--- Засгийн газарт ажиллах боломж олгох ёстой ---

У.ОРГИЛМАА

Юуны өмнө найзууд аа, зөв буруугаа шударгаар хүлээж сурцгаая. Өнөөдөр Засгийн газар, УОК-ын нуруун дээр хүнд даацаар унаж буй Ковидын гэнэтийн хүчтэй тархалтын буруутан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гар барьж, тэврэлдэж үнсэлцсэн замбараагүй уулзалтууд, Төрийн Тэргүүний тараасан одон медалиудад баяр хүргэсэн, “угааж” найрласан эх адаггүй найрууд, “Алдарт эх”-чүүдийн гэр бүл, хүүхдүүдээ дагуулж ирж эрсдэл оруулсан замбараагүй цугларалтууд, МАН-ын 100 жилийн ойн өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүд, вакцины дараах тайвшрал энэ бүхний хоршил байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиар цуглуулж уулзаад байсан, одон медаль тарааж төв талбайгаар дүүрэн хүмүүс цуглуулсан “этгээдүүд” яагаад ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ? Одоо ачаалал хэн дээр ирж байна вэ? Яагаад Засгийн газрын зарим сайдыг огцруулах тухай хөндөж, мэрж эхлэв? Үхэл, халдвар буурна гэж хэн хэлсэн юм бэ? “Онош” тодорхой, шалтгаан ил байсаар байтал эмчилгээг, эмчлэгчдийг буруутгахдаа улстөржүүлээд байгааг олон нийтээрээ харж байна.

Цаашид яах вэ? Юуны өмнө буруутнуудад ямар ч хариуцлага тооцохгүйг харлаа. Л.Оюун-Эрд энийн Засгийн газраас өмнөх цаг тоололд багтагсад, “Энхсаран” сувиллын хариуцлага алдсан явдал, “Улаан бүсэд” нэвтэрсэн давуу эрх, түүндээ бантаж улаан бүс үүд хаалгаа дэлгэсэн, энэ бүхэн гэм буруугүй үйлдлүүд бол олтой. Энэ нь цаашид хариуцлагатай ажиллах хэрэг байна уу, сахилга бат гэж юу юм бэ гэх буруу сэдлийг өдөөж байна. Өнөөдөр бид Эрүүл мэндийн яамнаас хэлээд байгаа бодит үнэний дор нэгдэж чадахгүй байгаа нь хатуу үнэн. Юуны өмнө дархлаажуулалт. Үүнд бас нэг “но” бий. Дархлаажуулалтыг зөв үедээ “түр зогсоосон” уу?

Арай тэнд алдаа гарсан юм биш биз гэдэг асуудал хариултгүй хоцорсон нь сэтгэлд сэвтэй. Гэхдээ Засгийн газар Монголын ард түмнийг вакцингүй хаяагүй. Дэлхий нийтэд өргөнөөр хэрэглэж буй, ДЭМБ-ын зөвшөөрөлтэй вакцинаар тасалдуулаагүй нь сайшаалтай. Хатуу хөл хорионы хувьд цэвэр мэргэжлийн байгууллагуудын тооцоо судалгааны үндсэн дээр шийдвэр гаргаж байгаа, цаашид ч тэгж явах ёстой. Энэ бол Засгийн газар, УОКын хариуцлага ч хүлээх, эрх мэдлээ ч бүрэн дүүрэн эдэлж гаргах ёстой шийдвэр. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан “тахал дэлгэрүүлэхэд хүргэсэн” үйл явдлуудын мөрийг өнөөдөр Засгийн газар, УОК арилгах гэж үйлээ үзэж, эрдэмтэдтэйгээ зөвлөлдөж сууна. Монголд байтугай дэлхий даяар ирэх долоо, наймдугаар сард “цөмрөх” тэр давлагааг яаж хохирол багатай давах тухайгаа “тархиа гашилгаж” байна.

Үүнд улстөржилт, улс төрийн тогтворгүй байдал шиг том дайсан үгүй. Иргэн, айл өрх, албан байгууллага бүр цар тахлын өмнө хүчин мөхөстөж, гомдлоо барагдтал чадах бүхнээ хийлээ. Хөл хориог тэвчиж, сахилаа, вакцинаар хангалаа, түүнд хамрагдлаа. Нэлээд үр дүнтэй болж байтал одон тараасан, одонгоо гардах гэж хүүхдүүдээ дагуулан олны хөлийн газар цугларч бөөгнөрсөн. Орон нутгаар явж сонгуулийн уулзалт хийсэн, сахилга бат алдсан. Үүнд л гомдолтой байна. 

Гэтэл Засгийн газрын гэм буруу үүнд хаана нь байна. Үүргийнхээ дагуу чадах бүхнээ хийж байна. Үүн д ээр эрх баригч намын удирдлагыг сонгох “улс төр” орж ирж улс төрийн тогтворгүй байдал үүсгэж хямрал өдөөснөөр хөрш орнууд ч бидэнтэй харилцахаас татгалзах болно.Тиймээс Засгийн газарт ажиллах боломж олгох ёстой. Харин тахлыг идэвхжүүлэх үйлдэл хийсэн тэр этгээдүүдтэй хариуцлага тооцох шаардлагатай. Эцэст нь хэн ч хариуцлага хүлээдэггүй хатгаасаар төрийн үйл ажиллагааг гацаах нь тахалтай тэмцэх замд саад болохоос цаашгүй. Улс төр хийсний дүнд, албан тушаалын халаа сэлгээ хийснээр тахлын улмаас амиа алдсан хэн ч амилдаггүй, хэн ч эдгэрдэггүй нь няцаашгүй үнэн билээ. Хөл хорио тогтоохын тухайд ч сайн, муу улстөрчийн шийдвэр биш цаг үеийн сонголтгүй сонголт юм шүү гэдгийг сануулъя.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН