Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хариуцлага ярихад харьцангуй амар. Засгийнхаа ажлын хэтийг бөөрөнхийлдөггүй. Өөрөө тодорхой хугацаатай амлалт өгчихсөн.

Тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Засгийн газрынхаа сайд нарыг дөнгөж томилуулчихаад дөрвөн зорилтоо танилцуулж байв. Ерөнхий сайдын тэрхүү зорилт нь бидний хувьд амлалт гэсэн үг л дээ. Тэр өдөр "Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана" гэсэн.

 

Үүнээс хойш гурван сар өнгөрчээ.

Өөрөөр хэлбэл, хамгийн эхний амлалт нь энэ болж байв.

Тэгвэл энэ амлалт нь биеллээ олж эхэллээ.

Монгол Улс 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар вакцинжуулалтаараа Азид тэргүүлж эхэлснийг "Our World in Data"-д зарласан байна.

Гуравдугаар сарын дунд гэхэд Лаос, Тайланд, Сингапур, Филиппин улсаас доогуур түвшинд явж байжээ. Харин дөрөвдүгээр сарын дундаас улсынхаа иргэдийн 30 орчим хувийг вакцинжуулсан Сингапурыг гүйцэж түрүүлжээ.

Бусад улс орны хувьд вакцинжуулалт нь 10-аас доош хувьтай байна.

Түүнчлэн сүүлийн үед дэлхийд COVID-19-ийн тархалт, хохирол огцом нэмэгдэж байна. Энэтхэгийн байдлыг харахад их зүйл ойлгогдохоор байна даа. Монголд ч энэ цар тахлын тархалт гаарч, 100 гаруй хүнээ алдчихлаа. Ерөөсөө энэ цар тахлыг давах хоёр зам бий. Вакцинжуулалт, бас хөл хорио гэдгийг мэргэжилтнүүд хэлсээр байна. Вакцины олдоц тааруу, дэлхий дахинд "вакцины дайн" өрнөж буйг мэдээллийн томоохон агентлагийн тоймчид хэлээд удлаа.

Улс орнуудын дунд вакцины төлөөх өрсөлдөөн ширүүсч байна.

Мөн геополитик, том гүрнүүдийн бодлого дагасан вакцины "сонголт"-ууд бий болж байна. ОХУ, БНХАУ (Sputnik V, Sinopharm вакцин) тэргүүтэй авторитари засаглалтай гэгддэг улс орнуудын “дорнод блок” болон АНУ, Европын холбоо (AstraZeneca, Pfizer вакцин) тэргүүтэй ардчилсан гэгдэх орнуудын “өрнөд блок” гэсэн зураглал тодорч байна. Улмаар дээрх блокууд өөрийн ашиг сонирхлын тойрогт бусад орныг татан нэгтгэхэд чиглэсэн гадаад бодлого, эдийн засаг хөрөнгө оруулалтын “зөөлөн, хатуу бодлогоо” идэвхжүүлж байгаа талаар МУИС-ийн профессор О.Мөнхбат судлан дүгнэжээ.

Гэхдээ манай улсын Засгийн газар вакцин авчирах тал дээр нэлээд эрчтэй ажиллаж ирэв. Засгийн газраас Энэтхэг, Орос, Хятад, Солонгост үйлдвэрлэсэн нийт 8.8 сая тун вакциныг худалдан авах гэрээ байгуулжээ.

Гэхдээ хөл хорионы эхний үед вакцин саатаж, олон нийт вакцин нэхээд нэлээд юм болж байв.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө вакцин үйлдвэрлэгч улсуудын Ерөнхий сайд нартай холбогдож, Монголд суугаа Элчин сайд нартай нь уулзаж вакцины нийлүүлэлтийг саатахгүй байх талаар ярьж байгаа юм байна. Дүнд нь 10-аад хоногийн өмнө 950 мянган тун вакциныг татан авсан. Уржигдар үдэш 350 гаруй мянган тун вакцин буужээ.

Харин өнөөдөр вакцинжуулалтын цэгүүдийн ачаалал буурч, "Вакцинаа хийлгээрэй" гэж урьж эхэлсэн байна.

Үндсэндээ нийслэлийн иргэдийг вакцинжуулах ажил шуударч байна гэсэн үг. Тиймээс өчигдрөөс орон нутагт вакцинжуулалт хийх явуулын цувааг хөдөлгөв.

Ямартай ч олон нийтэд COVID-19-ийн аюул холдож мэдэх нь гэсэн итгэл төрж эхлээд байна.

Бас вакцинжуулалтыг Засгийн газрынхаа эхний 100 хоногт амжуулна гэсэн Ерөнхий сайдын амлалт биеллээ олж эхлэв.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин