О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд байсан "сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан" гэдэг шалгуур шинэ өөрчлөлтөөр байхгүй болчихлоо
2021/05/11
Хуульч О.Алтангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
“ХЭРЭВ ЦЭЦИЙГ “ХҮЧИНДЭЖ” ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГУУЛААГҮЙ БОЛ, УИХ 7 МИНУТАНД ХУУЛЬ БАТЛААГҮЙ БОЛ ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НЭР ДЭВШИХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ БАЙСАН НЬ НОТЛОГДОЖ БАЙНА”
-УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 29-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, тухайн хуулийн 5.4-т заасан “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн заалтаас “сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэдгийг хасчихсан нь хууль зөрчиж байгаа гэдэг мэдээлэл явах боллоо. Хууль зүйн талаасаа ямар зөрчил байгаа юм бэ?
-Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэдэг заасан. Хуулинд байгаа дээрх заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийнхаа зүйл заалтаас хассан байна лээ. Цэцээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргасан. Дүгнэлт гарсан учраас УИХ өөрчлөлт оруулах ёстой. Тэр өөрчлөлтийг оруулахдаа 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэдэг зүйлийг хасчихсан байна. Үндсэн хуулиндаа тэр шаардлага нь байгаа боловч хамгийн ноцтой асуудал нь сүүлийн 5 жил оршин суусан уу, байнга оршин суусан уу, үгүй юу гэдгээс биш энэ хуулийн зүйл заалтууд УИХ-аар ороод ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж аваад хүчингүй болсон. Дараа нь шинээр зүйл заалт оруулж, 7 минутанд баталсан. Энэ шинэ баталсан хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Тэгэхээр УИХ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-т заасны дагуу энэ хуулиудын үйлчлэл зогсчихсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хэн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй вэ гэдгийг заасан зохицуулалтын үйлчлэл нь түдгэлзчихсэн гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, СЕХ нэр дэвшигчид тусгайлан тавигдах шаардлага хуулинд нь хүчин төгөлдөр бус байхад У.Хүрэлсүх, Д.Энхбат, С.Эрдэнэ нарыг бүртгэлээ гээд тогтоол гаргачихсан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн асуудал. Яагаад гэвэл хуулинд нь ямар хүнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг заасан тэр зохицуулалт нь түдгэлзсэн байхад СЕХ эдгээр хүмүүсийг бүртгэж авлаа гэсэн үг. Нэг зүйлийг зориуд хэлмээр санагдаад байгаа юм. Би өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлээд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихэд ямар ч асуудалгүй гэж олон удаа байр сууриа илэрхийлж байсан. Энэ талаар ярилцлага ч өгч байсан. Маш олон хуульчид үүн дээр нэн ялангуяа МАН-ын байр суурийг дэмжиж юм уу хамтарч ажиллаж байсан хүмүүс нэр дэвших эрхгүй гээд баахан ярьсан. Одоо тайлал нь гарчихлаа шүү дээ. Би “Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй” гэдэг байр суурин дээр бат зогссондоо одоо бахархаж байгаа юм. Яагаад гэвэл миний үнэн болох нь батлагдлаа. Дэвших эрхтэй байсан болоод эд нар Цэцийг “хүчиндлээ”. Дэвших эрхтэй байсныг нь хаах гэж хууль гаргалаа. Хэрэв Цэцийг “хүчиндэж” хууль бус шийдвэр гаргуулаагүй бол, хэрэв УИХ 7 минутанд хууль батлаагүй бол одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрх нь нээлттэй байсан гэдэг нь нотлогдож байна. Манай бусад нөхдийн яриад байсан шиг нэр дэвших эрхгүй байсан юм бол ямар ч хуулийн шаардлагагүй байсан шүү дээ. Зүгээр бүртгэж авахгүй байхад л болох байсан. Тэгэхэд эд нар сая хуулинд өөрчлөлт орууллаа, Цэцээр дүгнэлт гаргууллаа. Өнгөрсөн хугацаанд энэ дүгнэлтийг гарах хүртэл Х.Баттулга гэдэг хүн нэр дэвшихэд ямар ч асуудалгүй байсан гэдгийн том нотолгоо. Хүчээр энэ хүний нэр дэвших эрхийг хаасан явдал боллоо. Гэхдээ энэ үйл ажиллагаа нэг юман дээр үр дүнгүй боллоо гэж би харж байна. Яагаад гэвэл ингэж яарч баталсан хууль нь хэрэгжих болоогүй байхад СЕХ “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэдэг шиг түдгэлзсэн байгаа хуулийн зүйл заалттай үед нь нэр дэвших ажиллагаа явуулчихлаа. Уг нь хуулийн дагуу явуулна гэсэн бол өнгөрсөн баасан гарагт /2021.05.07/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаа хийгээд хоригийг хүлээж авахгүй гэдэг шийдвэрээ гаргасан бол СЕХ тэр өдөр хуулиа баримтлаад нэр дэвшигчийг бүртгэхэд ямар ч асуудалгүй байсан. Харамсалтай нь УИХ-аа хийгээгүй хориг хэвээрээ, хууль түдгэлзчихсэн байхад хуулийн маш том зөрчил гаргасан. Энэ сонгууль одоо явагдсан ч хүчингүй. Явлаа гэхэд сонгогдсон хүн нь ч хүчингүй. Сонгууль явагдах ямар ч хууль эрх зүйн үндэсгүй болсон. Одоо үүн дээр хуучин шигээ олон хүнээр яриулаад, болно болохгүй гэж мэтгэлцүүлээд хэрэггүй.
Монгол Улсад зургаадугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль явах ямар ч үндэсгүй болсон.
Нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлье, Хууль батлагдчихсан учраас хоригийг хүлээж авах юм бол, хууль нь хэвээрээ явах юм бол дахиад нэр дэвших ажиллагаагаа явуулах ёстой. Нэгэнт хууль нь батлагдаад гарчихсан учраас энэ хоригийг хүлээж авахгүй бол бүх бүртгэлд нэр дэвшүүлэх ажиллагаа шинээр эхлэх ёстой. Яг энэ нөхцөлийг санамсаргүй бүрдүүлчихэв үү, санаатай юу? гэдгийг би гайхаад л байна.
УИХ ЯАГААД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАСАА НЭР ДЭВШИХ ХҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ХАСАВ?
-Тэгэх боломж байгаа юм уу?
-Өөр арга байхгүй. Тэгэхгүй бол энэ удаагийн сонгууль бүхэлдээ хууль зөрчсөн болно. Гарцаа байхгүй. Өнөөдөр яах вэ “бид олуулаа байгаа” гээд хүчиндээд хууль зөрчиж болно л доо. Дандаа ийм байхгүй шүү дээ.
-Энэ өөрчлөлтийг МАН-ын намаас нэр дэвшихээр болсон У. Хүрэлсүх Монгол Улсад оршин суусан байх ёстой нэр дэвшигчийн шалгуурыг хангахгүй болсон гэдэг мэдээлэлтэй холбож ойлгож болох уу?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд байсан “сүүлийн 5 жил” гэдэг үг, үсэг чинь гарцаагүй байж байгаад шинэ өөрчлөлтөөр байхгүй болчихлоо шүү дээ. Үндсэн хуулинд байгаа боловч яагаад заавал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд байсан тэр заалтыг авав гэдэг дээр иргэдийн дунд хардалт үүснэ шүү дээ. Энэ үг хуулиндаа байхаар яадаг юм, яагаад хасчихав гэдэг дээр хардалт үүсэж байна. Нэр дэвшигчээр бүртгүүлсэн хүмүүс дунд сүүлийн 5 жил эх орондоо байгаагүй юм биш биз гээд үзэхээр эрх баригч талаас нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүх байна. За тэгвэл У.Хүрэлсүх энэ хугацаанд байгаагүй юм биш үү гэсэн хардалт үүсэж байна. Яагаад үүнийг эцэслээд тэр баримтаа үзүүлэхгүй байгаа юм бэ? гэдэгт иргэн хүнийхээ хувьд гайхаж байна. Зүгээр байсан хуулийн зүйл заалтыг өөрчлөөд зориуд тэр хуулиас 5 жил гэдгийг авчихлаа. Авсан нь хэн бэ гэхээр МАН. Эрх баригч нам нь хасахаар эд нар чинь өөрсдөдөө зориуллаа гэж иргэд, улс төрийн бусад нам, эвсэл, иргэний нийгэм хардах нь зөв шүү.
