Ж.Мөнхбат: Төрийн албанд эрх зүйн шинэчлэл хийнэ
2021/08/26
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбаттай төрийн албаны хаагчийн ёс зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлууд болон хуулийн төслүүдийн талаар ярилцлаа.
-Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл нь юу вэ?
-Өнөөдөр бид төрийн албанд шинэчлэл хийх, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад иргэд, ард түмэнд үйлчилдэг үйлчилгээний ажилтан гэдгийг нь ойлгуулж мэдрүүлэх асуудал чухал байна. Ёс суртахуун, хэм хэмжээний асуудал, шилж сонгох асуудлыг хуулиар зохицуулахаар төсөл боловсруулж байна.
Хоёр жилийн өмнө бид Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг УИХ-аар баталж хэлэлцэхдээ анх удаа “Зөвлөлдөх санал асуулга”-ын хуулиар санал асуулгыг урьдчилж явуулсан. Энэ санал асуулгад оролцсон иргэдийн 94 орчим хувь нь төрийн алба хүнд сурталтай байна, авлига хээл хахуульд идэгдсэн, төрийн албаны нэр хүнд унасан гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ асуудлаар судалгаа хийхэд дээрх хүчин зүйл нь төрд итгэх иргэдийн итгэлийг бууруулж байна гэсэн дүгнэлт гарсан байдаг юм.
Тэгэхээр төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтэд байгаа сайн жишиг, чиг хандлагуудыг Монгол Улс өөрийн хөрсөнд буулгаж “амьдруулах” хэрэгтэй. Ингэж байж улс хөгжинө.
-Судалгаан дээр ямар улс орны туршлагыг авч үзэв?
-Төрийн албан хаагч нь ёс зүйтэй, үлгэр жишээч, ийм сахилгын тухай хуультай улс орнууд бий. Япон улсын жишгийг энд дурдаж болно.Канад улсын төрд ажилладаг албан хаагчид нь ёс зүйн кодтой, хөтөлбөртэй, дүрэм журамтай, хариуцлага, шийтгэлийг тодорхой зааж өгсөн байдаг. Өнөөдөр төрийн албыг хүнд сурталтай болгож байна, нэг намын эсвэл нэг даргын хүмүүсээр дүүрлээ, нэг нутгийн хүмүүсээр дүүргэлээ гэсэн шүүмжлэл байнга явагддаг. Үүнийг өөрчлөх цаг болсон. Хариуцлага алдсан бол, ёс зүйн алдаа гаргасан бол түүнийг нь хянадаг, шалгадаг, тогтоодог болох ёстой. Үнэхээр хариуцлага алдсан бол, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, улс төрийн албан тушаалууд дээр энэ хуулийн зүйл заалтууд үйлчилдэг байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс өнөөдөр УИХ Ёс зүйн байнгын хороотой болоод ажиллаж байгаа шүү дээ, 2020 оноос. Тэгэхээр энэ тал руу УИХ нэлээд санаачилгатай ажиллаж байгаа. УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд, ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газар хамтран ажиллаж хуулийн төслийг нэлээд чамбай сайн боловсруулсан гэж үзэж байна.
-Төрийн албан хаагчийг чадахуйд үндэслэн шилж олох буюу сонгон шалгаруулалтын тухай хууль батлагдсанаар ямар дэвшлүүд бий болох вэ?
-Төрийн албанд шатлан дэвших буюу мерит зарчим үйлчилж байгаа. Хэдэн жил ажилласан, дадлага туршлага нь ямар байна вэ гэдэг. Гэтэл чадахуйд нь суурилж сонгон шалгуулах, тухайн хүн ямар боловсрол мэдлэгтэй юм бэ, төрийн албанд ажиллах хувь хүний зохион байгуулалт, чин сэтгэл, зүтгэл ямар байна. Эзэмшсэн мэргэжил, тухайн салбартаа ажилласан нөхцөл байдал гээд олон хүчин зүйлийг харгалзаж төрийн албан хаагчийг шилж олох, түүний дараа сонгон шалгаруулах асуудлыг хуулийн зохицуулалттай болгоно. Жишээ нь Тайван улс төрийн албан хаагчдаа шилж олж, сонгон шалгаруулдаг журамтай. Сингапурт мөн ийм зарчимтай. Хүний нөөцийн яам, тусгай агентлаг ажиллаж, төрд ажиллах хүмүүсээ бэлддэг, сонгон шалгаруулдаг.
Шилж олох, эрэн хайх ажлыг явуулдаг. Өнөөдөр гадаадад өндпөр боловсрол эзэмшсэн залуус, дотооддоо боловсрол эзэмшсэн залуус хэн ч байсан төрийн албанд ажиллая гэхэд төдөн жил ажилласан байх ёстой гэх юм уу, эсвэл тийм дадлага туршлагатай байх ёстой гэдэг нь хаалт болдог.
Өөрөөр хэлбэл, дөнгөж сургуулиа төгсөөд төрийн албанд ажиллая гэсэн залууст дээрх байдал нь хүнд нөхцөл байдлыг бий болгоод байна. Зөвхөн хэдэн жил, ямар цаг хугацаанд ажилласан бэ гэдгээс биш тухайн хүн ямар мэдллэг боловсрол, итгэл үнэмшилтэй, ямар ёс суртахууны кодтой ажиллаж чадах вэ, юу хийж чадах вэ гэдгийг сонгон шалгаруулахад дээрх хоёр хууиар зохицуулалтыг нь хийж өгч байгаа нь давуу талтай.
-Хуулийн төслөөр сонгон шалгаруулалтыг аль түвшинд, ямар зарчмаар явуулна гэсэн үг вэ?
-Шүүгчийн сонгон шалгаруулалт ямар болдгийг нийгэм маань харж мэдэрч байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг байнгын хороон дээр сонгон шалгаруулж,. АТГ-ын дэд даргыг томилоход сонсгол хийж байгааг олон нийт мөн харж байгаа байх. Энэ бүхэнд сонгон шалгаруулалтын нэг хэлбэр яваад байгаа юм. Энэ нь өөрөө Монгол Улсад анхдагч шинэлэг юм шиг атлаа үгүй юм. Жишээ нь, нэг хүнийг мажилд тавихын тулд юу бодож явдаг хүн бэ, юу хийх хүн бэ, ямар мэдлэг боловсролтой, дадлага туршлагатай, ямар итгэл үнэмшилтэй вэ, хувь хүнийхээ тухайд ямар хүмүүжилтэй вэ гэж харж сонгон шалгаруулалтыг хийнэ. Энэ нь цаашид зөвхөн төрийн албан хаагч бус төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн албан тушаалууд дээр яригдана. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өнөөдөр Ерөнхий сайд танхимын гишүүд, сайд нараа шууд томилдог болсон. УИХ-ын гишүүд тангараг өргөөд явж байна. Гэтэл төрийн сайдаар ажиллах тэр хүн өөрөө ямар хэмжээний сатандарт, хэм хэмжээ, зарчим шалгуурыг хангасан байж тухайн албан тушаал дээр очих вэ. Жишээ нь Япон улсын сайн жишиг гэхэд УИХ-д нэгээс хоёр сонгогдсон гишүүн, эсвэл байнгын хорооны дарга хийсэн хүн сайд хийнэ гэх юм уу, ийм тодорхой хэмжээний шалгуур, стандарт зарчмаар зохицуулагддаг. Энэ хнь бүх хүмүүст нийтлэг тодорхой байгаа учраас тэнд ямар нэгэн маргаан гардаггүй. Хэн нэгэн даргын хүн гэх юм уу, аль нэг лоббидсон, арын хаалга татлаа түлхээгээр ажил албан тушаалд очлоо гэсэн гомдол маргаан гардаггүй. Бүх зүйл зарчим нь ойлгомжтой бөгөөд тодорхой учраас түүгээрээ явагддаг. Алдаа гаргасан тохиолдолд, ёс суртахууны эсвэл хариуцлагын алдаа гаргавал хүлээх хариуцлага нь мөн ойлгомжтой байдаг. Японд ийм асуудал боллоо гэхэд сайд нь гарч ирээд ард түмнээсээ уучлал гуйгаад огцорч байна. Манайд тэгэхгүй сандал ширээтэйгээ зууралдаж байна гэж иргэд ихээхэн шүүмжилдэг. Гэтэл Япон улс өөрөө төрийн болон төрийн өндөр албан тушаалд ажиллах хүн ёс зүйн алдаа гаргавал хариуцлага хүлээдэг хуультай байгаа юм. Тэр дагуу бүх зүйл нь маш тодорхой, иргэдэд ил, тэдний нүдэн дээр бүх үйл ажиллагаа явж байна гэсэн үг юм.
-Сонгон шалгаруулалтыг хийх тусдаа бүтэц, байгууллага бий болох уу. Эсвэл Төрийн албаны зөвлөл тэр ажлыг хариуцах уу?
-Төрийн албаны зөвлөлийн дэргэд есөн гишүүнтэй Төрийн албан хаагчийн Ёс зүйн хороо ажиллана. Төрийн албаны зөвлөлийн дарга байна, үлдсэн найман гишүүний гурвыг УИХ, мөн гурвыг нь Засгийн газар, ТАЗ-ийн дарга ороод нэмж хоёр гишүүн санал болгож томилно. Хуулийн төсөл дээр ийм байдлаар ороод явж байгаа. Энэ Ёс зүйн хороо цаашид аймгийн түвшинд ямар байх вэ гээд асуудал яригдаад явна. Хуулийн төсөл эцэслэгдэж өргөн баригдах хүртэл асуудлыг нарийвчлан ярьж ажлын хэсэг дээр нэгдсэн байдлаар шийдээд явна.
Төрийн албанд өнөөдрийн байдлаар 1100 орчим төрийн байгууллага ёс зүйн зөвлөл ажиллуулж байна. Гэтэл тэд өөрсдөө яаж ажиллах, ямар зарчимтай байх тухайд дүрэм, журам нь тодорхойгүй, гаргасан шийдвэр нь эргэж мэдээлэхдээ олон нийт, хэвлэл мэдээлэлд хаалттай байдаг ч юм уу, иймэрхүү байдалтай байгаа. Үүнийг хуулиар тодорхой болгосон. Төрийн албаны зөвлөл жилдээ нэг сонгон шалгаруулалт зарлаад, хэдэн хууль асуугаад шалгаруулдаг байдлыг халж байгаа. Энэ нь нээлттэй бөгөөд зарчим босго нь өндөр болно. Гэхдээ илүү өргөн далайцтай хүрээнд сонгон шалгаруулалтыг хийнэ. Тухайлбал, тухайн байгуулага өөрт хэрэгтэй байгаа хүнээ шилж олж ирэх нь, түүний дараа олж ирсэн 10 юм уу 100 хүнээсээ сонгон шалгаруулалт хийж шилдэг сайныг нь ажил албандаа томилдог, сонгодог ийм зарчмыг хуулиар бий болгож, зохицуулж өгч байгаа юм.
Ёс зүйн зөвлөл байгуулах асуудал хууль батлагдсаны дараа тодорхой болж ирж байгаа. Зөвхөн ажиллах зарчим бус иргэний гомдол ирлээ гэхэд хэрхэн хянаж шалгах вэ, нотлогдвол ямар арга хэмжээ авах вэ, арга хэмжээ аваад ямар хариуцлага хүлээлгэх вэ, уучлал гуйхаас өгсүүлээд өөрөө ажлаа хүлээлгэж өгөх, огцрох бүх асуудал тодорхой болно.
Мөн төрийн албанд томилж байгаа эрх бүхий албан тушаалтанд тэрийг нь хүргүүлж зөвлөмж өгдөг болж байгаа. Тухайн албан хаагч ийм алдаа гаргажээ, ийм зүйлүүд дээр хариуцлага алдсан байна, тиймээс энэ хуулийн дагуу ийм хариуцлага хүлээнэ. Хуулийн дагуу үүнийгээ хэрэгжүүлнэ үү гэсэн зөвлөмж хүргүүлнэ. Ийм маш тодорхой стандартуудыг тусгасан хууль бий болж байна. Хоёр хуулийн төслөөр ирэх сард нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Хуульчид, төрийн бус байгууллага, иргэдийн нээлттэй хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр нээлттэй зохион байгуулна. УИХ-ын намрын чуулганаар өргөн баригдаж хэлэлцэгдээд явна.
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бадрал · 2021/08/26
Сулиор. хэдэн жил ингэж хуцав. Хоосон хуцалт
Зочин · 2021/08/26
Зочин · 2021/08/26
эхнэртээ гар хүрдэг хүн ёс зүй ярих ямр байдаг юм болдоо
zochin · 2021/08/26
odoo boli hichneen turiin albanii huuli batlaad deerdej bga ym bgaa ym uu hen ym haanaas ch ym neg suraggui sda g dargaar shuud tomilno. MERIT zarchim heregjdeg ym uu