Монголыг маань хоёр төрлийн хорт хавдар мөхөөх нь, сөнөөх нь! Цөөхөн Монголчуудын 6 мянга нь жил бүр хорт хавдраар өвчилж, 4 мянга нь хорт хавдрын хүндрэлээр жил бүр хорвоог орхиж байна.

Элгийг гэмтээдэг, хөнөөдөг вирусуудтай эртхэн тэмцэх ухаан Эрүүлийг хамгаалах яамны бодлого болтлоо ингэж их удсаны гол, үндсэн шалтгаан нь хэн, юу байсан юм бэ? Эмч нар уу?, Эрх барьж байсан намууд уу? Эрүүлийг хамгаалах яамны сайдаар 2024 онд архины үйлдвэрийн эзэн юм уу, эсвэл тамхины үйлдвэрийн эзнийг тавиад үзвэл яадаг бол?...

 

Нөгөө хорт хавдар нь Төрийн Ордонд үүсэж үржсэн шуналын вирусаас үүдэлтэй Авилга! Энэ вирусын халдвар мөн ч түргэн, мөн ч өргөн тархлаа. Одоо бүр цэрэг цагдаа, шүүх, прокурорын хяналт, эсэргүүцэлд дасаж, дархлаа сууж, эмчилгээгүй болчихлоо.

 

“Шинэ хүчтэй антибиотик” олж эс чадвал Монгол мөн л мөхөх нь!

Авилгатай тэмцэх ажлыг өөр юунаас ч илүү их ашигтай бизнес болгоод үзвэл яадаг бол? 500 сая төгрөгний авилга илчилсэн хүнд 20 хувь нь болох 100 сая төгрөгийг бэлнээр нь өгье л дөө. Хоёр том авилга илчилбэл “доктор” цол, дөрвөн том авилга илчилбэл “академич” цол олгосон ч яадаг юм. Иймэрхүү хэмжээний мөнгөн урамшуулал аваад юу ч бүтээхгүй нас эцэслэдэг доктор, академич байдаг л шүү дээ. Тэгвэл авилгын эсрэг тэмцэх ажлын доктор, академич хаа очиж нийгэмдээ илүү тустай даг шүү!

Мөнгө, цол, одон гурвыг хөшүүрэг болгох аваас хөдлөх хүн ч олдох дог шүү!

 

Энэ нь миний зүүдэнд төрсөн санаа болох тул намайг биш зүүдийг надад илгээсэн тэр хүчийг шоолох буюу магтацгаагаарай. Ингэж хариуцлагаас мултрахгүй бол зарим уншигч үнэнийг өгүүлсний минь төлөө намайг яллах гээд байх болов…

Авилга хэмээх хорт хавдрын вирус, хүндрэл цааш цаашдаа нийгмийн хяналтаас гарч Монголыг мафийн сүлжээ (дотоодын олон харийн олигархиудын) дарангуйлан захирдаг болж ч мэднэ. Мөнхүү вирус, халдвар нь эрх баригч хоёр намын “толгойг залгиж” бас мэднэ. 1917 оны Орос орон дахь мэт пролетарийн социалист маягийн хувьсгалд ч хөтлөн хүргэж мэднэ...

 

Яана даа! Яана! Жирийн олон түмэн, эмэгтэйчүүд, хүүхдүүд минь! Та нарыгаа л өрөвдөх юм даа!

 

Судлаач, профессор Д.Чулуунжав