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүнд тавигдах шаардлага нь Үндсэн хуульд заасны дагуу байж л байгаа. Гагцхүү СЕХ, УИХ яагаад заавал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиасаа хасав, СЕХ яагаад түдгэлзчихсэн хуулиар бүртгэл явуулав. Үнэхээр Үндсэн хуулийн зүйл заалтаа баримтласан уу үгүй юу гэдэг дээр иргэдийн хардлага байна.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий. Уг заалтаас харвал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталснаас хойш нэг жилийн хугацаанд сонгууль явуулахгүй, мөн уг хуульд гар хүрэхгүй гэж ойлгогдоод байна л даа. Гэтэл 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр буюу сонгуулиас нэг сар гаруй хугацааны өмнө өөрчлөлт оруулчихлаа. Энэ хууль зөрчсөн өөрчлөлт биш үү?
-Хууль зөрчөөд өөрчлөлт оруулчихсан. “Бид олонх юм чинь ямар хамаатай юм” гэсэн байдлаар л эрх баригчид асуудалд хандаж байна л даа. Олуулаа учраас хуулийг зөрчих боломжтой мэтээр хандаж байгаа. Одоо яах вэ дээ. Батлачихсан. Хуульд өөрчлөлт орууллаа. Гэхдээ энэ хууль нь одоогоор хэрэгжиж эхлээгүй байна. Хугацаагаа зөрчсөн учраас дээр нь хууль зөрчсөн байж болзошгүй учраас Ерөнхийлөгч хориг тавьсан.
Хоригийг одоогоор хэлэлцээгүй байна. Бодвол олонхоороо хүч түрээд энэ хоригийг хүлээж авахгүй байх. Гэхдээ цаана нь хоёр том зөрчил үлдэж байна гэдгийг л ойлгох хэрэгтэй.
Нэгдүгээрт, Хугацаа зөрчсөн. Хоёрдугаарт, Яагаад Үндсэн хуулинд заасан зүйл заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиасаа хасав?
Үр дагаврын хувьд дээрх 3 нэр дэвшигч 3-уулаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болчихсон. Энэ бүртгэл тэр чигтээ хүчингүй болно. Үүнийг яагаад ингэж өөрчлөв? Энэ хуулийн төслийг санаачилсан ажлын хэсэг, гишүүд үүнийг тайлбарлах ёстой. Мэдэх бололцоо олголгүй хэдхэн минутанд баталсан хуулийн талаар асуух хүн олдохгүй байна.
МОНГОЛ УЛСАД НЭГ НАМ ДУРААРАА ШИЙДВЭР ГАРГАДАГ ТОГТОЛЦООНД ОРЛОО
-Хуулийг өөрсдөдөө давуу байдлаар засаад, өөрчлөөд байвал ямар үр дагаварт хүрэх юм бэ?
-Товчхондоо, Монгол Улс хуульгүй болсон. Монгол Улсад нэг нам дураараа шийдвэр гаргадаг ийм тогтолцоонд л орлоо. Хуульч хүнийхээ хувьд энэ талаар удаа дараа яриад цөхөрч байна. Бидний мэддэг хууль гэж алга. Мэргэжил нэгтэй зарим нэг нөхдүүд маань эд нарыг дагалдаад бүх үйл хэрэг, яриа хөөрөөгөөрөө үүнийг нь өөхшүүлээд яваад байгаа нь харамсалтай. Зарчимдаа үнэнч байгаа хуульчид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ бол бидний хүссэн зүйл биш.
-Баярлалаа.