Тэр сул улстөрч биш. Тэрийгээ харуулсан. “Сул” гишүүн байхаасаа том “зодоон”-уудад орж их нүдэлдсэн. Улстөрч хүн “зодоон” хийгээд байх нь нэгдүгээр ажил нь биш. Гэхдээ манайд хийхгүй бол хэн ч биш болно. Бас нийгэм үүнийг хүсдэг.

Одоо Л .Оюун-Эрдэнэ улсын Ерөнхий сайд болсон. Таван сар гаруй хугацааг өнгөрөөж байна. Цар тахалтай, эдийн засаг уначихсан. Өнөөдөр цар тахал, эдийн засгийн хүндрэлийн хажуугаар улс төр айхтар савлагаатай байгаа. Чухамдаа ийм үеийн засгийг тэргүүлэхээс баргийн хүн зүрхшээдэг. Ажлаа муу хийж, эсвэл улс төрд хэрчүүлбэл карьертаа цэг хатгах аюултай. Гэсэн ч Ерөнхий сайд энэ тахлыг давж, эдийн засгийг сэргээх ёстой. Түүний үүрэг нь л энэ.

Гэхдээ Л .Оюун-Эрдэнэ ийм цаг үед Ерөнхий сайдын албыг их чамбай залгуулж байна. Ямар ч байсан вакцинжуулалтын ард гарах шиг боллоо. Үүний үр дүн нь яаж гарах юм, бүү мэд. Вакцинжуулалт өндөр байгаа ч халдвар урьдынхаараа нэмэгдэж байна. Бүрэн хамруулаад дуусахаар нэг тийш болох биз. Гэлээ гээд энэ улс, олон түмэн оршин тогтнох ёстой. Амьдрал үргэлжилнэ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болохдоо хэрэгжүүлэх дөрвөн зорилтоо зарласан.

 

 

 

Түүнийгээ алхам алхмаар урагшлуулаад л байх шиг байна. Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө энэ тэр гээд олон ажил төлөвлөсөн. Тэрийгээ хэрэгжүүлээд эхэлсэн.

 

 

 

Ер нь түүний ажиллаж буй байдал их нээлттэй байна. Бас зоригтой гэж болохоор шийдвэрүүдийг дараалж гаргаад явчих аж.

Уржигдар Эх, үрсийн баяраар Хүүхдийн паркийн газар, Хүүхэд залуучуудын театр, “Бамбарууш” кафе, “Найрамдал” зуслан зэргийн талаар гаргасан шийдвэрт олон нийт таатай л хандаж байна. Бас хотын төвийн зарим газрын талаар арга хэмжээ авлаа. Үнэнийг хэлэхэд хүн бүхэн болохгүй байгааг нь, ингээд шийдчихэж болохыг мэддэг ч хэн нэгэн хийхгүй явсаар өнөөг хүрсэн юм. Араас нь улс төрд нөлөө бүхий, мөнгөтэй бэлтэй нөхдүүд гараад ирээд ямар нэг тээг тавьдаг байсан биз. Бас хэлж байснаараа уржигдраас хилээ нээв. Манай улсын иргэд хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой болжээ. Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш ямар нэг баяр, тэмдэглэлт өдрийг зөвхөн мэндчилгээ дэвшүүлээд өнгөрөөхгүй байгаа юм. Сая Хүүхдийн баяраар хүүхдийн нэртэй нэлээд асуудал шийдчихлээ. Өнгөрсөн Мартын 8-наар эрүүдэн шүүлгэсэн Т.Чимгээтэй шоронд очиж уулзсан. Тэр саяхан суллагдсан.

Л.Оюун-Эрдэнэ бас Төрийн ордонд шийдвэрээ гаргачихаад гараад гүйчихдэг. Газар дээр нь очиж ажилладаг. Шийдвэрээ нотолдог гэх юм уу даа. Ер нь Засгийн газрын хуралдаан болгоны дараа ингэдэг. Тэгэхээр цаасан дээр гаргасан шийдвэр амьдрал дээр хэрэгжихэд дөхөм болох болов уу.

Тэр бас анхны томилтоороо нутаг руугаа бус Өмнөговь руу зүтгэсэн. Ерөнхий сайд болсон хүмүүс эхлээд нутагтаа очдог номтой. Ээждээ үнсүүлж, нутгийнхнаараа ерөөлгөнө. Эргүүлээд хараарай. Тийм л байж ирсэн. Харин Өмнөговь бол Оюу толгой Таван толгой ордууд, Гашуунсухайт боомт яалт ч үгүй өнөө цагийн Монголын эдийн засгийн гол тулгуур юм. Тэнд очиж олон асуудал шийдсэн. Таван толгой-Гашуунсухайт, Тавантолгой- Зүүн баян чиглэлийн төмөр замуудын ажлын талаар шийд гаргаж, Таван толгойн цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэрийг нээлээ. Дараа нь Сэлэнгэ, Дархан, Эрдэнэтэд ажиллав. Улиг болсон Дарханы замын ажлыг хугацаанд нь дуусгахаар гүйцэтгэгч нартай тохиров. Дараа нь зүүн аймгуудад, тэр дундаа Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн Ульхан боомтод ажиллаж, 2024 онд багтааж Чингис хот-Ульхан, Ульхан, Хавирга боомтыг автозамаар холбож, чиглэлийн замыг хатуу хучилттай болгох, боомтын цогцолбор барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутгийн томилолтоос нэг зүйл анзаарагдсан. Тэрээр нутгийн дарга нарын бэлдсэн найранд оролцдоггүй. Өөрөөр хэлбэл, улаан хивс дэвсэж, үлээвэр хангинуулсан, “Дүүриймаа"-тай угталтаас зайлсхийдэг бололтой юм. Шулуухан очих, ажиллах газартаа хүрдэг ажээ.

Түүнчлэн тэр хотын түгжрэлийг анх удаа Засгийн газрын хэмжээнд авч үзсэн гэхэд болно. Хотын түгжрэлийг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар авч хэлэлцсэн. Жил бүр түгжрэлийг бууруулахад 420 тэрбумаас доошгүй төгрөг зарцуулах шийдвэрийг гаргасан.

 

 

 

Ерөнхийдөө Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар тунчиг чамбай ажиллаж байна. Түүнээс “олзолчихмоор” олон тал байна. Аливааг томоор, системтэй авч үздэг. Хэлснээ хийх гэдэг холбоостой ажилладаг. Тиймээс баяруудыг “баллаж”, ажил хэрэг болгодог. Тийм учраас орон нутагт томилолтоор ажиллахдаа даргын өрөөнд цаастай танилцчихаад буцдаггүй юм байна.

 

 

 

Хажуугаар нь яахав дээ, янз бүрээр шоолуулах л юм. Элдвийн том жижиг улстөрийн “дайсан” байж л таарна. Хамгийн гол нь төрийн бүх албан тушаалтнууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шиг ажиллаасай. Одоо ч, ирээдүйд ч төрийн ажиллах зөв жишиг, зөв арга барил нь энэ юм байна.

 

 

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Эх сурвалж: "Өдрийн сонин"