Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлээд удаагүй байна.

М.Энхсайхан нь “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү М.Чаминцэцэг болон түүний хүү О.Амарсайхан нарын “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байсан “Тоёота Лексус 570” автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч, улсад  хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай гэж үзэн, дөрвөн жил хорих ялаар шийтгэгдээд байсан юм.

Улс төрийн болоод хуульчдын хүрээнд түүнийг хэлмэгдсэн хэмээн үздэг.

 

М.Энхсайхан уучлалаар суллагдсанаасаа хойш богино хугацаанд амарч, улмаар ажилдаа орсон байна. Тодруулбал өнгөрсөн Баасан гарагт “Төслийн эдийн засаг” сэдэвт олон улсын хуралд илтгэл тавьсан юм.

Тэрээр цаашид нийгэм, эдийн засаг, улс төрийн чиглэлээр соён гэгээрүүлэх ажил хийхээр төлөвлөж буй аж.

Мөн түүнтэй М.Тулгат даргатай гэх АН-ын удирдлагууд хэд хэдэн удаа уулзаж, Ардчилсан Намд гишүүнээр элсэн, намын тодорхой сонгуульт албан тушаалд очихыг хүссэн ч М.Энхсайхан тодорхой хариу өгөөгүй гэнэ.

Дашрамд дурьдахад М.Энхсайхан нь 2006 онд АН-аас "хөөгдөн", улмаар Ж.Наранцацралт, Б.Цогтгэрэл, М.Сономпил нартай хамтран Үндэсний Шинэ Намыг үүсгэн байгуулж байсан юм.

 

С.Сарнай