Бензиний үнэ "Алсын хараа 2050"-г санагдуулсан уу?
2021/08/10
Хоржоонтой юм шиг А-92 бензиний үнэ 2050 хүрсэн нь Алсын хараа 2050 хөтөлбөртэй тоогоор холбогдож, Засгийн ажлыг уралдаж шоолоход хүрэв. Бүгдээрээ л хошин шогийн мэдрэмжээ гайхуулж, “Алсын хараа 2050 Бензин 2050” гэж янз бүрээр шоолоод эхэлсэн. Магадгүй энэ нь Засгийн тэргүүнд таалагдсангүй юу үгүй юу, ямар ч байсан бензиний үнийг 2050 байлгаж болохгүй талаар зөвлөмж магадгүй чиглэл, санамж өгсөн байж магад. Зарим колонкууд сандарч, 10 төгрөг нэмж 2060 болгосон. Гэсэн ч 2060 нь өөрөө 2050 шиг харагдана. Манай Засаг өнгөн хэлбэрт их утга учир өгдөг. Бензин 2050 болгосон хүн нь Алсын хараа 2050 хөтөлбөрийн эхлэл гэж ардын сэтгэлд гүн наалдах шинжтэй болмогц зүгээр сууж боломгүй. Манай Засаг пиар сайн хийдэг, том пиарын багтай, Монголын толгой пиарчин байнга дэргэд нь зөвлөдөг. Шатахууны үнэ хоёрын хооронд 100 төгрөгөөр буулгалаа гээд олон нийтэд сөрөг пиар болно уу гэхээс эерэг пиар болохгүйг сайн мэднэ.
Шатахууны үнэ өссөнд хүмүүс уурлаад дөнгөж дуусаж байхад дахиж сануулах, дахиж уурыг нь сэдрээх ийм үйлдэл хийх нь пиарын хувьд яагаад ч буруу. Тэгэхээр илүү гүн утга учиртай зүйл байгаа учраас л 100 төгрөг бууруул гэсэн болов уу, ямар дахиад нэмэгдүүл гэлтэй нь биш.
Шатахууны үнэ 2010 2020 2030 2040 2050 2060 2070 2080 2090 аль нь байсан ч Алсын хараа 2050 -ыг нь нийтэд санагдуулна. Тиймээс хамгийн үнэтэй 2090-тэй газрууд ч 100-аар буулгаж байж 1990 болж үнэ хамаагүй хямд харагдаж, 2050-ийг санагдуулж зүрх зүсэхгүй. Тэгэхээр магадгүй 2050-ыг санагдуулахгүй гэсэн үүднээс л шатахууны үнэ 100 төгрөгөөр бууруул гэж шахсан байж магадгүй юм, шүтлэг бэлэгдэл ихтэй засаг шүү дээ. Үнэхээр 2050 хөтөлбөрийг сануулаад байсанд уур нь хүрч 100 төгрөгөөр бууруул гэсэн ч юмуу хэн мэдлээ. Хүүхэд нь архидаад байсан учир архи зарахыг хориглох тухай ярьдаг, нөхөр нь залуу охидтой яваад байсанд араар тавилтанд ял өгөхийг санаачилдаг төрийн сайд, гишүүд байсан л гэдэг, хэн мэдлээ.