Ажлын байраар эдийн засгийг хэмжих нь өрөөсгөл үү?
2021/08/23
УИХ-ын дарга Г.Занданшатар эдийн засгийн өсөлтийг ажлын байрны өсөлтөөр хэмжинэ гэж өнгөрсөн долоо хоногийн эхэнд олон нийтэд зарласан.
Ажлын байрны өсөлтөөр эдийн засгийн өсөлтийг хэмжих боломжтой ч ковидын нөхцөл байдлаас шалтгаалан хэмжигдэх боломжгүй ажлын байрууд шинээр гарч байна. Эдийн засгийн тэлэлт, агшилтыг хэмждэг ганц хэмжүүр нь одоогоор нэг хүнд ноогдох ДНБ- нд эзлэх хувь хэмжээ юм. Мэдээж баялаг бүтээх явцад капитал, хөдөлмөр гэсэн хоёр чухал нөөц оролцоно. Нөөцийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг бид баялаг гэж үздэг. Эргээд баялаг хуваарлагдахдаа компанийн ашиг, ажилчдын цалин болдог. Тэгэхээр ажлын байр нэмэгдэх нь бүтээгдэхүүний гаралтыг нэмэгдүүлж эдийн засаг өсөх боломжтой.
Гэвч нөгөөтэйгүүр манай улс далд эдийн засаг ихтэй. Албан бус секторт олон мянган иргэд, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс ДНБ гэх үзүүлэлтэд тооцогддоггүй. Тооцохгүй учраас тэнд ч бас баялаг бүтээгддэг. “Covid-19”-ээс шалтгаалан өрхийн бизнес хүнд цохилтод орсон. Ихэнх нь дампуурсан. Гэсэн ч энэ үзүүлэлт ажлын байр болоод ДНБ-д бүртгэгдэхгүй. Тухайлбал, албан бус ажил эрхлэлт, сайн дурынажил, гэрийн ажил, байгаль орчны бохирдол гэх мэт зүйлсийг дурьдаж болно. Жишээлбэл, албан бус ажил эрхлэлт манайх шиг хөгжиж буй орнуудад өндөр байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд албан бус ажил эрхлэлтийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Эдгээр ажил нь цар тахлын үеэр илүү олон болж байна.Түүнчлэн баялаг бүтээж ажлын байр бий болгодог үйлдвэрлэл тухайлбал, сүүний,бяслагны,өндөгний, хоол үйлдвэрлэл зэрэг олон хүнийг ажлын байраар хангадаг жижиг дунд бизнес олон сараар үргэлжилсэн хол хорионы үеэр түүхий эдийн хомсдол болон түрээс, цалин, зээлийн өрийн дарамтад орж ихэнхи нь дампуурсан. Өөрөөр хэлбэл, хөл хорионоос шалтгаалж 500 гаруй мянган ажлын байр үгүй болно гэж мэргэжлийн байгууллагууд үзсэн. Хэдийгээр Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж гурван хувийн хүүтэй зээлээр 225 мянган ажлын байрыг хадгалж үлдсэн гэж байгаа ч үлдсэн хэсэг нь ДНБ-нд тооцогдохгүй ажлын байрыг өөртөө бий болгосон уу эсвэл өөр ажлын байрыг эрэлхийлж байгаа нь тодорхой.
Гурван хувийн хүүтэй зээлийн дэмжлэгийн хүрээнд хоёр их наяд төгрөгийн санхүүжилтын үр дүн зургаан сарын хугацаанд 34 хувийн үзүүлэлттэй байгаа нь гурван жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрийн хувьд том үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Гэхдээ тус хөтөлбөрийн санхүүжилт одоогоор хомс. Дээр нь зорилтот бүлгийн жижиг дундынханд олдох, хүртээмж муу байгааг салбарынхан шүүмжилсээр байгаа.
Тиймээс эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх ажлын байр ирээдүйд ковидын өмнөх үеийн 2019 оных руу дөхөж очих уу гэдэг нь бодит байдал дээр эргэлзээтэй. Яагаад үүнийг хоёр талаас нь авч үзэж байна вэ гэвэл эдийн засаг уналттай үед ажилгүйдлийн түвшин өсч, цалин ашиг буурснаар нийгмийн сайн сайхан байдал буурдаг. Улмаар улстөрч, эрх баригчид дараагийн сонгуулийн дүнгээ тавиулдаг гэсэн үг. Жишээ нь, уул уурхайгаас хамааралтай манай улсад түүхий эдийн үнийн өсөлт, бууралтаар эдийн засаг нь тодорхойлогддог.
Тухайлбал, ДНБ өндөр өссөн хэдий ч тэрхүү өсөлт нь тэгш хуваарилагдаж чадсан эсэх, цөөн хэдэн хүн ихийг хүртэж, үлдсэн нь маш багыг хүртэж байгаа нь уул уурхайн түүхий эдийн үнэ өсөхөөр эдийн засаг өсдгөөр нотлогдож байна. Манай улсын хувьд ДНБ нь хэрхэн тэгш бус хуваарилагдаж байгааг харвал өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар чинээлэг бүлэг болох хүн амын 20 хувь нь нийт хэрэглээний 40 хувийг бий болгож байгаа бол ядуу хүн амын 40 хувь нь хэрэглээний 21 хувийг л бий болгодог байна. Эдийн засагч Б.Ганзориг энэ талаар хэлэхдээ “Эмэгтэйчүүдийн гэрийн ажил, нэмэлт ажил гэх мэт зүйлсийг ДНБ тооцдоггүй. Сая ковидын үеэр эмэгтэйчүүдийн ажлын ачаалал өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн гэх судалгаа байсан. Гэвч эдгээрийг бид тооцож чадахгүй шүү дээ. Тухайлбал 10 их наядын төлөвлөгөөний үр дүнгээр 500 мянган ажлын байраа хадгалж чадсан уу гээд хэмжихэд хэцүү. Мэдээж хямд хүүтэй зээл нь тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулна. Улмаар ажилтнаа цомхотгохгүйгээр ажлын байраа хадгалж үлдэх боломжийг олгоно гэх л логик явж байна” гэсэн юм. Ингэхээр ДНБ төгс хэмжүүр үү гэдэг нь өрөөсгөл юм.
Хөгжлийн шинэ хэмжилтийн эрэлд
ДНБ-ий сул талыг олон эдийн засагч гаргаж, дэвшүүлж тавьсан ч одоог хүртэл түүнийг бүрэн орлох хэмжигдэхүүнийг гаргаагүй л байна. Гэхдээ эдийн засгийн хөгжлийг илүү илэрхийлж чадах үзүүлэлтийг хайж эхэлсэн. Тухайлбал, Дотоодын нийт бүтээгдэхүүнийг орлогын хуваарилалт, байгаль орчны бохирдолт зэргээр засварлан тооцсон. Мөн нийгмийн сайн сайхан байдлыг илэрхийлэх аз жаргалын индексийг хүртэл хэмжээд байна.Цаашид бид тогтвортой хөгжил, ногоон ДНБ, аз жаргалын индекс зэрэг хүчин зүйлсийг тооцож, хэрэглэж хэвших хэрэгтэй.Энэ нь бидний бодит байдлыг илүү тодорхойлж өгч, бидний хийх ёстой зүйлийг ойлгуулахад тодорхой хувь нэмрийг оруулна.
Ц.Мянганбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин