“Тэдний тал, манай тал” гэх үргэлжилсэн их маргаанд ХЭН ЯЛЖ БАЙНА ВЭ?
2021/08/19
Эртээ урьдын цагт Монгол хүү Рио Тинто гэх бүсгүйтэй хайр сэтгэлийн харилцаатай болж, тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбов оо.
2009 онд тэд дундаасаа Оюутолгой гэх хүүхэдтэй болж, хүүхэд нь өсөж бойжсоор эрийн цээнд хүрч, их амьдралын гараанд тулан иржээ.
Өдий хүртэл олон жил тэжээж, боловсруулж, ажил хийхэд бэлэн болгосон тул ээж, аав хоёр нь хүүхдээсээ ихийг хүлээж, итгэл тавьж байв.
Энэ бол хэрхэхийг шийдэх 2021 он билээ.
Энэ цагийн бодит байдал буюу хэнийг хохироогоод байна вэ?
Үлгэрлэн өгүүлсэнчлэн Рио Тинто болон Засгийн газар хүссэн хүсээгүй нэг тал юм. Учир нь бид дундаасаа “төрсөн” Оюутолгой гэх хүүхдийнхээ олсон ашгийг хуваан хүртэж, хамтдаа урагшлах, ухрахаа шийднэ.
Манай тал, танай тал гэх бүрт хамтдаа хохирч, хөрөнгийн зах зээл дээр Оюутолгойн хувьцаа, хөрөнгө оруулагчдын дунд Монголын нэр хүнд унаж байна. Оюутолгойг хойшлуулснаараа олон боломжийг бид алдах эрсдэлтэй.
Үүний дүнд гүний уурхай гэлтгүй бусад хийж болох эдийн засгийн төслөөс олох ашиг орлого л алдагдсаар байгааг бид мартаж болохгүй.
Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг танилцуулсны дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээрх Оюутолгойн хувьцаа 3.71 хувиар буурч, 18.67 канад доллар болсон нь үүнийг гэрчилнэ.
Ер нь, мега төслийн гол шинж чанар нь маш том хэмжээний, цаг хугацаа их ордог, урьдчилж харах боломжгүй асуудал олонтой, эерэг төсөөлөл дээр үндэслэсэн байдаг. Тиймээс мега төслүүдийн хугацаа болон зардал хэтрэх нь дэлхий дахинд түгээмэл тохиолддог зүйл юм. Анхны зураг төсөл, зардлаараа дуусаж байсан мега төсөл дэлхий дахинд үгүй.
Харин Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээс гадуур, алсыг харсан, тун ухаалаг шийдвэр хэлсэн нь “Гүний уурхайн олборлолтын ажлыг яаравчилцгаая” гэх үг байв.
Энэ бүх маргааны эцэст “тоонот гэрт толгой холбочихоод” эцэс төгсгөлгүйгээр ийнхүү маргасаар байх уу гэдэг асуулт л үлджээ.
Тиймээс маргааныг даамжруулалгүйгээр хамтдаа ажлаа урагшлуулах нь бидний гол зорилго.
1.4 тэрбум долларын зардлын хэтрэлтийн цаана юу байгаа вэ?
Рио Тинто мэдээлснээр 1,4 тэрбум долларын зардлын хэтрэлт гарч, гүний уурхайн олборлолт 30 сараар хойшилсон гэв. Энэ зардлын хэтрэлт нь ямар учиртай вэ? Яг энэ асуултын хариултыг өгч харилцан ярилцах гэтэл өнөөдрийг хүртэл хэн ч ярилцаагүй байдаг.
Нууц задлахад, зардлын хэтрэлт нь Монголын Засгийн газрын хувьд тийм ч муу зүйл болоогүй гэдгийг дараах баримт илтгэнэ.
Засгийн газар хэнтэй "нэг хөнжилд" орчихов?
Засгийн газрын хөлсөлсөн хөндлөнгийн шинжээчдийг эдийн засагч Ч.Отгочулуу “Рио Тинтод ажиллаж байгаад хөөгдсөн, ажлаасаа халагдсан хүмүүс хөндлөнгийн, хараат бус байж чадах уу. Тэд үнэхээр шүгэл үлээгч үү эсвэл ажлаасаа халагдсандаа хорсож гомдол тээж яваа хүмүүс үү гэдэг нь эргэлзээтэй” хэмээн дүгнэжээ.
Тэд Оюутолгой, Рио Тинтотой дээр өгүүлсэн ажлаасаа халагдсанаас өөр ямар ч холбоогүй.
Харин “нөгөө тал” гэж бидний нэрлэж заншсан, үнэндээ бол монголын хамтрагч Рио Тинто групп 12 тэрбум доллараа хэдийнээ монголын хөрсөнд “шингээчихжээ”. Тэд биднээс салах аргагүй болсон бөгөөд энэ нөхцөлд хэн нь мэдэгдэхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй хэдэн хүнтэй нэг хөнжилд орох уу, хэдэн тэрбумаа монголын хөрсөнд шингээсэн Рио Тинтотой хамтын ажиллагаагаа урагшлуулах уу гэдэг сонголт Монголын Засгийн газрын ажлын хэсгийнхний өмнө ирээд байна.
Бид арав гаруй жил “манай тал, дайсны тал”, “тэд, бид” гэж хэрэлдсэн. Одоо хангалттай. Биднийг хэрэлдэх зуур алдагдсан боломж хэзээ ч эргэж ирэхгүй бөгөөд, тэр бүрт мөнгө тоологдож байдгийг санацгаая.
Хамтдаа ажлаа эхлүүлцгээе, гэрээ хэлэлцээрүүдээ сайжруулах ёстой бол шалавлацгаая, хөгжил өөд урагшилцгаая. Өөр гарц бидэнд угаасаа үгүй.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Sonjigch · 2021/08/20
"Shinjeech" bol shinjeech l shuu dee Manai Ganbaa ch gesen "shinjilgee"- dee l tulguurlan yaridag baih "Manai tal"-iin bureldehuund matematikchdiig i