүнийг цаг хугацаа нь болоод, туулаад ирэхээр хүн бүхэн ойлгодог юм байна. Ард түмэн ч үүнийг хүсдэг юм байна. Судалгаагаар дандаа л тийм үр дүн гардаг болж. Бүгд л ард түмний нэрийг барьсан том жижиг намууд байна. Үүн дээр ч гэсэн улстөрийн намууд дүгнэлт хийгээд, дор бүрнээ аль болохоор эвлэж нэгдээд, томроод явах ёстой. Манай хоёр нам ч гэсэн бусад намууддаа уриалга гаргасан.

 

Энэ 100 жилийн ой бол МАН ч тэр, МАХН ч тэр өмчлөх ёсгүй. Яагаад гэвэл Монголд улстөрийн нам үүссэн өдөр шүү дээ.

 

Зүгээр л МАН, эсвэл МАХН гэдэг нам үүсээгүй. Харин Монгол улсад хаад ноёд, лам, феодалууд засаглаж байсан засаглалаас нам гэдэг ард түмнээс бүрдээд, ард түмний төлөө үйл ажиллагаа явуулдаг бүтэц анх бий болсон өдөр.

Нийгмийн түүхийн хувьд бол яг нэг шатаар ахисан үзэгдэл.Тиймээс ч энэ том баярыг бүх намууд бодож, ухаарч явах ёстой.Түүнээс бус ард түмнээ талцуулаад, өрсөлдөгч намаа зөв ажил хийж байсан ч буруу гэж муулаад, шүүмжлээд байх нь улс орноо хорлож байгаагаас ялгаагүй ийм үйлдэл болно гэж дүгнэж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэх талаар хуульчид янз бүрийн байр суурь илэрхийлж байна? Өнөөдөр Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх бололтой?

 

Хууль гэдэг цагаан дээр хараар биччихсэн байгаа зүйлийг тэр бичсэнээр нь л ойлгох хэрэгтэй.50 нас хүрсэн хүнийг нэг удаа л Ерөнхийлөгчөөр сонгоно гээд биччихсэн байгаа шүү дээ.Тэгэхээр 46, 47, 48, 49 настай хүмүүс энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхгүй болчихоод байгаа.Тэдэнд уг заалт нь үйлчлээд байгаа атлаа нэг удаа сонгогдоно гэдэг заалт нь үйлчлэхгүй болно гэхээр болохгүй шүү дээ.

Х.Баттулга гэдэг хүнийг анх удаа сонгох гэж байна уу? хоёр дахь удаагаа сонгох гэж байна уу? гэхээр анх удаагаа гэж хэлэх юм уу? Хоёр дахиа сонгох гэж байна гэж хэлэх юм уу?

Өөрөөр хэлбэл ямар ч байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Х.Баттулга нэр дэвших боломжгүй болчихжээ.Энэ заалтаа 2022 оноос дагаж мөрдөнө гээд биччихсэн байсан бол өөр хэрэг. Тэгж хугацаа зааж бичсэн заалт бий.

 

Жишээлбэл улстөрийн намыг бүртгэх тухай заалтыг дагаж мөрдөх хугацааг 2028 оноос гээд тогтоочихсон.Гэтэл тэгж заагаагүй, 2021 оноос дагаж мөрдөнө гээд биччихсэн заалтыг янз бүрээр тайлбарлах гэж оролдоод байх боломжгүй л дээ.

 

Ер нь Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 4 жил хэр ажилласан гэж дүгнэж байгаа вэ?

 

Хангалтгүй.Маш олон ажил хийж болох байсан. Ядаж л Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр манай нам маш олон шинэ санаа, төсөл боловсруулж байсны хувьд маш их ажил хэрэгч санал тавьсан.Гэвч үндсэндээ өөрийгөө дахин сонгогдох гэдэг дээр хүртэл ийм хайхрамжгүй хандаж, оролцсон байна шүү дээ. Тэгэхээр би тийм сайн дүгнэлт өгөхгүй.

Үндсэн Хууль гэдэг хамгийн чухал зүйлийг хэлэлцэж байхад Монгол Улсын төрийн тэргүүн, бүх ард түмнээс сонгогдсон хүн маш хариуцлагатай хандах ёстой байсан.Үүрэг ажилдаа маш хариуцлагагүй хандсаны энгийн жишээ болох нэг горыг нь өөрөө амсаад явж байна шүү дээ.

 

Баярлалаа, таньд амжилт хүсье.

 

Ярилцсан М.Чойжал