Монголчууд ямар хүнийг ерөнхийлөгч болгохыг хүсч байгаа вэ?
2021/05/04
Монголчууд бид ирэх зургаан жилд Монгол төрийг удирдах Ерөнхийлөгчөө сонгох нэн хариуцлагатай сонголтын өмнө тулж ирээд байгаа. УИХ-д суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх хүмүүсээ хуулийн хүрээнд тодруулж дуусч байх шиг байна.
аль намаас хэн хэн дэвшихээр болсон, салж сарнисан нам буцаж нийлсэн, нийлсэн байсан нам нь салсан, хэн намаасаа гарч намд элссэн, удаа ч үгүй бас хөөгдсөн, нэг намын нөхөд хоёр талд хэрхэн яаж өрсөлдсөн гээд улс төрийн энэ бүх үйл явц олны нүдэн дээр өрнөсөн учир тэр тухай юу хэлэх билээ. Цахим ертөнцөд амтай бүхэн л бичиж байна. Харин шинээр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх үүрэг ямар байгааг сайтар анзаарах хэрэгтэй. Ямар ч байсан өмнө нь төрийн тэргүүний албыг хашиж байсан эрхмүүд уг хуулиар хамраа тас цохиулж дахин нэр дэвших эрхгүй болсон.
50-иас дээш насны Монгол Улсын иргэн зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаанд хаших эрхтэй Ерөнхийлөгчийн чиг үүрэг, бүрэн эрхийг Үндсэн хуульд ингэж тусгасан. “УиХ-ын шийдвэрт хориг тавих, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, Элчин сайдуудыг томилох эгүүлэн татах, улсын цол цэргийн цол хүртээх, одон медалиар шагнах, уучлал үзүүлэх, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, улс оронд онцгой нөхцөл бий болбол холбогдох хууль журмын дагуу онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх (энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн шийдвэрийг УиХ эцэслэж батална), Зэвсэгт хүчний командлагч байх зэрэг бүрэн эрхтэй. Гэхдээ эдгээр эрх үүргээ Ерөнхийлөгч хоёрдмол утгаар хэрэгжүүлнэ гэдгийг олон нийт онцолж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоогийн мөрдөгдөж буй Үндсэн хуулинд Ерөнхийлөгчийн бүрэн эрх өмнөхөөсөө хязгаарлагдаж байгаа.
Өмнө нь Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд шүүх, прокурор, аТГ-ын тухай хуулиудаар эдгээр хууль хүчний гол байгууллагын удирдлагуудыг томилох, шүүгчдийг томилох гээд онцгой эрхтэй байсан. Тухайлбал, Шүүхийн тухай хуулиар шүүгчдийг ганцаараа мэдэн томилж, чөлөөлөх мөн прокурор болон ын хуулиар эдгээр байгууллагын удирдлагыг санал болгож томилуулах дархан эрхтэй байв. Тэгвэл шинээр мөрдөж буй Үндсэн хуулийн 33-ын 1.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйл заалтад заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж хатуу чанд зааж өгсөн. Тэр нь дээр өгүүлсэнчлэн УиХ-д хориг тавих, уучлал үзүүлэх, цол одон медаль олгох зэрэг юм. Гэхдээ “олгоно” гээгүй, “олгож болно” гэсэн ийм л заалттай. Өмнө нь хууль хүчнийхнийг өөрийнхөө эрх таашаалд нийцүүлэн ганцхан кноп дараад шийддэг байсан бол сүүлд мөрдөгдөж буй Шүүхийн тухай хуулиар гэхэд Ерөнхийлөгч зөвхөн Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны санал болгосон шүүгчдийг томилж, чөлөөлөх үүрэг хүлээсэн гээд заагаад өгчихөж байгаа юм.
Одоогийн мөрдөж буй Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн эрх үүргийг ингэж заажээ. Үндсэндээ төрийн тэргүүн болох хүн хууль журмаараа ийм үүрэгтэй юм байна. Харин монголчууд бид энэ удаа ямар хүнийг Ерөнхийлөгч болгохыг хүсч байгаа вэ.
Уг хариултын үзүүр гогцоог тайлахын тулд сүүлийн дөрвөн жил Монгол төрийг удирдсан, одоо хуулийн дагуу халаагаа өгөхөөс өөр аргагүйд хүрээд байгаа Ерөнхийлөгчийн алдаа оноог авч үзэж таарна. Өдөр болгон аав хүн хөмсгөө зангидчихаад эхнэрээ ч загнаж зандраад, үр хүүхэд рүүгээ ч дайрч давшлаад хэрүүл заргатай, айдас хүйдэстэй гэр орон ямар байх нь мэдээж. Тэр гэрт амар тайван амьдрал, аз жаргал лав байхгүй. Монгол хэмээх айл гэр сүүлийн дөрвөн жил яг л ийм өнгө төрхтэй хүйтэн зэврүүн байлаа. Ерөнхийлөгч маань бараг л өдөр бүр ямар нэгэн хүнийг занаж, шударга бус гэх нэрийн дор хүмүүсийг барьж хорих, өмч хөрөнгө хураах хумих, дандаа л занаж зандарсан, дайрч давшилсан ийм л ажил хийлээ. дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ л 30 гэр бүлийг сүйдэлнэ, хамаг хөрөнгийг нь хурааж улсын орлого болгоно, оффшорт байгаа нөхдийн мөнгийг оруулж ирж бас л хураана гэж ярьж, мөрийн хөтөлбөрийн гол зорилго чиглэл нь ч үүнд байсан. Тэгээд нэг их сүрхий царайлж шударга ёс ярьж ядарсанд тус дэм болох тухайгаа зарласан.
Бид бүхэн шударга ёс гэдгийг бусдын хөрөнгийг хурааж, дээрэмдэх гэж ойлгоод хөрөнгөө хураалгаж байгаа тэр нөхдүүд бол Монгол Улсыг цөлмөж дууссан, бараг л хүн бүхний хүртэх ёстой баялгийг зөвхөн гэр бүлээрээ хуваагаад идэж байна гэж ойлгоод дэмжээд байсан. Энэ ч утгаар монголчууд Ерөнхийлөгчийг хаан гэсэн байдлаар сонгож, дээдлэн хүндэтгэдэг байснаа сүүлийн үед ойлгоод больж байгаа. Хаан гэдэг үлгэр домогт гардгаар бусад хүмүүсийн эд зүйлийг нэр төрөөрөө далайлган булаан авч, ямар ч үед дархан эрхтэй байдаг ийм эрх ямба юм. Яг ийм хуучны ойлголтоор ард түмэн Х.Баттулгыг оффшорчдын мөнгийг оруулж ирээд бидэнд өгөх, 30 гэр бүлийн хөрөнгийг хурааж тараах байх гэж горьдоод байсан. Харин энэ бүхэн хуулиараа хориотой гэдгийг сүүлийн үед ойлгосон.
Хамгийн гол нь хувь хүн өөр дээрээ бодож эхэлсэн. Хүний өмч рүү ингэж айхавтар дайрах түүнийг хурааж бусдад өгнө гэдэг чинь хуулиараа хориотой, байж боломгүй гэмт үйлдэл гэдгийг мэдэрч, өөрийнх нь таван мал, амины ганц байшинг нэг л өдөр хураана гээд ороод ирвэл яана гэх айдас төрсөн. 30 гэр бүлийг нураана гээд байдаг, 30 гэр бүл гэдэг бол Монгол Улсын айл өрхийн л нэг. Үүнийг дэмжээд байтал нэг өдөр манайх 300-д нь багтдаггүй юм аа гэхэд 3000 өрхөд багтвал юу болох бол гэсэн болгоомжлол хүмүүст төрж эхэлсэн. Хувийн өмчтэй хүнийг үнэн голоосоо үзэж чаддаггүй социализмын үеийн энэ сэтгэхүй хийсвэрээр оршин тогтнож байсны илэрхийлэл 30 гэр бүл дээр гарч байсан. Харин тэр хөөс одоо хагарч байгаа нь “би ч гэсэн өмчтэй, тэгвэл яагаад өмчтэй байж болдоггүй юм, хүн хувийн өмчтэй, баян тансаг байсныхаа төлөө нийгмийн шаар шавхруу болох ёсгүй” гэх хандлагаар илэрч байна.
Тэгэхээр бид хувийн өмч рүү шударга ёс нэрээр айхавтар дайрсан, шүүх, прокурор хууль хүчний байгууллагыг гартаа оруулах гэж улайрсан, ямар ч нөхцөлд дайсагнахыг уриалсан, тэр ч бүү хэл парламент засаглалтай Монголд парламентыг тараах, эрх барьж буй улс төрийн хүчнийг татан буулгах гэж зүтгэсэн, Монголоо хагалан бутаргах гэсэн ийм Ерөнхийлөгчтэй байж болохгүйг ухаарч байна. Одоо бол хэт хүчирхэг бие хүн болон түүндээ эрэмшин юуг ч үл тоодог бас эрх мэдлээр далайлгасан хонзон өвөрлөсөн төрийн тэргүүнээс залхсан байна. Мөн дээрээс нь тархи оюуныг бус булчинг шүтсэн, мэдлэг боловсрол дулимаг, аливаад хийрхсэн хуйрганасан бас огтхон ч буулт хийдэггүй тэмцэгч, тамирчин зан ааштай хүнээс бүр чиг залхжээ. Монголын ард түмэн мэдлэг боловсролтой, аливаад ухаалаг, ул суурьтай, нэгэн жигд тогтуухан ханддаг, аюул нүүрлэхэд ард түмнээ хаяад зугтахгүй, хамгийн гол нь хуулиа баримталдаг, төрт ёсыг эрхэмлэн дээдэлдэг хүнийг хүсэмжилж байгаа.
Бидэнд одоо тэмцэгч, сэлэмчин, айхавтар том булчин, түүндээ шахагдсан өчүүхэн тархитай хүмүүс хэрэг байхгүй гэдгийг харж байна. Хүний үг сонсдог, хууль дээдэлдэг, монгол түмнийхээ ёс заншлаар тоглоом тохуу хийдэггүй жирийн монгол сэхээтэн хүн хэрэгтэй. Чингисийн үед баатруудаар жанжин тавьдаггүй ёс юутай үнэн байсны ач холбогдол одоо ч арилаагүй байна. Эрдэм боловсролыг дээдэлсэн, жирийн сэхээтэнг гаргаж ирэхээ намууд даанч мэдэхгүй байгаа нь энэ цагийн эмгэнэл болчихсонд хамаг учир бий. Монголыг талцуулсан хүн Ерөнхийлөгч болж болдоггүй юм байна гэдгийг бид хангалттай харлаа. Үндсэн хуульдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж дэмий ч нэг заагаагүй. Ямар хүн эв нэгдлийг илэрхийлэгч байх вэ гэдэг зан чанарыг харж байж дэвшүүлэх хэрэгтэй. ийм л хүнийг ард түмэн хүсч байна
huts · 2021/05/05
bitgii utgagui yum bichij bai.ard timnii mungu bolohoos tednii mungu bish.eh uusveriig ni gollon uzdeg
зэв · 2021/05/05
ЗЭВЭРСЭН НАМУУД-с ЗЭВЭРСЭН УЛС ТӨРЧИД ДЭВШИЖ БНА !!! Сонголт алга
Зочин · 2021/05/05
НАм-с гарч ирсэн ЯМАР ч СОНГОЛТГҮЙ сонгуулийг ХҮСЭХГҮЙ БНА!!!
Зочин · 2021/05/05
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн боловсрол, мэдлэг, ёс суртахуунлаг байдал, зан харилцааны соёл зэргийг зэрэгцүүлэн жишэхэд зөв хүн, электрат эвслээс нэр нь дэвшиж байгаа УИХ-ын гишүүн асан Б. Энхбат л хамгийн түрүүнд санаанд орж ирж байна. Энэ хүн нэр цэврээрээ, мэдлэг мэогэжлээрээ, шинийг сэдэж уян хатан байх чадвараараа,, биеэ авч явах соёлоороо, нүдэнд дулаахан гадаад өнгө төрхөөрөө, биеэ тоож ихэрхээд байдаггүйгээрээ бусдаасаа эрс ялгаатай хүн шиг санагддаг юм. Олон түмэн минь сайн тунгааж үзээрэй.
zochin · 2021/05/05
Khulgaichdiig nomkhruulakh getel MANAHcaad bolson
ө · 2021/05/04
Боловсролнүй хүн үнэхээр хэцүү байгааг харлаа
Зочин · 2021/05/04
Хамгийн гол ямар ч үед эх орон ард түмнээ гэсэн хүн байгаасай
Зочин · 2021/05/04
ха ха шудрагаа. ха ха нэр дэвшсэн бол шууд гарлаа. хэ хэ
Зочин · 2021/05/04
Хуучин төрийн тэргүүн ард түмэндээ ээлтэй хулгайч улс төрчдөд хатуу байсан ийм учраас ард түмний 80 хувь одоогийн ерөнхийлөгчийг дэмждэг нэр дэвшсэн бол шууд гарах байсан тийм учраас хуулийг завхруулж ямар үйл явц болж байгааг ойлгоод хараад л сууж байна
Бат · 2021/05/04
Зах зээлийн энэ нийгэмд багаар ажиллаж байж үр дүнд хүрнэ тэгэхлээр дараагийн ёрөнхийлөгч МАН аас гарах нь л зөв
зочин · 2021/05/04
аль болохоор улс орондоо бүтээлтэй эвээр үздэг хүн хэрэгтэй
Зочин · 2021/05/04
Songogch · 2021/05/04
Erdemt hun daruu O/U-d huleen zevheeregdsen surguuli tugssen magistraas deesh zeregtei 2-oos dooshgui gadaad hel ezemshsen baih ni naad zahiin bosgo shuu
Н.Н · 2021/05/04
Бөх бизнесмен биш бас түүнийг дэмжигч биш гол нь шударга шуналгүй хүн байгаасай.
Аялагч · 2021/05/04
Нефтийн үйлдвэр гэж ковид үед Энэтхэгчүүдийг зөөдөггүй хүнийг....
Irgen · 2021/05/04
Hamgiin gol ni eh oron ard tvmnee gesen setgeltei hubiin ashig sonirholoo hynaj chaddag helsen amlaltandaa hvrch chaddag bolobsroltou ooriin gesen vzel bodoltoi